МАНАН сандал ширээгээ дахин булаалдаж, төрийн ажлыг гацаалаа
Парламентын ажил гацаж, дахин сул зогсолт хийв. Арай гэж Ерөнхий сайдаа томилж, хэрэлдэж хэлцэж сайд, дэд сайд нараа бүрдүүлсэн Засгийн газар яамдынхаа Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоон дээр “алалцаж” эхлэв. Мөнгө санхүү дээр сайдаасаа илүү эрх мэдэлтэй болохоор Төрийн нарийн бичгийн дарга нарын суудал дээр АН, МАН-ынхан тохирч чадсангүй. УИХ-ын чуулган, Төсвийн байнгын хороо өчигдөр өглөөнөөс ээлжлэн хуралдаж энэ оны төсвийн тодотголыг батлах хуваарь гаргасан байв. Гэвч хоёр том намынхан чуулганы танхимд цуглахгүй байсаар ирц хүрсэнгүй тарцгаалаа. Сураг сонсвол яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоо дээр тохирч чадаагүйгээс парламентын ажлыг гацаасан гэнэ. Хоёр намынхан албан ёсоор хуралдаагүй ч бүлэг, фракц бүрээрээ цуглацгааж үлдсэн шинэ томилгоонуудын талаар байр сууриа нэгтгэхийг оролдсон гэнэ. Ингээд чуулганыг орой хуралдуулж төсвийн тодотголыг баталсан байна.
Ер нь шинэ томилгоо ч бус уржигдар болсон дэд сайд нарын томилгоо ч хоёр намын дунд үл ойлголцол үүсгэсэн гэх. Учир нь МАН-ынхан долоо, АН-ынхан дөрвөн дэд сайд томилуулахаар өмнө нь тохиролцсон байсан ч АН хэлснээсээ буцаж зургааг томилуулжээ. Ингэхдээ хоёр яаманд хоёр дэд сайд томилох нэрийдлээр намынхаа квотыг нэмсэн нь МАН-ынхныг бухимдуулж, төсвийн тодотголоор барьцаалахад хүргэсэн бололтой.
Уржигдар болсон Засгийн газрын хуралдаанаас дөрвөн яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилоод байна. Үүнд, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Болдбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ш.Булга-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Р.Эрдэнэбүрэнг томилсон юм.
Харин Ж.Батболдыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын, П.Алтангэрэлийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын, Х.Золжаргалыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын, Д.Дэлгэрцогтыг Уул уурхай, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн, П.Гантулгыг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн, А.Эрдэнэтуяаг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас тус тус чөлөөлөв.
Дээр дурдсан зургаан яам болон, үлдсэн таван яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг удахгүй шинээр томилох бололтой. Чөлөөлөгдсөн дарга нарын ажлын байранд Төрийн албаны хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулах бөгөөд шинээр томилогдтол яамдын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга нар үүргийг нь хариуцан гүйцэтгэх аж. Гэхдээ Төрийн нарийн бичгийн дарга нар Төрийн албаны хуулийн дагуу томилогдож, чөлөөлөгддөг байтал ийн гэнэт халж сольсон нь Засгийн газрыг бүрдүүлж буй намууд томилгоо, сандал ширээний араас үхэн хатан гүйж байгаа нь илэрхий юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: