Дуучдын хоолой хүртэл “ХЭМНЭЛТ”-ийн горимд шилжжээ
Монголчууд хямралтай байгаа ч шинэ жилийн баяраа тэмдэглэх гээд завгүй явна. Ямар ч байсан хотын гудамж гэлтгүй хаа сайгүй шинэ жилийн уур амьсгал хэдийнэ орсныг илтгэх сүлд мод, гоёл чимэглэлүүд зонхилох болж, хямдрал зарласан томоохон дэлгүүрүүд худалдан авагчдын хөлд дарагдаж эхэлснийг бодоход нийслэлчүүдийг хуучин оноо үдэхэд хямрал төдийлөн “нөлөөлөхгүй” бололтой. Үүнтэй зэрэгцээд иргэд оргилуун дарс, бялуугаа хайж дэлгүүрийг зорьдог бол албан байгууллагууд урлаг, соёлынхныг урьж оролцуулахын тулд утас цохидог уламжлалтай. Иргэдийн хувьд түрийвч дэх мөнгөндөө тааруулаад өөрт таалагдсан оргилуун дарс зэргийг авчихдаг бол албан байгууллагууд хамтлаг, дуучид руу утас цохиод тодорхой хэмжээний “ханш” төлдөг. Энэ жилийн тухайд Төрийн соёрхолт Д.Болд нэг дуугаа 5.5 сая төгрөгөөр дуулахаа мэдэгдэж хамгийн үнэтэй дуучнаар тодорсон. Харин ардын жүжигчин Б.Зангад монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон “Сүлд модны наадам” дуугаа 300 мянган төгрөгөөр дуулахаар болсон нь хамгийн доод ханшаар тодроод буй.
Гэтэл эдийн засгийн хямралтай үед олон сая төгрөгийн ханш тогтоож, албан байгууллагын шинэ жилд уригдсан дуучид маань түрүүчээсээ “факталж” эхэлсэн бололтой. Хэд хоногийн өмнөхөн юм уу даа. Дуучин Б.Амархүү, “3 охин” хамтлагийнхантай хамтран дуулсан дуугаа нэгэн байгууллагын шинэ жилээр дуулжээ. Сураг сонсох нь ээ бас ч хэдэн саяар дуулсан юм байх. Гэтэл дуу нь дундаа ороод явж байтал гэнэт “Хором.ком” гэсэн шторк явсан нь тэнд цугласан хүмүүсийг гайхшралд оруулжээ. Уг нь тэднийг ямар нэгэн фонаграмм тавилгүйгээр дуулж байна гэж бодож байж. Түүндээ чамгүй мөнгө төлсөн ч Б.Амархүү, “3 охин” хамтлагийн дууг байршуулсан сайтын шторк явах мөчид хүн бүрийн оргилсон, дэвэрсэн баярын уур амьсгал унтарчээ. Магадгүй өнөөх хямралаас үүдэлтэй хэмнэлт гээч зүйл дуучдыг хоолойгоо “хэмнэлт”-ийн горимд шилжүүлэхэд хүргэсэн юм болов уу.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: