90 настай МАН есхөн хоногтой МАХН хэмээх нялх “амьтан”-аас юундаа айгаад байгаа юм бэ
Коммунистуудын үлдэгдлүүд гэх шинэ нэр томъёотой болоод буй МАХН-аас олон хүн айж байгаа бололтой. Ер нь МАХН-аас бус Н.Энхбаяраас айгаад байгаа бололтой юм. Монголын улс төрийг унших юмтай, бичих сэдэвтэй болгож байгаа нь тэр яах аргагүй мөн л дөө. Гэхдээ тэгж их айж ичээд, сандарч балмагдаад байх юмгүй л санагдах юм. Энэ нам, Энхбаяр хоёроос МАН-ынхан л айж цэрвээд барьц алдах шахаад байгааг харахаар хөх инээд хүрээд байна. 90 настай ах нам ес хоноо ч үгүй байгаа нэг муу нялх хүүхдээс юундаа айгаад байгаа юм бол. Ёстой лай л байна. Энэ улсын 90 жилийн түүх, сайн муу, алдаа оноо бүгдийг үүрч дүүрч ирчихээд энд тэндхийн шаар наманцраас айж ширвэдэг яршиг л байна. Н.Энхбаяр яахав, цагтаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд яваа л биз.
Одоо тэр “сул хүн”. Түүнд боломж бололцоо олгохгүй л бол хэн ч биш, юу ч биш хэвээрээ байсаар л байна. АН ч тэр, МАН ч тэр МАХН-д нүүр өгөхгүй, тоож тэр зүг өрөөсөн нүдээрээ харахгүй байвал болоо биш үү. Н.Энхбаярыг эс тооцвол энэ намд ээрч мөөрөөд, эргэж мөргөөд байх хүн бараг л үгүй, одоохондоо.
МАХН-ыг тоож дуугарахгүй гэж МАН-ын удирдлагууд ам андгай тавиад байсан санагдана. Одоо ч бас энэ нам манайд хамаагүй, шал өөр шинэ нам гээд мэдэгдээд байгаа биз дээ. Тэгвэл айхын хэрэг юун. Хамаагүй юмыг хамаатуулах гээд байх нь тэрүүгээр явсан гайг үүгээр дуудна гэдэг шиг л юм болно биз дээ.
Хүмүүс бичиж байна. 2012 оны сонгуульд МАХН, МАН хоёр ана мана үзэлцэнэ гэнэ. МАН нь төрийн аппаратаар далайлгах бол, МАХН нь галзуу улаан фанатуудаасаа дэмжлэг авна гэнэ. Хоёулаа Монголын 90 жилийн түүхийг өмчилж пиардана гэнэ. Эдний дундаас АН од шүүрэх гэнэ. үүнээс л МАН-ын дарга нар айж үхэх гээд байгаа гэнэ. үнэний ортой ч сонгуулийн үеэр ингэж талцах нь юу л бол. МАХН МАН-тай ч юм уу, МАХН АН-тай нэгдвэл юу болох бол. Улс төрийн амьдрал буцалж байна, үнэн. Анхнаасаа МАН-ынхан ганц үсэг өмчилж, асуудлыг хурцатгаж олны анхаарлыг Н.Энхбаярын зүг хандуулж, талбай дээр зураг хөргийг нь дэвсэлж, залуучуудаа турхирч хорыг нь малтах хэрэггүй л байсан байхгүй юу.
Н.Энхбаяр МАХН гэдэг дөрвөн үсгийг бараг л өөрийн болгочихлоо. Цэцийн дээр ганцхан хөх тэнгэр л бий гэдэгт гүнээ итгэсэн МАН-ынханд Дээд шүүх гэж бас нэг юм байдаг юм шүү гэдгийг хуудуутай боловч хатуу анхааруулчихсан. Дээд шүүхийнхэн “но”-той шийдвэр гаргасан гэж байна. МАХН гэдэг нам нэгэнт бий болчихлоо.
Одоо харин эдний хүчийг зузаатгахгүйн тулд МАН-ын удирдлагуудад толгойгоо ажиллуулах шаардлага тулгараад байна. Н.Энхбаярт хайртай хэдэн муу санаатай нөхөд МАН-д бий. Тэд Н.Энхбаярыг намын нэрээ авч хүчирхэгжихийг хүлээн нойргүй хонож байгаа. Ирэх оны сонгуульд МАН-аас нэр дэвших боломж бололцоо олдохгүй бол МАХН руу урвах санаатай гишүүн ганц хоёроор тогтохгүй бий гэдгийг бодолцох ёстой.
URL: