Ерөнхий сайдаа тэр цомхотголооо дэд сайд нараасаа эхэл
УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлж дууслаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат “ Таны хэлсэн үг таалагдлаа. Гэхдээ энэ ярьсан хэлсэнээ ажил хэрэг болгоорой. Та хямрал болсон гэж хэллээ. Мөн таны ярьж, хэлж байгаатай чинь нэг зүйл таарахгүй байна. Та төрийн албан хаагч нарыг цомхтгоно гэлээ. Тэгсэн хэрнээ Засгийн газар 19 сайд, 17 дэд сайдтай болчихлоо. Үүнийгээ тайлбарлаач. Засгийн газар ямар үлгэр дуурайлал үзүүлээд байна аа” гэсэн юм. Үүнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “ Одоо ямар хямрал болж байна гэдэг талаарх маргаан өрнөж байна. Гэхдээ Засгийн газар энэ бүх маргаанаас хол байж үйл ажиллагаан дээрээ төвлөрөх чухал гэж бодож байна. Ер нь бидэнд төлбөрийг тэнцлийн хямралд орсон. Үүнээс үүдэлтэй санхүүгийн хямрал болоход ойрхон байна. Тиймээс энэ бүхнээс урьдчилан сэргийлж, авах ёстой арга хэмжээгээ яаралтай авах хэрэгтэй байна” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “ Ерөнхий сайд шал худлаа төсвөө засна гэж хэллээ. Танай Засгийн газрын өргөн мэдүүлсэн шал худлаа төслийг УИХ баталсан. Нэг их наяд төгрөгөөр төсвийн орлого нь тасарч байхад төсвийн орлогыг 43 тэрбум төгрөгөөр нэмнэ гэж оруулж ирээд л батлуулсан. Мөн та Төрийн албан хаагчдыг 15 хувиар цомтгоно гэж зарлалаа. Үүнийгээ та дэд сайдуудаасаа эхэл. Та Ардын намтай 15 дэд сайдтай байна гэж тохирчихоод 17 болгосон. Тэгэхээр та хоёр дэд сайдаа хасчих. Нэг яаманд хоёр дэд сайд хэрэггүй. Ардын намтайгаа байгуулсан гэрээнийхээ дагуу ажлаа явуул. Хэрвээ Засгийн эрхийг барьж байгаа Ардын намтай хамтарч хэлэлцсэн зүйл дээрээ тохирохгүй бол танд ер нь хэн итгэх юм бэ. Хөрөнгө оруулагчид хэлсэн ярьсандаа хүрдэг, хийдэг хүнд л итгэдэг. Ардын намтай тохирсон зүйлээ ба, бэ-гүй биелүүл. Тэр хоёр дэд сайдаасаа цомхтголоо эхэл. Түүний дараа Төрийн энгийн албан хаагч нараа орно биз” гэлээ.
Д.Анар
URL: