Аймшгийн тоонууд
Хэдхэн хоногийн дараа шинэ жил болж, 2015 он айлчлан ирэх гэж байна. Тэгвэл шувтарч байгаа 2014 онд чухам юу болоод өнгөрсөн талаар салбар байгууллагууд нь өөр өөрсдийн статистик тоо баримтыг гаргадаг. Тэр дундаа ЦЕГ-аас гаргасан тоо баримтуудыг онцолж үзэж байгаа юм. Доор дурдагдах тоонуудыг харахад, монголчууд бид олуулаа болохоосоо илүүтэй цөөрөөд байгаа юм уу гэж бодохоор. Үндсэндээ аймшгийн гэж болохоор тоо баримтууд 2014 оны сүүлчээр гарч эхэллээ.
Нэг их олон талаас нь хараад, дүгнээд байх шаардлагагүйгээр зүгээр л хэдэн тоо тавихад өөрийн эрхгүй айдас төрөхөөр байна. Тухайлбал, энэ оны эхний 12 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25766 хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгажээ.
Зөвхөн илрүүлэн шалгасан нь энэ шүү дээ. Үүний цаана хэдэн хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг хэлж мэдэхгүй. За тэгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам, тээврийн осол гаргасан 909 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж 138 хүн зам, тээврийн ослоор нас барсан байна. Одоо зөвхөн том оврын автобустай холбоотой тоо баримт дурьдая. Энэ онд л гэхэд нийтийн тээврийн автобуснууд 350 орчим осол хийж, найман хүнийг дайрч, амь насыг нь хохироожээ. Нийтийн тээврийн автобусны жолооч нар хүнээ авах гэж уралдаж, уралцаж давхиж явдаг байдал одоог хүртэл алга болоогүй байна. Жолооч нарыг мэргэшүулэх асуудлыг амаа цангатал ярьдаг ч ажил болж байгаа юм алга. Одоо сэдвээ өөрчлөөд, хүүхэдтэй холбоотой “аймшгийн” тоо баримт руу оръё.
Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлд энэ оны эхний 11 сарын байдлаар бүртгэгдсэн 550 гэмт хэрэгт 570 хүүхэд холбогдсон байгаа юм.Улмаар гэмт хэргийн улмаас 867 хүүхэд хохирчээ. Эдгээрийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг 9.8 хувиар, холбогдогч 5.4 хувиар хохирогч 5.9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ. Авто замын ачаалал нэмэгдэж, хүн амын төвлөрөл ихсэхийн хэрээр зам тээврийн осол буурахгуй байна.
Он гарсаар эхний 10 сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 888 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Ослын улмаас найман хүүхэд амь насаа алдаж, бусад нь гэмтэл авсан байна. Зам тээврийн осолд өртсөн нийт хүүхдүүдийн 542 нь эрэгтэй, 361 нь эмэгтэй хүүхэд байгаа юм. Насны онцлогоор нь аваад үзвэл 8-14 насныхан 423, 0-7 насны 372, 15-18 насны 108 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Дээр дурдагдсан тоо баримтуудыг төрөлжүүлэхэд ийм байгаа юм. Тэгвэл одоо нийт зам тээврийн ослыг аваад үзье. Улсын хэмжээнд 2014 оны эхний арван сарын байдлаар тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1167 үйлдэгдэж, үүний улмаас бодит тоо баримтаар 569 хүн нас барсан байна. Зам тээврийн гэмт хэргийн бараг 50 хувь нь үхэлд хүргэж байна гэсэн үг. Цаашлаад золгүй байдлаар нас барагсдын тоо ч өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн байгаа юм.
Гэхдээ зам тээврийн ослоор нас барж байгаа хүмүүсийг золгүй байдлаар гэдэг ангилалд оруулж тооцно. Ингээд бодохоор монголчууд бид ердөө л замын хөдөлгөөнд соёлтой оролцдоггүй, хурд хэтрүүлдэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддогоосоо болоод жилдээ хэдэн мянгаараа бурханы оронд заларч байна. Яах вэ, бусдын амь насыг хохироосон, өвлийн хүйтэнд хөлдөж нас барсан, барилгын осол зэрэг дээр нь золгүй байдлаар нас барагсдын тоо нэмэгдэх байх. Гэхдээ л зам тээврийн осол ямар хэмжээнд хүрч, аюулын харанга дэлдэж, аймшгийн тоо баримт дагуулж байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй байх. Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед бүр ч илүү анхаарах цаг болж.
Н.Пунцагболд
URL: