Зарим дэд сайдаа эргүүлэн татахыг Ерөнхий сайдаас шаарджээ

6523540УИХ-ын үйл ажиллагааны хуваарийн дагуу өчигдөр вглөө нэгдсэн чуулган хуралдаж энэ оны төсвийн тсдотголыг хэлэлцэх байлаа. Гэвч МАН-ын бүлгийн гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүйн улмаас үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан цуцлагдсан юм. АН-ынхан засагт хамтран ажиллахаасаа өмнө өгсөн зарим амлалтаасаа буцаж эхэлсэн учраас МАН-ынхан ийнхүү бойкотолж байгаа нь энэ бололтой. Мөн АН-ынхан амлалтаасаа буцсаныг баталгаажуулсан бас нэг үйл явдал болсон юм.

Тодруулбал, өчигдөр 14.00 цагт засагт хамтарсан намууд гарын үсэг зурахаар товлоод байсан ч хойшилсон. Энэхүү арга хэмжээ цуцлагдсаны дараа МАН-ын бүлэг хуралдсан юм. МАН-ын бүлгийн гишүүдийн хүсэлтийн дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус намын бүлгийн хуралд оролцлоо. Тэрээр Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш МАН-ын бүлгийн хуралд хоёр дахь удаагаа оролцож байгаа нь энэ. Анх хамтран ажиллах саналаа танилцуулах, гишүүдийн сонирхсон асуултад хариулах зорилгоор тус намын бүлгийн хуралд оролцож байлаа. Харин энэ удаад МАН-ын бүлгийн Засгийн газарт хамтран ажиллахаасаа өмнө өгсөн амлалтаасаа яагаад буцах болсныг нь түүнээс
тодруулсан байна. Засгийн газрын хуралдаанаар дэд сайд нарыг томилохдоо зарим яамны төрийн нарийн бичгийн дарга нарыг томилсон. Үүнийг нь МАН-ынхан амлалтаасаа буцлаа, хууль зөрчлөө гэж үзэж байгаа ажээ. Учир нь, төрийн нарийн бичгийн дарга нарыг томилохдоо зөвшилцөөгүй байна. Хуулийн дагуу салбарын сайд нь төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшигчээ Засгийн газрын хуралдаанд оруулж батлуулах ёстой байтал яамдынх нь сайд нараас санал ч авахгүйгээр шууд томилсныг нь МАН-ын гишүүд эсэргүүцжээ. Мөн хамгийн анх дэд сайд нарын томилгоон дээр зөвшилцөхдөө АН намаасаа дөрвөн дэд сайд томилно гэсэн байна.

Гэвч үүнээсээ буцаж зургаан дэд сайд томилжээ. Хамгийн анх зөвшилцсөнөөр бол Эрчим хүчний дэд сайдад “Шударга ёс” эвсэл, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдад МАН нэр дэвшүүлэх байжээ. Гэтэл АН Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдад нэр дэвшүүлэх эрхийг “Шударга ёс” эвсэлд өгч өөрсдөө Эрчим хүчний дэд сайдад гишүүнээ томилсон байна. Ингэснээр Боловсрол, соёл, шинэжлэх ухааны яам хоёр дэд сайдтай болжээ. Улмаар АН Эрчим хүчний яамнаас гадна Эрүүл мэнд, спортын яаманд дэд сайд томилсноор дөрөв бус зургаан дэд сайдтай болсон байна. Тиймээс МАН-ын бүлэг Ерөнхий сайдад зарим дэд сайд болон төрийн нарийн бичгийн даргаа эргүүлэн татахыг шаарджээ. Үүний хариуд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар тайлбар хийсэн нь тодорхой бус байна. Харин Ерөнхий сайдыг гарсны дараа МАН-ын бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлжээ. Ингэхдээ анх хоёр талаасаа ажлын хэсэг гаргаж засагт хамтрах талаар хэлэлцээ хийхдээ тэмдэглэсэн протоколоо эргэж харах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрчээ.

Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх үеэр асууж тодруулах зүйлээ сайн асуух ёстой гэдэгт МАН-ын гишүүд санал нэгджээ.

 

С.ШИЙЛЭГТӨМӨР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих