Шинэ аварга, Шинэ арслан өлгийдсөн содон Монгол наадам өндөрлөлөө

Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтанд бүртгэгдсэний дараах анхны Монгол наадам тэгш дүүрэн болж,  өндөрлөлөө. Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэнд залсанаар Монгол түмний их түүхийн бахархалт мөчлөгүүд давхцаж,  их ойнууд  тохиосон энэ жилийн наадам эхэлсэн билээ.

Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, тусгаар тогтнолын 100, ардын хувьсгалын 90 жил гэсэн түүхт дөрвөн их ой давхцсан Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хаан үг хэллээ.  Дэлгэр зун тухалсан энэ сайхан цагт дэнж хотойтол нааддаг Монгол түмэн ийнхүү ирэх жилийн наадмаа угтан, энэ жилийн наадмаа  үдэж байна.  Энэ жилийн наадам олон жилийн наадмаас онцгой содон юм гэж Монгол Улсын Ерөнхийлөгч хэлж байсанчлан, Монгол түмэн үүх түүхээрээ бахархаж наадав.

Монголчуудын эрийн гурван наадам содон сайхан болж өнгөрлөө. Хүчит бөхчүүд нь уран барилдаж, шандаст хүлэг морьд нь хурдалж,  мэргэн харваачид нь   цэцээ үзэж Монгол наадам өнгөтэй сайхан боллоо.

1024  бөх зодоглосон энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдааны Шөвгийн дөрөвт наадамчин олны тааварт төдийлөн байгаагүй дөрвөн бөх үлдлээ. Шинэ залуу бөхчүүдийг тодруулж, гаргаж ирсэн наадам боллоо. Улсын заан  М.Баяржавхлан,  Улсын начин  Г.Эрхэмбаяр, Улсын харцага С.Мөнхбат,  Улсын начин  Ж.Бат-Эрдэнэ нар үлдэв. Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ багтаж ядан байсан 1024 бөхөөс дэлхийн өөр аль ч улсад байхгүй оноолт, ялалтын  системээр явсаар үлдсэн 4 бөх нь эд байв. Улмаар  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шинэ Арслан цолоо дөнгөж хүртсэн  Монгол Улсын арслан  С.Мөнхбат, Монгол Улсын арслан  Г.Эрхэмбаяр нар үзүүр түрүү булаалдаж, С.Мөнхбат давж, Г.Эрхэмбаяр уүзүүрлэлээ.  Ийнхүү Увс, Сэлэнгэ нутгийн хоёр хүү Монгол наадмын торгон ногоон дэвжээнээ хүч бяраа үзэн, наадамчин олноо баясгалаа.

Увс аймгийн харьяат, Хилчин спортын хорооны бөх С.Мөнхбат Монгол Улсын Аварга цолны болзол хангаж, Монгол бөхийн торгон ногоон дэвжээ шинэ аваргаа өлгийдөж авлаа. Монгол бөхийн  түүхэнд Мөнхбат нэртэй аварга  ихэрлэж мэндэллээ. Залуу аварга  С.Мөнхбат  Монголчууд  “Бага” Мөнхбат аварга гэж  дуудахаар боллоо.  Тэрбээр Монгол улсын 20 дахь аварга,  20 дугаар зуун гарсанаас хойшхи 24 дэхь аварга, Монгол Улсын түүхэн дэхь 47 дахь аварга бөх болж байна.

Энэ жилийн наадмаар хоёр шинэ заан, хоёр арслан,  хоёр гарьд цолтон төрлөө.

Түүхт дөрвөн их ой давхцсан энэ жилийн наадмын Их насны морьдын уралдаанд Төв аймгийн Алтанбулаг сумын залуу уяач Б.Батхүүгийн уясан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Баатаржавын Өнөрбаяны хээр морь түрүүлж, Төв аймгийн Сэргэлэн сумын уяач А.Төгсбатын бор. Бор морь, Төв аймгийн Баян-Өнжүүлийн сумын харъяат МУМУяач Ц. Батбадрахын хурдан зээрд халзан морь айргийн гуравт, Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Ч.Бямбасүрэнгийн хээр айргийн дөрвөөр хурдалж, Төв аймгийн Баянцогт сумын МУТМУяач С.Ганхуягийн бор морь айргийн таваар хурдаллаа.

Соёолон насанд Өвөрхангай аймгийн Ижилбаярын бор соёолон түрүүлж, Өвөрхангай аймгийн Сэрсэнгийн Ганболдын хурдан зээрд соёолон аман хүзүүдэж, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уяач Ганболдын хул айргийн гуравт, Ховд аймгийн Алтай сумын уяач “Торгоны зам”-ын Ц.Гантөмөрийн хомоол хүрэн айргийн дөрөвт ,   айргийн тавд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ААУяач Ө.Шинэтулгын шарга үрээ хурдаллаа.

Азарганы уралдаанд  Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ААУяач Ө.Шинэтулгын уясан Ч.Хүсэлзэлийн зээрд түрүүлж,  Дундговь аймгийн Өлзийт сумын ААУяач Б.Наранхүүгийн хээр айрагдлаа. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын МУАУяач Ч.Улааны зээрд гуравт, Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул Нийслэлийн ХУД-ийн уяач А.Отгонбаярын хилэн хар дөрөвт, Төв аймгийн Баян сумын МУМУяач Д.Оюунбилэгийн уясан Баян сумын уяач Х.Цогтсайханы сүмбэн зээрд айргийн тавд орлоо.

Шүдлэн насанд Дархан-Уул аймгийн  уугуул “Бурхан Халдун групп”-ийн захирал МУАУяач  Намсрайн Мөнхдашийн эрлийз бор үрээ түрүүлж,  Архангай аймгийн Ихтамир сумын уяач “Erdenes MGL” компанийн дэд захирал  Ганзоригийн Тэмүүлэнгийн хар морь аман хүзүүдлээ.

Дааганы уралдаанд Дундговь аймгийн Луус сумын уяач Шинэбаатарын сартай хээр даага түрүүлэн ирж түмэн олноо баясгалаа. Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат МУ-ын даян аварга А.Сүхбатын хонгор халзан даага орсон юм.

Харин түүхт ойн баяр наадмын сур харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, 21 настай залуу харваач Б.Ёндон түрүүлж Монгол улсын отгон мэргэн болсон бол удаахь байранд  Баян-Өлгий аймгийн харваач Б.Баярсайхан, улсын хошой мэргэн н.Баатархүү нар шалгарлаа. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Х.Оюунчимэг тэргүүлж, удаах байранд  хошой мэргэн Д.Эрдэнэтуяа, О.Чинзүрх нар шалгарсан билээ.

Ийнхүү Монгол наадам тэгш дүүрэн болж өндөрлөлөө.


URL:

Сэтгэгдэл бичих