Монголтой хамтран ажиллах нь дорно зүг чиглэсэн Оросын бодлогын чухал сэжим

527-1419387825be2bf2574ea8fc93a37ed368f2efa7ef_L

МОСКВА. /riss.ru/. Олон улс-улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд ОХУ дорно зүгт итгэлтэйгээр эргэх болов. Энд Оросын зүүн бүс нутгуудын асар их боломжит баялгийг харгалзан үзвэл Ази болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай хамтран ажиллах нь манай орны эдийн засаг, аюулгүй байдлын хувьд стратегийн чухал ач холбогдолтой.

Үүний сацуу Азийн том, жижиг орнуудын өмнө Өрнөдийн орнуудын олон арван жилийн турш амжилттай ашиглаж ирсэн Оростой тогтоосон харилцааны давуу талыг ашиглах боломж ихээхэн өргөжиж байна. Ялангуяа Хятад үүнийг маш түргэн ойлгож, нөхцөл байдлыг шийдвэртэйгээр ашигласан.

Оросын байгалийн хийг Хятадад 30 жилийн хугацаанд нийлүүлэх 400 тэрбум долларын Орос, Хятадын хэлэлцээрт 2014 оны тавдугаар сард Бээжин хотод гарын үсэг зурсан билээ. Үйлдвэрлэл болон шинжлэх ухааны судалгааны янз бүрийн салбарт хамтран ажиллах хэдэн арван гэрээнд Орос, Хятадын эрх баригчид энэ оны 9-11 дүгээр сарын хооронд гарын үсэг зурсан юм.

Хоёр орны хоорондын бараа эргэлт 2020 он гэхэд доод тал нь 200 тэрбум доллар болно. Оросын эсрэг хориг арга хэмжээг дэмжээгүй Энэтхэг, Өмнөд Солонгос, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн хэд хэдэн оронтой харилцан ашигтай хамтран ажиллах таатай нөхцөл бүрэлдэж байна.

Бусад орон, түүний дотор Монгол улс ОХУ-тай иж бүрэн хамтын ажиллагаа идэвхжүүлснээр зөвхөн ашигтай байх  болно. Энэ чиглэлээр урагшлахад чухал ач холбогдолтой баримт бичиг нь улсаас жил тутам 100-110 тэрбум  долларын  санхүүжилт хийж байх “Алс Дорнод болон Байгалын бүс нутгийн нийгэм-эдийн засгийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр” болж болно.

Орос болон түүний өрнөдийн хөршүүдийн хоорондын харилцааны хөгжлийн өнөөгийн шатны онцлог нь Оросын олон компани, томоохон хөрөнгө оруулагчдын дорно руу чиглэсэн үйл ажиллагааг аажмаар чухалчлахад тус дөхөм болохоор байна.  Энэ бол эрчим хүч, тээвэр-ложистикийн дэд бүтцийн талаар төдийгүй бас нисэх хүчин, сансар судлал зэрэг өндөр технологи бүхий салбаруудын шугамаар харилцан ажиллах тухай асуудал юм.

Монгол дахь Оросын ашиг сонирхол нь мэдээжээр стратегийн учир холбогдолтой. Энэ оронд гарч буй аливаа чухал өөрчлөлт нь нийт Зүүн Хойд Ази дахь өөрчлөлтийн нэг адил онцгой анхаарч, зохих ёсоор тусган авахыг Оросоос ямагт шаардаж ирсэн, шаардаж ч байгааг өнгөрсөн ба эдүгээ цаг үнэмшилтэй харуулж байна.

Ийм учраас  Орос-Монголын харилцаа нь Оросын гадаад бодлогын дорнын чиглэл дэх зүй ёсны, чухал бүрэлдэхүүн хэсэг билээ. Үүнийг улс орныхоо улс төр, эдийн засгийн хөгжлийг зүүн зүгийн бүс нутгуудынхаа бололцоо, давуу талуудад тулгуурлан бэхжүүлэх чиг баримжаа бүхий ОХУ-ын гадаад бодлогын үзэл баримтлалд онцлон тэмдэглэсэн байдаг юм. Энэ оны есдүгээр сард Оросын Ерөнхийлөгч В.В.Путиныг Монголд айлчлах үеэр мөн энэ тухай ярьсан.

Өнөөдрийн Монгол Улсыг бид хэрхэн үзэж байна вэ? Энэ бол хосгүй түүхтэй,  өнө эртний үүсэлтэй өвөрмөц соёлтой улс билээ. Монгол нь Ази тивдээ геостратеги, геополитикийн туйлын чухал байрлал эзлэн оршино. Тус орны дотоод улс төрийн одоогийн өрнүүн үйл явдлуудад Монголын төрт ёсны ардчилсан үндсүүдийг бэхжүүлэх, улс орныхоо аж ахуй-эдийн засгийг өөд татах зохистой арга зам эрж сүвэгчлэх, дэлхийн олон оронтой бүрэн төгс харилцааг хөгжүүлэх үйл явц болж байна.

Тус орон байгаль-түүхий эдийн үлэмж нөөцтэй билээ. Тухайлбал, 162,3 тэрбум тонн нүүрс, 45 сая тонн зэс /цаашид үлэмж нэмэгдэх төлөвтэй/, 75 сая тонн уран, 119 сая тонн нефтийн нөөцтэй. Жил бүрийн эдийн засгийн өсөлтийн хурдац 10 хувьтай тэнцэнэ. Зарим мэдээгээр бол  2013 онд 17,5 хувь байжээ.  Өнгөрсөн онд /2013/ Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 11,4 тэрбум доллар болжээ. Ашигт малтмалын томоохон орд газруудыг ашиглах төлөвлөгөө нь зохих ёсоор зохион байгуулж, хэрэгжүүлбэл тус улсын нийт бүтээгдэхүүний хэмжээг мэдэгдэхүйц өсгөж, эдийн засгийн өсөлтийн хурдцыг нэмэгдүүлэх бололцоо олгоно.

Үүний зэрэгцээ Орос-Монголын эдийн засгийн харилцааны тухай ярихдаа энэ харилцаа манай хоёр орны чадамж,  орчин үеийн ертөнц дэх Орос, Монголын харилцааны стратегийн ач холбогдолд сайтар нийцэхээргүй тийм түвшинд байгааг тэмдэглэхээс аргагүй юм. Тухайлбал, Монголын гадаад худалдаанд Оросын эзлэх хувь 2010 онд 18,4 хувь /Хятадын эзлэх хувь 56,2 хувь/, 2011 онд 15 хувь байв.

Ингэхдээ Монголын экспортод Оросын эзлэх хувь 2010 онд 2,8 хувь байлаа. /Хятадынх 84,7 хувь/. Манай хоёр орны хоорондын бараа эргэлт  гол төлөв Оросоос нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүн, машины үйлдвэрийн бүтээгдэхүүн  багассаны улмаас бас буурч байна /хоёр талын худалдааны нийт хэмжээний 60 хувийг эзэлнэ/. 2013 онд бараа эргэлт 15,8 хувиар буюу 1,62 тэрбум доллар хүртэл буурав.

2014 оны эхний хагас жилд нэмээд 13,1 хувиар буурчээ.  Хэрэв 2010 онд  Монгол Улсын Оросоос импортолдог бүтээгдэхүүний хэмжээ 32,7 хувь байсан бол /Хятадын бүтээгдэхүүний импорт 30,3 хувь/ одоо Монголын Хятадаас импортолдог бараа таваарын хэмжээ Оросоос импортолдгоос давжээ. Оросын Ерөнхийлөгчийн туслах Ю.В.Ушаковын хэлснээр, “Монголын гадаад худалдаанд Орос улс Хятадын дараа хоёрдугаарт ордог боловч сүүлийн үед худалдаа-эдийн засгийн хүрээний хамтын ажиллагаа дэндүү алгуур, тэр ч байтугай зарим зохисгүй хандлагатайгаар хөгжиж  байна”.

