“Газар бол улсын үндэс” буюу хүчирхэг Хүннү улс

11f5ecef-a12a-43e2-883f-4b4e0af1f9edМанай эриний өмнөх 209 онд тал талаасаа хавчигдан шахагдсан Хүннү улсын шаньюйн суудалд Модун /Маодунь хятад сурвалжид ийн бичигдэж/ гарч иржээ. Тэрбээр эцэг Түмэн шаньюйг хөнөөн уг сууринд заларчээ.

Хүннү хүчирхэг байсан цаг дурсамж болсон шахуу үед Модуныг шаньюйн суудалд суусаныг сонсоод дорнод Ху нар улс төрийн дарамт үзүүлж эхэлжээ. Тэр тухайд тухайн үеийн эртний Хятадын Хан улсын түүхч Сыма Цяний “Ши жи” /Түүхийн тэмдэглэл/-дээ ийн өгүүлсэн байдаг.

“Маодунь ширээнд суух үед дорнод Ху нар хүчирхэг болон мандаж байв.

Эцгийгээ алаад Маодунь ширээнд суусныг дуулаад тэд Маодуньд элчин ирүүлэн Түмэн шаньюйд байсан мянган газрын гүйдэлтэй хүлэг морийг нь авъя гэж гуйхад түшмэдтэйгээ эелдэхэд: “Мянган газрын гүйдэлтэй хүлэг бол Хүннүгийн эрдэнэ, өгч болохгүй” гэж тэд цөм хэлжээ.

“Хөрш орноосоо нэг морь харамлаад, айлсан тогтнож болох гэж үү?” гээд Маодунь өдөрт мянган газрын гүйдэлтэй морио дорнод Ху нарт өгчээ.

Жаахан азнаж байгаад дорнод Ху нар Маодунь айж байна гэж бодоод элчин ирүүлэн шаньюйн нэг яньчжиг авъя гэж хэлүүлэхэд мөн л шадар хүмүүстэйгээ эелдэхэд: “Дорнод Ху нар найрсаг ёс мэдэхгүй болохоор яньчжийг авах гэж байна. Тэднийг довтлогтун” гэж хилэгнэн хэлэхэд Маодунь : “Хөрш орноосоо нэг эм хүн харамлаад айлсан тогтнож болох гэж үү?” гээд хайртай яньчжигаа дорнод Ху нарт өгчээ.

Дорнод Ху нарын эзэн улам бардамнан, өрнөд талдаа байгаа нутгийг эзлэн эхэлжээ. Тэдний хооронд хүн нутагладаггүй 1000 гаруй газар эзэнгүй нутаг байсан, тэд түүний хоёр хажуугаар оуто (хилийн хэрмийг нэрлэх үг) болон нутаглана.

Дорнод Ху нараас элчин ирж: “Танай, манай хоёрын хил болох оутогийн цаад талд эзэнгүй нутаг байна. Та нар түүнд хүршгүй, бид авъя” гэж хэлэхэд Маодунь түшмэдээсээ хэрхэхийг асуухад, зарим нь: “Тэр бол эзгүй нутаг, өгч ч болно, өгөхгүй байж ч болно” гэхэд Маодунь маш хилэгнэн: “Газар бол улсын үндэс мөн, яахин өгч болно” гээд, өг гэсэн түшмэдийн толгойг аваад, мориндоо мордон, татлагад хожимдогсдын толгойг авна гэж тушаагаад, дорно зүг хөдлөн, дорнод Ху нарыг гэнэт довтолжээ.

Дорнод Ху нар Маодунийг басамжлан, бэлтгэлгүй байв. Маодунь цэрэг толгойлон довтлон очиж, ихээр цохин, дорнод Ху нарын ванг алаад, тэдний хүмүүс, мал хөрөнгийг олзлон авчээ” хэмээжээ.

79b3352c-58b5-4639-b330-da27551695ef.JPG

Цагаан хэрэмнээс урагш дээл малгайтны… хойш нум баригчдын нутаг бүлгээ

Модун дорнод Ху нарыг бут цохиж, эрхшээлдээ оруулах үед Юэчжи нар Хүннүгийн баруун талд орших Үсүнь улс руу довтолж, бут цохиход тус улсын ван Хүннүгийн нутагт зугатан оржээ. Юэчжи нар түүнийг хөөсөөр Хүннүгийн нутагт цөмрөн орж, Үсүньчүүдтэй тулалдаж эхэлжээ.

Модун үүнийг сонсоод шууд баруун зүгт аян дайн хийж, Юэчжи нарыг бут цохин Хүннүгийн нутгаас гаргасан бөгөөд цааш довтолж, Юэчжи нарт алдсан Хүннүгийн Алтайн нуруу хүртэл нутгийг эргүүлэн авч, Юэчжийн зарим нутгийг ч эзлэн авчээ. Модун ийнхүү хүчирхэгжиж урьд нь Цинь улсад алдсан Хүннүгийн харъяаны Ордос нутгийг эргүүлэн авав.

МЭӨ 200 онд Хүннүг дайлаар мордсон Хань улсын Гаоди хааныг 320 мянган цэрэгтэй нь Байдэн цайзад, Модун шаньюй 40 мянган морин цэргээр, долоон хоног бүслэн хаасанд, Хань улсын хаан арга буюу ялагдсанаа хүлээж, Хүннү улстай найрамдлын гэрээ байгуулж.

Энэ гэрээгээр Хань улс, Хүннүг өөртэйгээ эн чацуу улс гэдгийг хүлээн зөвшөөрч, улсын хилийг Цагаан хэрмээр тогтоожээ.

Энэ тухай мөнөөх Сыма Цянь, “Модунаас эхлэн Хүннү хамгийн хүчирхэг том болж, умар зүгийн харь угсаатныг цөмийг захирч, өмнө зүг Хань улстай мөр зэрэгцэх улс болсон” хэмээн бичжээ. “Ши цзи”-д бичихдээ: “Лю бан хуандий зарлигтаа, Цагаан хэрэмнээс хойших нум агсагчдын улс нь шаньюйн зарлиг дагаж, Цагаан хэрэмнээс урагших түшмэдийн бүс, малгай өмсөгчид суудаг орон нь харин над захирагдана… Хань улс, Хүннү улс хоёр бол мөр зэрэгцэх, хүчирхэг хөрш улсууд юм” хэмээгээд, хааны угсааны гүнжийг шаньюйд хатан болгон өгч, жил бүр тухайлсан хэмжээний торго, торгон бараа, дарс, тутарга, хүнсний зүйл бэлэглэх болсноо илтгэж байжээ. Энэ гэрээг түүхэнд “энх ургийн гэрээ” гэдэг.

Эсгий туургат нум татагчдыг нэгтгэсэн Хүннү эзэнт улс

Үүнээс Хүннү, Хань улсуудын хил Цагаан хэрмээр тогтсон нь тодорхой байдаг билээ. Хань улсыг Хүннү улсын хараат болгосны дараа Модун баруун зүгт анхаарах боллоо. Түүний учир нь Юэчжи нар Хүннүд ялагдсан ялагдлынхаа хариуг авахаар дараагийн дайнд шаргуу бэлтгэж байв.

Тиймээс Модун Юэчжи нартай хийх дайнд бэлтгэж, тэдний зүгт тагнуул, туршуулуудыг илгээж, байдлыг тандуулахаас гадна Юэчжи нарын Хань улстай холбоотон болох оролдлогыг тухай бүрт нь таслан зогсоож байлаа.

Энэ үед Хань улсын дотоодод бослого дэгдэж, Хань Син бослогыг толгойлж байв. Модун Хань Синийг дэмжиж, түүний бие даасан байдлыг Хань улсад хүчээр тулган зөвшөөрүүлэв. Энэ үед Юэчжи нар Хүннү улсын эсрэг дайтаж эхэлсэн тул Модун баруун зүгт Юэчжи нарын эсрэг дайнд оржээ.

Хань Синий бослого улам эрч хүчээ авч, Хань улсыг мөхлийн ирмэг дээр хүргэсэн тул Хань улс Хүннүгийн эсрэг дайтахыг зүрхэлсэнгүй. МЭӨ 178 онд Лю Бан нас барж, түүний бэлэвсэн хатан Лю Хоу төрийн эрхийг атгав.

Лю Хоу хатан Хүннү улсын анхаарал баруун зүгт төвлөрснийг ашиглаж, Хань Синийг хэлэлцээр хийе хэмээн нийслэлдээ хуурч авч ирээд амийг нь хороожээ. Энэ үед Хүннүгийн баруун сянь ван Хань улс руу довтолж, хилийн мужийг нь түйвээж дээрэмдээд буцжээ.

Модун үүнийг сонсоод баруун сянь ванг баруун зүгт Юэчжи нарын эсрэг дайнд явуулж, шийтгээд тэр даруй Хань улсад элч илгээж, хоёр улсын найрамдлын гэрээг зөрчсөн баруун сянь ванг баруун зүг рүү илгээж, Юэчжи нарын эсрэг дайнд мордуулснаа мэдэгдээд хоёр улсын найрамдлыг хэвээр байлгахыг хүссэн байна.

Хань улсын Лю Хоу хатан Хүннүгийн эсрэг дайтах бодолтой байсан боловч Хүннү улсын цэргийн хүчнээс эмээж, Модуны хүсэлтийг хүлээн авав. Хүннү улсын Юэчжи нартай хийсэн дайн эцэст нь ялалтаар дуусаж, Юэчжи нарыг Тэнгэр уул хүртэл түрж, Канцзюй, Ферган хавийн 96 хот улсуудыг эрхэндээ оруулж, тэднээс албан татвар авах болов.

Энэ аян дайны тухай “Ши цзи” зохиолд: “Хүннү өрнө зүгт Кангха (Канцзюй), Фергана (Давань) хавийн орнуудаас алба авч, өмнө зүг Цян нартай харилцаж байна… Баруун газрын орнууд цөм доройтон унаж, Хүннүгийн эрхшээлд оров. Хүннү олон орныг эзлэн улам хүчирхэг боллоо.” хэмээн өгүүлжээ.

МЭӨ 174 онд Модун шаньюй Хань улсад илгээсэн захидалдаа: “Баруун сянь ванг шийтгэж баруун зүг Юэчжи нарын эсрэг явуулав. Тэнгэрийн ивээлээр цэрэг, дарга нарын лагшин тунгалаг, агт морь тарган тул надад Юэчжи нарыг устган буулгаж авах завшаан олдов. Би Лоуфань, Үсүнь, Хүзе болон тэдний 26 эзэмшлийг номхотгоод, бүгд Хүннүд дагаар оров. Ийнхүү нум татагч бүх ард түмэн нэгэн гэр бүл болов.” хэмээжээ.

Хожмын Их Монгол улсыг үндэслэгч Чингис хаан энэхүү нум татагчид гэгдэж байсан эсгий туургатныг дахин нэг бүлд хураан хуримтлуулсан билээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих