Мобикомоос “Нэр төрийн баталгаа” авсан хэрэглэгчид ээлжит хохирлоо амслаа

Мобиком орон даяар нэг сая 200 мянган хэрэглэгчийг байлдан дагуулж, нэр төрийн баталгаа өгч, өндөр үнэтэй бас

чанартай үйлчилгээ хүргэдэг гэсэн имиж тогтоохоор 15 жил хичээсэн ч нэг л үр дүнгийн ханамж нэмэгдэхгүй байна. Харин ч зарим талаараа нэр төрийг хугалагч болон хувирч байна. Өчигдөр буюу 2011 оны 7-р сарын 9-ний өдрийн 15 цагийн орчмоос эхлэн Мобикомын 9911…, 9900… гэхчлэн дараа төлбөрт зарим хэрэглэгчид рүү холбогдох огт боломжгүй болов. Ямар учиртайг 2222-оос лавлатал миний байршил болоод нөгөө хүний байршлыг тогтоогоод шалгаж үзэх гэнэ. Ямар ч байсан эргээд хариу өгнө гээд 2 цаг таг болов. Энэ байдал үргэлжилсээр оройн 20 цагийн үед дуудлага хадгалах үйлчилгээнд гэмтэл гарснаас уг үйлчилгээг авдаг утсаа салгасан хэрэглэгчид орчноос бүрэн тасарсан болохыг Мобикомоос өгсөн хариунаас мэдэв. Нарийн ширийнийг нь мэдэхгүй ч ямар ч байсан өчигдөр Мобикомд гэмтэл гарч хэсэг бүлэг хэрэглэгчдийн эрх ашиг хохирсон нь үнэн болж таарав. Баяр наадам дөхсөн, уулзаа болзоо тогтоох, баяр наадмын ажил хэрэг гээд олон асуудал тулгарсан үед нь үндэсний монополь оператор жинхэнэ чанараа таниуллаа. Хүсээгүй байхад өмд гутал, дотуур хувцас рекламдсан мессэж илгээж, эсвэл Мобикомынхоо нэмэлт үйлчилгээг зай завсаргүйгээр мессэждэн танилцуулдаг тус  корпораци ноцтой алдаа гаргачихаад юу ч болоогүй юм шиг өнгөрөх нь. Яагаад тэр нэмэлт үйлчилгээгээ сурталчилсан мессэж шигээ уучлалт биш юмаа гэхэд учир шалтгааны гаргалгаа хийсэн ганц өгүүлбэр илгээчихэж болохгүй байгааг гайхаад баршгүй нь. Тэгсэн хэрнээ хэрэгтэй хүнтэйгээ холбогдож чадахаа больсон тухайгаа хэлсэн хэрэглэгчийг даапаалж байгаа юм шиг танд үйлчилсэн операторыг үнэлсэн мессэж илгээхийг шаардсан, хариу нэхсэн мессэж ирж байгаа юм. Тус корпорацийн захирал нь нэгэн ярилцлагадаа дээд зэргийн ёс зүйтэй компани гэдгээ гайхаад сүйд байсан нь ийм л ёс зүйг хэлээд байдаг бололтой юм. Ямар ч байсан Мобиком хэрэглэгчийнхээ эрх ашгийг өөрсдийнхөө бизнесийн эрх ашгаас ямагт доогуур тавьж байдаг нь тодорхой байна. Тиймээс ч баяр наадмаар иймэрхүү асуудал гарахгүй гэхийн 100 хувийн баталгаа байхгүй учир эрхэм та нэгийг бодох нь зүй хэрэг байх. Юутай ч хэрэглэгч түмэн минь харилцаа холбоо тасралгүй нэр төртэй сайхан наадах болтугай гэж хүсье.

Э.Болор


URL:

Сэтгэгдэл бичих