Бохирдсоор суух уу?
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хөрс, ус, агаар ихээхэн бохирдож байгаа билээ. Бохирдлыг хотын даац хэтэрч, хэтэрхий олон хүн амьдарч байгаатай холбон тайлбарлах нь ч бий. Хүн амыг өөр хотуудад шилжин суурьшууллаа гээд бохирдлын асуудал мөн л адил гарч ирэх тул анхнаасаа л нэгдмэл системтейгээр хөрс, ус, агаараа цэвэршүүлэх хэрэгтэй байна.
Хөрсний бохирдлыг энгийнээр тодорхойлбол, хүний үйл ажиллагааны улмаас хөрсөнд янз бүрийн органик болон органик бус бодис шингэж, агууламж нь ургамал болон амьд организмд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд хүрч, хуримтлагдах явцыг хэлдэг. Хөдөө орон нутгаас хот суурин газарт шилжих хөдөлгөөн ихсэж, хүн амын тоо өсөж байгаа нь хатуу хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх асуудалд тооцоолоогүй ачааллыг нэмж, гэр хорооллын айлуудын ил бие засах газар, бохир ус, үнс хог хаягдлаа ил задгай хаяж буйгаас газрын хөрс улам бүр л бохирдсоор байна. Хөрс бохирдож байгаа хэдий ч цэвэршүүлэх чадварынхаа ачаар хорт бодисыг багасдаг. Гэвч сүүлийн жилүүдэд хөрсний цэвэрших чадвар огцом багассан байна. Нийслэлийн хөрсөн дэхь судалгааг 1990 оноос хойш хийсэн байдаг ч дорвитой авсан арга хэмжээ байхгүй юм. Энэ онд Нийслэлийн мэргэжлийн хяналтаас есөн дүүргийн 54 цэгээс хөрсний бохирдлын 100 дээж авч нян судлала, хими, хүнд металлын шинжилгээ хийжээ. Нян судлалын үзүүлэлтээр 16 хувь нь IV зэргийн буюу их бохирдолтой ангилалд шилжсэн байна. Мөн хөрсөнд хүнд металлын шинжилгээ хийхэд хар тугалга болон кадмийн агууламж өмнөх жилийнхээс 3.5 дахин нэмэгдсэн байна. Маш хортой хүнд металлд тооцогддог хар тугалга нь хүний оюун ухаан, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг ажээ.
Төр хотын төвийн гудамж талбайг цэвэрлэх, ногоон байгууламж барих ажилд санаа тавьдаг ч гэр хорооллын айлуудын хог хаягдал, бохир усыг хүмүүстэй нь хамт мартчихдаг. Ганц жилийн настай гоё сайхан цэцэг жил бүр “тарьж” байхаар хог хаягдлаа нэг тийш нь цэгцлэх хэрэгтэй л юмсан.
Хөрсний бохирдол нь гадаргын ус болоод гүний усанд нөлөөлж цаашлаад агаарт тоосонцор хэлбэрээр дэгддэг. Гэр хорооллын айлуудын бие засах газар, бохир усны нүх стандартад нийцэхгүй байсаар байна. Бие засах газар, бохирын нүхэндээ тусгаарлагч хийж, дараа нь зориулалтын сорогч машинаар бохирыг соруулах ёстой байдаг ч хүмүүс нүхэндээ тусгаарлагч хийдэггүй, мөн сорогч машин нь хүрэлцээтэй байдаггүй. Байдаг хэдэн сорогч машин нь сорсон бохироо төв цэвэрлэх байгууламж руу нийлдэг байна. Ер нь нийслэлийн бүх үйлдвэр, орон сууцны бохир ус энэ байгууламжид ирж цэвэршдэг. Төв цэвэрлэх байгууламж нь цэвэршүүлсэн усаа Туул гол руу цутгадаг.
Тус байгууламжийн үйл ажиллагаа доголдолд орсон учир “цэвэршүүлсэн” бохир усыг Туул голд шууд цутгаж байгаа юм. Төв цэвэрлэх байгууламжийг анх механик болон биологийн цэвэрлэгээ хийх зориулалтаар барьсан байна. Механик цэвэрлэгээ нь бохирын 170 км шугамаар ирж байгаа хатуу том хог хаягдлыг ялгаж авдаг. Энгийнээр хэлэхэд усны бохирыг шүүдэг байна. Цаашлаад биологийн цэвэрлэгээгээр бичил бактери ашиглаж усан дахь хорт бодисыг хоргүйжүүлдэг. Гэтэл бичил бактериуд хортой бодисыг устгах нь бүү хэл өөрсдөө устдаг болжээ. Бохироор ирж буй ус химийн хэт их хортой болсноос бичил бактериуд тэдгээрийг устгаж чадалгүй үхдэг байна. Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн “Одоогийн байдлаар төв цэвэрлэх байгууламж маань архаг хууч өвчтэй хүн болсон байна” хэмээн хэлж байсан юм. Яагаад гэвэл тус байгууламжийн үндсэн болон туслах төхөөрөмж, шугам хоолой, хаалт, арматурууд хуучирч зэвэрч, ерөнхийдөө цэвэрлэх байгууламж маань “үеэ өнгөрөөжээ”. Шинэ төв цэвэрлэх байгууламж барих ажил яригдаж байгаа хэдий ч үр дүн гараагүй л байна. Шинэ байгууламж барих 50 га газар нь бэлэн байгаа аж. Энэ жил нийслэлийн төсвөөс зургаан тэрбум төгрөгийг байгууламжийг шинэчлэх, зураг төсөл, ТЭЗҮ боловсруулахөөр тусгажээ. Япон, Франц улсаас шинэ байгууламжийг зээлээр барьж өгөх санал ч ирсэн байна.
Энэ оны гуравдугаар сард нийслэлийн засаг дарга бөгөөд хотын захирагч Э.Бат-Үүл шинээр барих цэвэрлэх байгууламжийн зураг төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргасан юм. Гэхдээ хэзээ цэвэрлэх байгууламжтай болох вэ? гэдгийг хэн ч мэдэхгүй байна. Тэр болтол Туул гол руугаа бохир ус цутгасаар байх уу? Хэрвээ нийслэл хот маань бохирдлоо дийлэхгүй болчихвол гадаадад гараад амьдарчихна эсвэл хөдөө явчихна гэж хүний сэтгэлээр боддоггүй бол энэ Монголчууд бидний зайлшгүй санаа зовох ёстой асуудал юм. Бид эрүүл амьдрах эрх төрөөс нэхэж, байгаль орчноо хамгаалах үүргээ ч биелүүлэх ёстой. Гудамжинд ил задгай хог хаяхгүй байж, дэлхийн стандартад төрийн тусламжгүйгээр шилжих хэрэгтэй. Төрөөс хараат байж чадахгүй юм аа гэхэд шаарддаг байя.
МУИС-ын Олон улсын сэтгүүл зүйн III-р курсийн оюутан Э.Отгонтуяа
URL: