Цахилгааны инженер мэргэжилтэй Ц.Цолмон Батлан хамгаалахын салбарыг удирдаж байна
-ХЭНИЙГ КОМАНДЛАХ ГЭЖ ТҮҮНИЙГ САЙД БОЛГОВ-
Шийдлийн Засгийн газарт “давхар дээл”-тэй нэлээд хэдэн сайд бий. Түүний нэг нь УИХ-ын гишүүн, МАХН-ын парламент хариуцсан дэд дарга Ц.Цолмон билээ. Тэрээр Батлан хамгаалахын сайдаар томилогдоод удаагүй. Энэ Засгийн газрыг мэргэжлийн болон “дан дээл”-тэй байлгах шаардлагыг Ерөнхийлөгчөөс эхлээд ард түмэн тавьж байсан. Гэвч Ц.Цолмонгоос эхлээд энэ шалгуурт тэнцэхгүй сайд олон бий. МАХН-ын дарга Н.Энхбаяр удаан хугацааны дараа эх орондоо ирэхдээ улс төрийг бужигнуулж, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулчихаад явсан гэхэд хилсдэхгүй. Тэрээр намын дэд дарга Л.Цогийг зэмлэж, оронд нь Ц.Цолмонг түлхэж, дэд даргын суудалдаа суулгачихаад буцсан. Тэр ч бүү хэл сайд нарын нэрс яригдах үед Ц.Цолмонгийн нэрийг Солонгосоос дэвшүүлж байсан гэх. Уг нь МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг намынхан нь сайдад зүтгүүлэх бодолтой байсан ч намын дарга нь Ц.Цолмонг үүрэгдсэн учраас яалт ч үгүй сайдад нэр дэвшүүлжээ.
Ц.Цолмон ямар мэргэжлийн хүн бэ гэдгийг намтраас нь харж болно. Тэрээр 1976 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, 1982 онд Намын дээд сургууль, 1987 онд Москвагийн Дипломатын академийг тус тус төгссөн, цахилгааны инженер мэргэжилтэй. Ажиллаж байсан он цагуудыг нь харвал 1976-1977 онд Махконсервын комбинатад цахилгааны инженер, 1977-1980 онд Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яаманд инженер, 1982-1984 онд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хороонд хэлтсийн эрхлэгч, 1987-1990 онд Гадаад явдлын яаманд хэлтсийн орлогч даргаар ажиллаж байжээ. Өнгөрсөн цаг хугацаанд тэрээр цахилгааны инженер мэргэжлээрээ ажиллаж байснаас Батлан хамгаалахын салбарт ажиллаж байсан өдөр хоног нэгээхэн ч үгүй юм байна.
Түүнчлэн 1990-1992 онд Хөдөлмөрийн сайд, 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдон ажиллаж байсан бөгөөд 1992-1994 онд ЮНЕСКО-ийн Үндэсний комисст Ерөнхий нарийн бичгийн дарга, 1995-1996 онд Болгар улсад Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд, 1996-2000 онд Оросын Холбооны Улсад Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдын албыг тус тус хашиж байжээ.
Ц.Цолмонг сайдаар томилохоор хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Батлан хамгаалах салбар бол мэргэжлийн салбар. Та ганцаараа очоод ганцаараа буцна шүү. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс бүгд мэргэжлийнх” гэж онцолж байсан. Харин тэрээр “Батлан хамгаалах бол миний хувьд шинэ салбар биш” хэмээсэн юм. Учир нь тэрээр Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байснаа батлан хамгаалахын салбарыг судалсан, сайн мэддэг гэж боддог бололтой. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа батлан хамгаалах салбартайгаа танилцаж, эндэхийн ажил амьдралыг мэдэрсэн гэдгийг сэтгүүлчдэд хэлж байсан юм. Гэвч Батлан хамгаалахын салбар бол Монгол Улсын хамгийн чухал, улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалдаг хариуцлагатай салбар.
Мэргэжлийн бус цахилгааны инженер хүн энэ хариуцлагатай салбарыг удирдаж байгаа нь харамсалтай.
Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зэвсэгт хүчний ерөнхий командлагчын үүрэг гүйцэтгэдэг. Батлан хамгаалах салбарын сайдыг томилоход Н.Энхбаяр Солонгосоос Ц.Цолмонг нэр дэвшүүлж, намын тохироо хийсэн нь утгагүй санагдах. Уг нь улс эх орноо бодсон бол Батлан хамгаалахын салбарт мэргэжлийн хүн томилсон бол Ч.Сайханбилэгийн Засгийн газар илүү сайхан харагдах байлаа. Үг хэлэх амархан ч үйлдлээрээ харуулах нь хэцүү. Хэнээр хэнийг командлуулах гэж Ц.Цолмонг сайдаар сонгосон юм бэ…
Ж.МАРАЛ /MEDEE.MN/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
SONIN
Эдгээр хүмүүс яав ч эрүүл биш