Өнөөдөр Оросоос Монголд нийлүүлж буй бараа таваарын нэр төрөл тун хязгаарлагдмал хэвээр, гол төлөв нефть, нефтийн бүтээгдэхүүн байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд 2020 он гэхэд улс орны нефтийн бүтээгдэхүүний хэрэглээг гол төлөв өөрийн нөөцөөр хангахаар заасныг харгалзан үзвэл Орос-Монголын худалдаанд нефть хоёр талын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх гол нөөц байхаа болино гэж үзэж болно.

Бий болсон нөхцөл байдалд яах хэрэгтэй вэ? Хэрэв улс төрийн зориг гаргавал худалдаа-эдийн засгийн харилцаан дахь зохисгүй хандлагуудыг арилгах, зохион байгуулалт-удирдлагын зохистой шийдвэр гаргах, хоёр талд бизнес эрхлэх тааламжтай нөхцөл бүрэлдүүлэх чадавхтай хэвээр байна гэж Оросын шинжээчид тэмдэглэж байна. Энэхүү чадавх дараах боломжуудаас бүрдэж байна.

Өнөөдөр Орос улс Монголын хэрэгцээт нефть, нефтийн бүтээгдэхүүний 92 хувийг нийлүүлж байна /Роснефть/, “Оросын төмөр замууд” компани Улаанбаатар төмөр замын хувьцааны 50 хувийг, мөн Уулын баяжуулах “Эрдэнэт” компани, “Монголросцветмет” хамтарсан үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байна. Энэ бүхэн нь урагш хөдлөх муугүй үндсийг  бүрэлдүүлж байгаа юм. Юуны өмнө дээр дурдсан Оросын бизнесийн томоохон бүтцүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх нь хоёр талын эдийн засгийн үзүүлэлтүүдийн ерөнхий  байдалд нааштайгаар нөлөөлж, худалдаа-эдийн засаг, үйлдвэрлэл-хоршооллын хүрээний хамтын ажиллагааны бололцоог нэмэгдүүлэх нэмэлт боломж бүрдүүлж болох юм. Манай түншүүд шийдвэр гаргахдаа улс орны үндэсний эрх ашгийг иш үндэс болгох тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг удирдлага болгохдоо  Монголд “Оросын төмөр замууд” компанийг татан оролцуулж шинэ төмөр зам тавих төсөл хэрэгжүүлэхэд илүү анхааралтай хандаж, зүүн хойд чиглэлд шинэ төмөр зам стратегийн чухал ач холбогдолтойг анхааралдаа авмаар байгаа юм.

Цаашилбал, Монгол Улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 30 орчим хувийг гадаадаас авдаг. Оросын хүнсний бүтээгдэхүүн тус оронд эрэлт ихтэй байдгийг харгалзан Орос улс хүнсний бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлэх боломжтой билээ. Үүний үр дүнд Монгол Улс хойд хөрштэйгөө бүс нутаг хоорондын  хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нэмэлт суваг нээгдэнэ. Үүнийг бас Монголын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан байдаг билээ.

Монгол Улс ажлаа зохих ёсоор зохион байгуулбал Оросын хувьд мах, малын чухал экспортлогч болж болно. Энэ нь АНУ хийгээд Европын Холбооноос Орост хүнсний барааны импортод хориг тавьсан байгаа нөхцөлд манай орны хувьд чухал зүйл мөн.

Манай хоёр орон Орос, Монголын аль алиных нь нутагт аялал жуулчлалын бизнес хөгжүүлэх талаар ч багагүй бололцоотой билээ. Энд хоёр орны иргэд амарч, сувилуулахад тохиромжтой байгалиас заяасан хосгүй газрууд олон бий. Хоёр орны иргэд 2014 оны 11 дүгээр сараас эхлэн визгүй зорчих болсон нь Орос, Монголын хоорондын ажил хэргийн холбоо, бүх талын хэлхээ холбоо, түүний дотор соёл, боловсрол, аялал жуулчлалын харилцааг гүнзгийрүүлэхэд ач тустай байх болно.

“Хөршийн бодлогыг” тэнцвэржүүлэх, Улаанбаатар-Москва, Улаанбаатар-Бээжингийн харилцааг тэнцвэртэй болгохын тулд Оростой хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг Монгол Улс өөрөө эрмэлзэх болсон нь багагүй чухал юм. Зөвлөлтийн үеийн хамтын ажиллагаа, хоёр орны ард түмэн бие биеэ харилцан хүндэтгэж, дэмжиж байсан тухай сайхан дурсамж Монголын нийгэмд одоо болтол хэвээр байгаа нь маш чухал, туйлын ашигтай эд билээ.

Монгол Улс өөрийн аюулгүй байдлыг хангах асуудалд хандаж, Орос, Хятад, “гурав дахь хөрштэй” харилцахдаа “олон тулгуурт бодлого”, “зөөлрүүлэн тэнцвэржүүлэх” стратеги гэдгийг баримталж байна. “Гурав дахь” хөршийн тухайд Монголтой харилцаагаа хөгжүүлэх АНУ, НАТО-гийн сонирхол санаандгүй “сэрсэн” гэж бид үзэхгүй байна. Ингэж ойртохын жинхэнэ зорилго нь АНУ-ын дэлхий нийтийг хамарсан тодорхой эрмэлзэл, түүний дотор Монголын гол хоёр хөрш-Орос, Хятадын талаарх Вашингтоны төлөвлөгөөнөөс ангид бус бололтой. Үүнтэй уялдан  “гурав дахь хөршөөс Хятад эсвэл, Оросын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулсан тохиолдолд  Улаанбаатар “гурав дахь хөрш”-д хандах хандлагаа өөрчилж, ойрын хөршүүдийнхээ талд орох талаарх Монголын шинжээчдийн санал анхаарал татаж байна. Бидний үзэж байгаагаар, бүрэлдэж буй нөхцөл байдалд энэ оны есдүгээр сард Душанбед Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр болсон гурван талын уулзалт /В.В.Путин, Си Зиньпин, Ц.Элбэгдорж/ зарим утгаар үүнийг харуулсан утгатай болов. Иймэрхүү хэлбэрийн хамтын ажиллагаа цаашид өөрийн үргэлжлэл, хөгжилтэй байх нь чухал юм.

Ийнхүү Оросын өмнө тулгарч байгаа нарийн түвэгтэй, олон талт цогц зорилтыг шийдвэрлэхэд Монгол Улстай хийж буй харилцаа хоёрдугаар зэргийн ач холбогдолтой зүйл огт биш ээ. Сибирь, Алс Дорнодыг өөд татан хөгжүүлэх зорилт манай орны дотоод бололцоог дайчилж, эдгээр бүс нутгийг Хятадын зүүн хойд нутагтай холбон хөгжүүлэхийг төдийгүй бас Оросын бүс нутгийн чухал түнш –Монгол Улстай нягт харилцан ажиллахыг шаардаж байна. Энэ чиглэлд хоёр талын хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулах нь хоёр талын аль алиных нь хувьд стратегийн чухал зорилт мөн.

Бидний үзэж буйгаар, улс хоорондын харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хэтийн төлөв нь Монгол Улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Евразийн эдийн засгийн холбоо, Торгоны замын эдийн засгийн бүс, “Талын зам” гэх зэрэг олон улсын эдийн засгийн төслүүдэд Монгол Улсын оролцох шинж чанар, хэмжээний асуудлыг бас тэргүүн зэрэгт дэвшүүлэн гаргаж байна.

Орос-Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс  Монгол Улсын “гурав дахь хөршийн үзэл баримтлал, түүний мөн чанар, агуулга, хөгжүүлэх хэтийн төлөв Оросын хувьд судалгааны болон практикийн сонирхолтой нь гарцаагүй билээ. Ялангуяа энэ үзэл баримтлалын “Бүс нутаг дахь АНУ-ын үүргийг” нааштайгаар үнэлэх тухай, тэрчлэн НАТО-гийн “Монголтой ганцаарчлан түншилж, хамтран ажиллах тухай хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай зүйл сонирхол татаж байна гэж Оросын Стратегийн судалгааны хүрээлэнгийн нэгдүгээр орлогч захирал, түүхийн ухааны доктор Константин Анатольевич Кокарев бичжээ.

Д.Жаргал

Эх сурвалж:
montsame.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих