АН хулхидаж ханахгүй, МАН хууртаж дуусахгүй

20622ad2-7494-456e-8940-62b73ca2f86bӨчигдөр, уржигдар улстөрд өрнөсөн үйл явцыг харахад ингэж л хэлмээр санагдаж байна. Анх Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ыг Засгийн газарт урьж, хоёр талаас ажлын хэсэг гарч, хэдэн өдөр, шөнө орой сууж зөвшилцсөн.

 

Ингэхдээ МАН-ын ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Су.Батболд нэг л зүйлийг онцгой анхааруулж, сануулж, бас асууж байсан гэдэг. Энэ нь АН МАН-ыг дахиад хулхидахгүй биз гэх асуулт.

 

Үнэхээр аль өнгөрсөн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанаас эхлээд л МАН өрсөлдөгч намдаа хулхидуулсаар байгаад улстөрийн сөрөг хүчний байранд шилжиж, бүр сөрөг хүчин болсон хойноо ч дээрэлхүүлсээр өдгөө хүрсэн.

Ямар сайндаа л зөвшилцөл, тохиролцоогоо хийж байхдаа “Дахиад хулхидуулахгүй биз” гэх асуултыг дахин дахин тавьж байхав.

 

2008-2012 онд хамтарсан Засгийн газарт ажилласан АН сонгууль болохоос хэдхэн сарын өмнө хаяад гарсан. Ингэж гарчихаад хамтарсан Засгийн газрын хамаг сайныг өөр дээрээ нааж, хамтарч явсан “нөхрөө” адгийн муухайгаар дуудсаар сонгуульд олон суудал авсан.

 

Сонгуулийн үр дүнгээр тэртэй, тэргүй хамтрах нь тодорхой болчихсон байхад ч МАН-ынхан “Манай намыг засагт уринаа” гэсээр байсан ч уриагүй.

 

УИХ-ын дарга, Засгийн газрын Ерөнхий сайдаа авсан АН сөрөг хүчнээ ёстой л нэг дээрэлхэх шиг болж, бүлэггүй хүртэл баахан байлгасан. Улстөрийн шалтгаанаар шахуу баахан гишүүдийг нь шорон оронд хийж, байнгын хороонд оруулахгүй байх зэргээр үнэхээр их дээрэлхсэн дээ.

Явсаар Н.Алтанхуягийн Засгийн газар өөрөөсөө болон өөр зуурын хагарлаасаа болж огцороход МАН-ынхан үнэхээр сайндаа огцруулсан мэт хөөрцөглөсөөр урилгыг нь хүлээж авсан.

 

Ингэхэд Бага хурлын гишүүд нь “хулхидуулваа” гэдэг үгийг л захиж байжээ. Гэвч АН ердөө гараан дээр, гармаар гатлаа ч үгүй байхад хулхидаад эхлэв. Хоёр нам зөвшилцөхдөө Засгийн газрын бүтцийг аль болох данхайлгахгүй зарчим барьжээ. Тиймээс хоёр дэд сайдыг бүх яаман дээр нэг болгохоор ярьсан байна.

 

Гэтэл дэд сайдууд томилох болтол БСШУ, Эрүүл мэнд, спортын яамд хоёр ч дэд сайдтай болж, тохиролцоо ёсоор МАН-аас томилогдсон дэд сайдуудтай АН, МАХН-ын хоёр нөхөр чихцэлдээд ороод ирэв.

 

Засгийг данхар байлгахын эсрэг зогссон МАН-ын сайдууд Засгийн газрын хуралдаан дээр “Хүүе” гэхийн завдалгүй Ерөнхий сайд алхаа цохиж орхижээ.

Төрийн нарийн бичгийн дарга нарын  асуудлаар намууд бас л нэг зүйлийг их тодорхой тохирчээ. Энэ нь ерөнхийдөө сайдтайгаа гар нийлж ажиллах хүнийг л Төрийн нарийнаар ажиллуулахаар тохирсон байна.

 

Энэ нь тухайн салбарын сайдаар АН-ын сайд байлаа гэхэд ерөнхийдөө тэр чигийн хүнийг Төрийн нарийнаар ажиллуулна гэсэн үг.

Гэтэл мөн л уржигдрын Засгийн газрын хуралдаанаар Барилга, хот байгуулалтын Төрийн нарийнаар АН-ын Р.Эрдэнэбүрэнг буцаагаад томилчихжээ.

“Ядаж сайдтай нь ч зөвшилцөхгүй томилсон” гэж МАН-ынхан өчигдөржингөө л гомдол мэдүүлсэн ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэгэнт томилсон томилгооноосоо буцахгүй гэжээ.

Байдал нэгэнт ийм болсон тул МАН-ынхан бүлгээ хуралдуулж, яах ийхээ ярьсан юм байх. Гэвч намын зуу гаруй мянган гишүүнээ төлөөлсөн Бага хурлаа хуралдуулж, “бид чадна, хийнэ” гээд амлалт авчихсан учраас АН-тай аль болох эв зүйгээ олоод цааш явах нь зүйтэй, одоо ямар “болохгүй байна” гээд хэвлэлийн хурал хийлтэй нь биш гэхчилэн ярьжээ.

 

Ямартай ч МАН шийдлийн Засгийн гараан дээр АН-д дахин хулхидууллаа. Цаашид яахыг харж л байя.

Ер нь ч тэгээд АН хулхидаж ханахгүй, МАН хууртагдаж дуусахгүй гэсэн хэлц үг хүртэл гараад  байгаа билээ.

 

С.Сартуул

gereg.mn

 

 


URL:

Tags: ,

Нэр: иргэн Огноо: 20 December 2014

Төрийн нарийн бичгийн даргын томилгоог улс төрөөс хараат бусаар хийсэн нь зөв өө, МАН-ынхаар бол авсан яамдынхаа ТНБ-ийн дарга нарыг бас өөрсдөө тавих ухааны юм бодож ………
Ерөнхий сайдын зөв шүү, дэмжиж байна.

Нэр: иргэн Огноо: 20 December 2014

Ер нь сая ажиллаж байсан ТНБ-ийн дарга нар үргэлжлүүлээд ажиллах нь аль ч талаа бодсон дээр штэ, Дараачийн нөхөр ирээд учраа олох гэж маш их цаг алдана , тгд дөнгөж ширээнийхээ учрыг олуут хугацаа нь дуусна ккк.

Нэр: mbmbmb Огноо: 20 December 2014

ЗӨВӨӨ ЗӨВ МАН АРД ТҮМНИЙГ ЗӨНДӨӨ ХУЛХИДСАН ОДОО МАН ЫН ХУЛХИДУУЛАХ ЭЭЛЖ ХА ХА ХА

Сэтгэгдэл бичих