С.Баярын үлдээсэн өв
Ерөнхий сайд асан С.Баяраас Монголын ард түмэнд зориулж асар их өв үлдээсэн нь цаг хугацаа өнгөрөх тусам тодорхой болох юм. Ямар гээчийн гай барцдаас амьдрал нь доройтож, төр засаг нь эх адаггүй бужигнан тэмцэлдэж, тусгаар тогтнол нь ганхаж байгаагийн учрыг үл олох эгэл түмэн хөөрхий. Аргаа барахдаа халаасан дахь сүүлчийнхээ мөнгөөр талх биш хадаг авч байгаа ард түмэн тэнэг биш ээ. Түүний тулга тойрсон залийг илчилж Монголын төрд юу өвлүүлсэнийг дурдах цаг болсон мэт санагдана. Одоогоор тэр бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн амыг барьж өөрийг нь шүүмжилдэг сэтгүүлчдэд “номхтгох цамц” өмсүүлэхийг зорьж байгаа ч үнэнээс зугтаж чадна гэж үү. Ингээд С.Баярын үлдээсэн өвийг гурван цуврал нийтлэлээр дурдая.
Сонгууль ба долдугаар сарын 1
Тэр намын дарга бөгөөд Ерөнхий сайд болохдоо УИХ-ын сонгуульд намаа заавал ялуулна гэж ам алдсан. МАХН-ын дарга байж Ерөнхий сайдаараа үлдье гэвэл сонгуульд санал хулгайлаад ч хамаагүй ялах ёстой байлаа. Ингээд УИХ-ын 2008 оны сонгуулийг будилуулах акцыг зохион байгуулав. Хувь заяаны шоглоомоор Сонгуулийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан Б.Баттулга түүний хийсэн бантанг зуурах ёстой болов. Нам юу гэж хэлнэ түүнийг нь үг дуугүй биелүүлэх үүрэгтэй тул С.Баярын командаас зөрөх гарц түүнд байхгүй. Ингээд сонгуулийг будилуулж төрийн эрхийг хулгайн замаар МАХН-д шилжүүллээ. Ард түмэн тэнэг биш болохоор сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөнгүй. МАХН-ын дарангуйлалд байхыг хүсээгүй иргэдийн хорсол тэсэрч тэдний цагаан байрыг галдан шатаав. Гагцхүү үүнийг л хүлээж байсан мэт С.Баяр эмх замбараагүй байдлыг тараахыг хүссэнгүй. Улам өдөөж үйл явдлыг хяналтнаас гарахыг хүлээсэн юм. Үгүй гэж хэлэх эрх түүнд байхгүй. Хэвлэл мэдээллийн ачаар Монголын ард түмэн юу болж байгааг улс даяар харсан шүү дээ. Ингээд онц байдал тогтоож таван хүний амь үрэгдлээ. Хүмүүс айж чичирч байсан тэр мөчид С.Баяр шатсан байшингийнхаа өмнө зогсож байгаад залбирч харагдав. Хүн алагдчихаад байхад цочоогүй хэрнээ нурсан байшингийн балгасанд Монгол Улсын Ерөнхий сайд залбирч байсан нь олон хүний зүрхийг шархуулсан юм… Таван хүний амь насыг зольж хэдэн зуун залуусыг шоронд илгээж байж МАХН-ыг сонгуульд ялуулсан “гавьяа” үнэхээр С.Баярынх. Дараа нь тэр гэрчээ дуугүй болгохын тулд СЕХ-ны дарга Баттулгыг Эрдэнэтийн боловсон хүчнээр томилж өгөөд асуудлыг намжаахыг зорьсон. Энэ үйл явдал түүний Ерөнхий сайдын албан тушаалаас зугтах нэгэн шалтгаан болсон юм.
Банк ба эдийн засгийн хямрал
Ерөнхий сайдын албан тушаалд суугаад байж болохооргүй бас нэг шалтгаан төдхөн тодорхой боллоо. Тэр нь банкны дампуурал байлаа. Өөрөө дампуурлын эхлэлийг тавьчихсан хэдий ч түүнийг байхад л банк дампуурч болохгүй байсан юм. “Анод” банкны гүйцэтгэх захирал байсан Д.Энхтөр түүнд Монголын банк санхүүгийн байдал доройтож буйг сануулаад Засгийн газраас авах ёстой 40 тэрбум төгрөгөө авъя гэж захидал бичсэнийх нь төлөө шоронд хорьж банкных нь үйл ажиллагааг сааруулж орхисон. Ингэхр болсон шалтгаан нь оросууд манайхаас дахин нэг банк авах сонирхлоо түүнд илэрхийлсэнтэй холбоотой байж болох юм.Ингээд Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан А.Батсүхэд үүрэг өгсөн боловч тэрбээр татгалзлаа. С.Баяр түүнд нигүүлсэнгүй хандаж өөрөөр нь огцрох өргөдөл бичүүлэв. Төв банкны Ерөнхийлөгчийг УИХ-ын дарга санал болгодог хуультай ч Д.Дэмбэрэлийн мэддэг юм гэж юу байхав дээ. Ингээд А.Батсүх алга болж Д.Пүрэвдорж томилогдов. Яг нөгөө СЕХ-ны дарга үүрг,ээ гүйцэтгээд огцордог шиг жүжиг тайзнаа дахин давтагдах нь тэр. Улмаар дахин нэг банк дампууруулах шаардлага байлаа. Тэр нь “Зоос” болж таарав. Гэхдээ үүнээс хойшхи үйл явдлыг өрнүүлэхэд С.Баяр өөрөө Ерөнхий сайдаар байх нь халгаатай байсан юм. Тиймээс өөрийнхөө эхлүүлсэн лай ланчгийг үүрэх хүнийг сонгох хэрэгтэй болсон юм. Тэр нь Сү.Батболд байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг албан тушаалыг хаших аз таарсан ч өөрийнхөө багыг бүрдүүлж итгэл үнэмшлээрээ ажил хийх боломжийг түүнд олгосонгүй. Одоо Монгол улс эдийн засагч, дипломатч мэргэжилтэй Ерөнхий сайдтай боловч эдийн засгийн хувьд шуурганд уруудсан мал шиг яваа нь Сү.Батболдод эрх мэдэл байхгүйтэй холбоотой байх. Гадаад харилцааны сайдаараа нэгдлийн эдийн засагч томилсон нь ч энэ хардлагыг улам лавшируулж өгдөг. С.Баяр түүнд албан тушаалаа хүлээлгэн өгсөн тэр цаг мөчөөс С.Баярын хийсэн гай бүхнийг нуруун дээрээ үүрнэ гэдгийг Сү.Батболд тооцоогүй л болов уу. Шинэ Ерөнхий сайд томилогдсон цагаас хойш дандаа үл бүтэх үйл явдлууд Монголын нийгэмд өрнөлөө. Банк дампуурлаа. Хүүхдийн мөнгө байхгүй болов. Төмөр зам тойрсон хэрүүл улсын наадмын дайтай дуулиан болов. Нэгэнт оросуудад өгнө гээд шийдчихсэн замыг Х.Баттулга сайд зүтгүүлэхгүй гээд хаачихав. Тэр С.Баярын томилсон сайд болохоос биш Сү.Батболдын томилсон хүн биш шүү дээ. Тийм болохоор дуртай дургүй ч С.Баярын санаархлыг эцсийн цэг хүртэл нь дайруулах үүрэг Х.Баттулгад ногдсон хэрэг. Тэгсэн атлаа С.Баяр “Энержи ресрурс”-т Ухаа худагаас “Гашуун сухайт” хүртэл төмөр зам тавих тусгай эрхийг хоёр жилийн өмнө өгчихсөн байвал яахав. Үүний балгаар одоо Засгийн газар ч, “Энержи ресурс” ч эвгүй байдалд орчихоод хэрэлдэхээс үл хэтэрнэ. Яг л хусмаа чамалсан хүүхэд хумсаа мэрэхтэй адил. Тэд ил гаргаж хэлэхээс зүрхшээж байгаа ч дотроо ганц л хүнийг зүхэж байгаа. Тэр бол С.Баяраас өөр хэн ч биш. Огцорсон Ерөнхий сайдаас айна гэж юу байхав гэж бодож болох ч С.Баярын нөлөө, С.Баярын сүүдэр, С.Баярын дарангуйлал Монголын төрөөс өчүүхэн ч холдоогүй гэдгийг бүгд мэдэж байгаад л хэргийн учир байна. Өөрөө огцорчихоод дараагийн Ерөнхий сайдаа, Засгийн газраа бүр УИХ-тай, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй нь “базчихаад” Америкт тэнэж явдаг тэр үнэхээр том юм аа…
Үргэлжлэл бий
Нийтлэлч: Мөнхбаясгалан
Эх сурвалж: http://munkhbayasgalan.niitlelch.mn/content/1247.shtml
URL: