Төрийн түшээд цайвар өнгийн дээлээр гоёлоо

Туурга тусгаар улсаа дэлхий дахинд зарласан улсынхаа их баяр наадмаар төрийн гурван өндөрлөг цайвар өнгийн дээлээр гоёж, наадамчин олны нүдийг “хужирлалаа”. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наадмын эхний өдөр том улаан шүрэн товчтой, шаргал өнгийн дээл, мөн өнгөтэй өнгө дагуу дөрвөн талтай малгай өмссөн бол хоёр дахь өдөр нь гоёлоо сольж, ноолууран бор шаргал өнгөтэй дээл болгов. Дээлийнхээ өнгөтэй ижилсүүлээд шляпан малгай өмсч, намба заав. Харин тэргүүн хатагтай Х.Болормаа номин ногоон өнгийн торгоор урласан дээлээр гоёсон нь тун ч чамбай зохисон гоёл болж, олны нүднээ буув.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл наадмын эхний өдөр цайвар цэнхэр өнгийн торгон дээлтэй наадамласан бол хоёр дахь өдөр нь бор өнгө болгож, өөрчлөв. Дээлийн өнгөтэйгээ зохицуулаад бор хүрээтэй, шаргал өнгийн шляпан малгай өмслөө.  Гэргий н.Долгорсүрэн нь наадмын эхний өдөр цагаан өнгийн,  хоёр дахь өдөр нь улаан торгон өнгийн дээлээр гоёж үдэш болголоо.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд саарал өнгийн даавуун дээл, мөн өнгөтэй шлюпан малгайгаар гангарсан бол гэргий Х.Отгонтуяа нь мэдрэмж зааж, ижил өнгийн дээл өмсч, наадамчин олны харааг булаасан юм.

Хэдэн жилийн өмнө төрийн түшээд торго голдуу материалаар дээлээ урлуулдаг байсан бол хоёр жилийн өмнөөс эхлүүлээд аль болох даруухан өнгө, тэр дундаа сайн чанарын даавуу материалаар хийсэн дээл өмсөхийг илүүд үзэх болсон билээ. Хоёр жилийн өмнөх моод өнөө ч байр сууриа алдаагүй байна.

Г.Дарь


URL:

Сэтгэгдэл бичих