Хэний ямар гээч баяр вэ?

3/эсрэгцэл, эргэцүүлэл/

“Цэцэг шиг дэлгэрч ороод харгана шиг дэлбэрч гарч ирэхийг бодоход шинэ жилийн цэнгүүн бололтой”, “Шинэ жилийн уур амьсгал орж ТҮК-ийнхэн  үүр цүүрээр хөлдүү бөөлжис цэвэрлээд эхэлчихэж”… Иймэрхүү утгатай мэдээ цахимаар нисээд л. Юу юугүй он солигдох нь ээ. Хүслийн шинэ жил ээ гэж…

Хиймэл үсэн бамбаруушны баг өмсгөл 755 000 төгрөг, Mickey mouse-ны өмсгөл бас 755 000 төгрөг, дугардаг бүжиглэдэг санта өвөө 200 000, дугардаггүй санта өвөө 35 000, саатай жижиг гацуур 65 000, саатай цаа буга нэг ширхэг нь 117 000, чарга ширхэг нь мөн 117 000, 1 чаргатай 6 ширхэг саатай буга 1 сая 200 мянган төгрөг…

Зар тавиад байгаа юм биш шүү. Гуравхан хоногийн өмнө орсон энгийн л нэг дэлгүүрийн нэмж хасаагүй, зохиогоогүй үнэн ханш л энэ. Гацуур модны тоглоом чимэглэл, саа, охид бүсгүйчүүдийн даашинз зүүлт, үсний гоёл гэх мэт зүйлсийг энд тоочоогүй. Ер нь бол шинэ жилийн зардлыг санхүүгийн тайланд тусгаад байгаа ч юм биш ээ.

Өндөр нам, өнгө үзэмж, үйлдвэрлэсэн улс, борлуулж байгаа “лангууныхаа зиндаа”-наас хамаарч 35 мянгаас – 1 сая хүртэлх төгрөгний “ханш зааж” гацуур модыг “од” болгосон Зул сар, шинэ жилийн баярын үүслийг л дурдах гэсэн юм. Гудамжны хүүхдээс авхуулаад төрийн өндөрлөг, тэр байтугай гандангийн лам нар нь ч хүртэл хөл алдан байж тэмдэглээд байх баяр чухамдаа энэ мөн гэж үү?

ГАЦУУРЫН ЗИНДАА…

Христмас хэний баяр вэ? Наад захын хүүхэд ч энэ асуултанд христчин хүмүүсийн баяр гэж амархан гэгч нь хариулах биз. Харин мундаг номлогчид нь Христийн мэндэлсэн өдөр гэж цэцэрхэх байх даа.

Хүн төрөлхтөнд шинэ эринийг эхлүүлж, тэнгэрийн Бурхан хүн болж ирснийг дурсах баяр юм бол хүн төрөлхтөн бүгд өөрсдийгөө даруу болгож, туйлын сүсэг бишрэлээр, чимээгүйхэн тэмдэглэх ёстой баяр байх ёстой биш үү?

Гэтэл христийн шашинтай улс гүрнүүд, буддын шашинтай манай орон ч хүртэл хүн бүр, цэнгэлд автан, ухаанаа алдан хөлчүүрхэж тэмдэглэдэг нь энэ баярын үнэн төрх байх аа?

Дэлхийн түүхийг тэр чигт нь зөгнөл болгон өөртөө багтаасан, шинжлэх ухааны хөгжил хүртэл үнэний ном гэдгийг нь баталсан Библи гэгч сударт Христмас баярын талаар үнэндээ нэг үг өгүүлбэр ч байдаггүй юм байна. Хүн төрөлхтөнийг аврахаар ирсэн Есүс Бурхан хүний урманд энэ баярын талаар дурдаагүй байхыг бодоход авралын төлөө сүсэглэх христчингүүдийн хувьд харин ч бүр тэмдэглэж болохгүй баяр байсан бололтой. Христмас баяр итгэгчдийн авралд жаахан ч гэсэн хамаатай байсан бол Библид заавал тэмдэглэж үлдээх байсан болов уу.

Христмас баярын үүслийн талаар английн нэвтэрхий тольд нарны бурханы мэндэлсэн өдөр төдийхнөөр тэмдэглэсэн аж. Өөрөөр хэлбэл Есүсийн мэндэлсэн өдөр биш байх нь. Харин нарыг бурханаа болгон шүтдэг байсан Ромчуудаас үүсэлтэй гэнэ.  МЭ-ий 354 онд Ром улсад анх тэмдэглэж эхэлжээ. Эртний Ром улс  12 сард сатурналиа / Saturnalia/, сигилаллиа / Sigillalia/ , брумалиа / Brumalia/ хэмээх гурван баярыг тэмдэглэдэг байж. Сатурналиа баяраар баян ядуугүй тасарч унатлаа архи ууж, зугаацан цэнгэж бэлэг өгч авалцдаг байжээ. Харин сигилаллиа баяраар жаахан хүүхдүүдэд хүүхэлдэй бэлэглэдэг байж. Харин брумалиа баяр нь өвлийн туйл буюу хамгийн богино өдөр гэж тэмдэглэдэг байж.

Христмас баяр ба шинэ жилийн баяр нь нар шүтдэг, мод шүтдэг шашны зан үйлээс үүсэлтэй гэж зарим эх сурвалжид дурдсан байна.

“За энэ ч яахав. Үүсэлгүй баяр гэж хэрхэн байх билээ. Ромоос үүсээ л биз” ингэж бодоод өнгөрч болох ч Ром улс ингэхэд ямар улс билээ дээ. Дэлхийн түүхнээ Ром шиг харгис хэрцгий улс байгаагүй гэдэг. Арван улс болж задран хуваагдсан ч гурван улс нь устаж мөхсөн. Гэхдээ мөн л Ромын католикийн эрх мэдлээр…

Цаг тооллын бичиг Ромоос үүсэлтэй. Нарыг шүтдэг улс гэсэндээ наран гариг буюу Sunday хэмээн ням гаригийг нэг дэх өдрөөр тогтоосон улс.  Дундад зууны үеийн Ромын католик сүм, папын эрх мэдлээр 50 сая гаруй энгийн ард иргэдийг хамгийн харгис хэрцгий арга хэрэгслээр цаазлан хороож ирсэн улс. Тэгэхдээ хийсэн хэргийнх нь төлөө биш, гэмгүй ариус үзэлтэй хүмүүсийг христэд итгэснийх нь төлөө хороосон улс.

Ингээд бодохоор Христмас гэгч энэ баярыг христэд итгэдэг хүмүүс нь бүү хэл жирийн хүмүүс ч тэмдэглэх баяр биш баймаар. Гэвч болох ёстой юм болж байгаа нь л энэ байх.

За бүр христэд итгэдэггүй хүмүүс нь тийм харгис улсын нар шүтэх шашны зан үйлээс үүсэлтэй зул сарын баяр тэмдэглэх талаар хэлээд ч юухэв. Харин христэд итгэдэг хүмүүсийн хувьд энэ баярыг тэмдэглэх нь өөрийнхөө хүүхдүүдийн төрсөн өдрийг нэг удаа ч тэмдэглэж үзээгүй хэрнээ, аллага дээрмээрээ хэдэн голоороо андахгүй хүн муутай холын саахалтынхаа хүүхдийн төрсөн өдрийг болохоор хөөрцөглөн тэмдэглэхтэй л адил мунхаглал гэмээр…

Өвлийн өвгөний бэлгийг аав, ээжийнхээ ажлаас, сургуулиас гээд давхар гардаж, жил жилийн шинэ жилээр сургуулийнхаа шинэ он болж, концерт хөтөлж ирсэн хүүхэд ахуй үеэс минь дурсагдах тийм сайхан энэ баяраас жийрхсэн юм биш ээ. Харин хөндлөн мод гэрт оруулахыг цээрлэж ирсэн бидний монголчууд урд зүгийн голдуу хиймэл модоор гэрийнхээ хоймрыг чимж ирээд л хүний нутгийн баярт хөөрцөглөж суух нэг л биш ээ. Монголын минь ард шинэ оны баяраа заавал тэгж гацуураар зиндаалцаад байлгүй элбэг дэлбэг идэж уун, амар тайван баярладаг бол хахир өвлийн хүйтэнд ханиадаа ядаж бүрэн эдгээх төсөв хэмнэхсэн дээ.

 

Ч.ӨЛЗИЙНЯМ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: мэнд амор Огноо: 23 December 2014

хүний хийсэн болгоныг хэтрүүлэн дуурайх нь өөрийн гэсэн бодолгүйн шинж байлтайдаа үнэхээр монголчуд юун баяр хийгээд байгаагаа мэдэх хүн цөөхөн байдаг нь харамсалтай үнэн зүйл судлаад бичжээ Яг үнэндээ нар наашлахтай холбоотой нарны баяр шүү дээ богино өдрийн ба урт шөнийн жилд нэг удаа тохиох үед нарыг дэлхийд ойртсонд баярлах сэтгэлийг дэврээн өөрсөддөө ашигтайгаар эргүүлэн шүтлэг мөргөл арилжаа худалдааны арга хэрэгсэл болгосон баяр болой

Сэтгэгдэл бичих