Хүлээцтэй, аядуухан, хүнд тустай, уужуу сэргэлэн зан чанараараа Монгол хүн хаана ч ялгарна

Монгол дахь олны ярьдгаар Плехановын сургуулийн монгол захирал Л.Дугаржавтай уулзаж ярилцахаар зорилоо. Лувсанцэрэнгийн Дугаржав гэдэг энэ эрхэм хүний талаар зөвхөн тоймлож товчлон дурьдвал, Түүх философи зэрэг олон салбарын эрдмийн цолууд хамгаалсан.

Оросын олон том байгууллага яамдын шагналууд түүний дотор төрийн дээд шагналд хамаарагддаг “Пушкины медаль”-иар шагнуулсан, Орос Монгол хэлээр түүх судалгааны олон ном бүгээл бичиж хэвлүүлсэн, сургуулийнхаа анхны монгол онц сурлагатан, Москвагийн гурван том сургуулийн улаан дипломтой гэх мэтээр энэ хүний намтар цааш хөвөрнө.

Энэ сургуулийн үүдэнд ойртмогц л сурагч жаахан хүүхдүүд нь хүртэл орос хэлээр албадлагаар бус аяндаа сурчихсан мэт чөлөөтэй хөөрхөн хэвлүүхэн ярилцах нь сонин бөгөөд бахархалтай. Үүд коридороор хадсан самбар тбгтоогч дзэрх зарлал, танилцуулга мэдээлэл лавлахын ихэнх нь орос хэлээр байгаа нь Оросын нэгэн хотод сургуулийн газар ирээд байгаа мэтсэтгэгдэл төрөх нь сонин.

Энэхэн зуурын орчны байдлыг дүрсэлж хэлбэл Улаанбаатар хэмээх их Монгол далайн дундаа орос орчин, орос амьдралыг төлөөлсөн нэгэн сонин арал оршиж буй мэт санагдана.

Ер нь Дугаржавтай уулзах далимаар монголчуудад дотно алдарт энэ Плехановын сургуулийг овсгоолж жаахан сонирхон эчнээгээр нэг “сурвалжлаад” авъя гэсэн санаа ч бас дотор ургав.

Бусад сургуулиуд шиг багш ажилчид нь хүүхдүүдээ “маллах” гэж зовж “хөөе чимээгүй байцгаа” “аяар явцгаа” “ороорой” “тараарай” “ гар ” “ яв ” гэсэн хашгирах зандрах чимээ огт гарахгүй айван тайван ажил төрөл эв зүйгээрээ бүгд аятай зохицонгуйг олжээ.

Миний бие энэ сургуулийн эрдэмтэн профессорууд багш ажилчид хамт олныг их Плехановын нэртэй нэг албаны даамлууд гэж нэрлэмээр санагдлаа.

Бас энд миний үеийн залуудаа ярьж байсан “Ах нар” “дружба” гэсэн үгс өөрийн эрхгүй цээжинд огшин орж ирээд сэтгэлийн дурсамжийг хөглөв. Урьд орос монгол хүмүүсийн хооронд “найрамдал” “дружба” “брат” “ах нар” гэсэн үгийг зөвхөн нэг хэлбэрдсэн, үзэл сурталжсан, лозунгнасан байдлаар хэлж байсангүй бүр үнэн сэтгэлээр хэлдэг байсан.

Харин яагаад ч юм одоо энэ үгийг хэлэхээ байсан юм шиг. Энэ уламжлалт сайхан сэтгэлд дулаан, эерэг сайхан үгс одоо ч гэсэн орос монгол хүмүүсийн сэтгэлдоршсоор, зүрхэнд эгшиглэсээр байгаа.

Даяаршлын энэ үед улс үндэтнүүдийг ялангуяа орос манай хоёр шиг хөрш улсуудын харилцаа улам ч ойрхон нягтарч энэ уламжлалт сайхан үгс маань улам ч хэрэгтэй болж байгаа бус уу.

-Монголын хамгийн том алдартай сум орон нутаг Эрдэнэдалайнхаа тухай ярианаас эхлэх үү дээ?

-Энэ сайхан Монгол орондоо, төв халхын нутагт, Эрдэнийн далай шиг суманд төрж, малчны гэрт, малын хөлийн тоосонд, язгуураасаа их ухаант буурлуудынхаа үг сургаалыг сонсож өссөнөө их хувь тавилан гэж боддог.

Өнгөтэй, өөдрөг, хөдөлвөл ч хөдөлчихдөг манай далайхан цаанаа л өөрдөө. Бас Баян-Өнжүүл, Бүрэн, Эрдэнэдалай гээд оюуны их нөөц чадавхитай хүмүүс үе үе төрдөг тойрог гэж ярьж бичдэг нь үндэслэлтэй байх.

Нутгаа л их зүүдлэх болж байна, нас ахихын хэрээр нутгаа гэх мэдрэмж улам ахиад байгаа юм шиг Улаанбаатараас гадагшаа гарвал нутагтаа очих хамгийн сайхан.

-Ижий аавынхаа тухай ярих уу. Нутгийнхан танай аавын тухай их бахархаж ярьдаг. Бүр залуу байхаас нь хүмүүс “Андаа” гэж цээрлэдэг, дэргэд нь суухад хажуугаас нь бүлээн дулаан оргимоор сайхан хүн байсан гэцгээдэг?

-Би аав ээж хоерынхоо хоёр дахь хүү нь, өвлийн адаг сарын дундуур буюу нэгдүгээр сарын 19-нд мэндэлсэн байдаг. Орос, Европт бол Христос загалмайлсан өдөр гэж сүйд болцгоодог.

Аав Д.Раднаа гэж сургууль соёлгүй ч хүнээс дутахгүй ажил алба хааж, нам улсын үйл хэрэгт ажил амьдралаа бүрэн зориулсан, Ардын Их хурлын депутатаар сонгогдож, намын ажилтнуудаас анх удаа БНМАУ-ын хөдөлмөрийн баатарт тодорхойлогдож явсан хүн юм.

Миний ижий Р.Долгор гэж 10 хүүхэд төрүүлж өсгөсөн, одоо 80 насны сүүдэр зооглож байгаа буурал энх тунх үр хүүхэд, ач гуч нараа тойруулж, ажил амьдрал гэж тэмцэж, зүтгэсэн хэвээр сууна.

Би чинь эхээс төрөөд гурван сартайдаа ээжийнхээ нагац эгчид, Улаан Рэнчингийх гэдэг айлд үрчлэгдэж, агаа, аав, Бандгай / өргөсөн аавын ах өвгөн Рэнчин/ гурвынхаа тэр их хайранд умбаж, алган дээр нь бөмбөрч, тэр айлын аль өөдтэй өнгөтэйг идэж ууж, эрх танхи өссөн амьтан шүү дээ.

Хөөрхий буурлууд минь хүнээс хүүхэд үрчилж аваад, тэгж их хайрлаж, амьдралынхаа эцсийн мөчийг дуустал амиа тавин намайг л гэж зүтгэсээр дууссаныг санах бүрт л нүдний нулимс аяндаа мэлтэрнэ шүү дээ.

-Орост суралцаж, ажиллаж Оросын байгууллагад ажиллаж амьдралми ихэнх жилүудийг өнгөрөөжээ. Энэ тухай?

-Өнөөдөр хараан зүхээд байгаа тэр социалист нийгмийн үед хөдөөгийи малчны хүү надад л Москвад, тэр цагийн ЗХУ-ын хамгийн элит гурван том сургуулийн нэг комсомолын дээд сургуульд суралцах, дараа нь зөвхөн оролдлого зүтгэлийнхээ хүчинд Москвад Элчин сайдын яаманд ажиллах боломж олдсон юм. Сүүлийн 15 жил Плехановын сургуульд, нийтдээ 30 шахам жил оросуудтай ажилласан.

-Орост сурч байхдаа нутгаа аль хир санав, амралтаа яаж өнгөрөөж байв?

-Бага залуу ч байж, тэр цагт ЗХУ-д, Москвад суралцана гэдэг Монголын залуучуудад онцгой сайхан аз завшаан байв “хойно суралцсан”, “хойно байсан” гээд л Зөвлөлтөд байснаа “Диваажинд “ байсны дайтай бахархан боддог ярьдаг байлаа. Ном эрдэм сурна гэсэн асар их эрмэлзлэлдээ сатаарч гэрээ санах нь гайгүй байв. Эхний үе ээжийнхээ цайг санаж, толгой өвддөгсөн.

Оюутан байхдаа ч настай эцэг эхтэйгээ эргэж уулзах гэж нутагтаа ирдэг байв. Ажиллаж байхдаа диссертаци бичих гэж ээлжийн зарим амралт, баяр ёслолын болон хагас бүтэн сайн өдрийг ихэвчлэн Москвад номын санд сууж л өнгөрөөсөн дөө. Зугаа цэнгэл, үзвэр юу ч болсон Дугаржав номын санд л суугаа биз гэж оюутан нөхөд дамшиглацгаадагсан.

-Ийш тийшээ явж байв уу. Орос орныг аль хэр үзсэн бэ?

-Оюутан цагтаа залуучуудын байгууллагагуудтай танилцах дадлагын хүрээнд Ленинград хот, Зөвлөлт Молдави, Оренбург мужид гайхамшигтай сайхан хүлээж авч байсныг хэзээ ч мартахгүй.

1980-аад оны үед Зөвлөлт орны 107 хотуудад суралцаж байсан оюутан сурагчдын асуудлаар элчин сайдын яамнаас томилогдон нилээдявсан шүү. Нийтдээ зөвлөлтийн 40-өөд томоохон хотуудаар явсан. Ингэж олон хотоор орсон орос хүн ч тэр бүр байдаггүй шүү.

Энэ утгаараа орос орондоо насаараа амьдарсан хүнээс ч давж рекорд эвдсэн мэт болж байгаан. Зөвлөлт Белорусь дахь эх орны дайны үеийн дурсгалууд, Ульяновск, Казань, Ленинград, Москва дахь Лениний үйл амьдралтай холбогдох дурсгалууд, Новророссийскд Брежневийн “Бага газар” зохиолд өгүүлэгдсэн тулалдааны цогцолбор, Оренбург мужид Ю.Гагарины нисэхийн сургуульд анх суралцсан үеийн дурсгалуудыг очиж үзсэнээ дурсан санаж явахад сайхан.

-Одоо ажиллаж байгаа В.Г.Плехановын нэрэмжит сургуулийн тухайд?

-Би энэ талаар сонин хэвлэлд нэлээд бичсэн дээ. Энэ жилүүдэд надад судлах, бичих, оросын эрдэмтэдтэй хамтарч ажиллах сайхан боломж олдсон. Бас орос орон, оросуудыг танин мэдэх том сургууль төгсөх боломж олдлоо.

ОХУ-аас гэхдээ Монголд ажиллаж байгаа оросын боловсролын цорын ганц цогцолбор шүү дээ. 15 жил оршин тоггнож, өдий зэрэгтэй болно гэдэг гадаадын сургуулийн хувьд чамлах амжилт биш.

-Орост байгаа найз нөхөд, түншүүдтэйгээ хэр зэрэг уулзаж, харилцаж байна? Ер нь тэнд байсан тухайгаа жаахан дэлгэрүүлж ярина уу?

-Надтай хамт Москвад суралцаж байсан сэтгүүлч B.Алзахгүй нэгэнтээ Дугаржавыг “Анхны Монгол онц сурлагатан гээд багш нар их л сайн” гэж бичсэн билээ. Манай декан Тамара Ивановна гээд бүр 10-20 жилийн дараа очиж уулзах бүрт өгөх юмаа олж ядаад сүйд болно.

Миний дипломын ажил удирдсан А.И.Кривенький багш маань 25 жилийн дараа намайг шинжлэх ухааны доктор хамгаалахад ирж үг хэлж дэмжсэн, Москвад багшийндаа гэр орноор ньочино, хонож, өнжинө.

Плехановын сургуулийн нэрт профессор Шамиль Магомедович Мунчаев багш минь одоо 85-ны сүүдэр зооглочихсон, тийхнээрээ гялалзаад л ажиллаж байна. Би чамд онцгой хайртай, амьдралд хэзээ ч бууж өгч болохгүй гэж сургана.

Профессор C.А.Филинтэй би 10 гаруй жил хамтран эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвиж байна. Сергей Филин оросын үнэн алдартны шашны нэг шүтээн Светлая Матрёна бурхныг надад шүншиглүүлэн өгч, сэтгэлийн дэмжлэг үзүүлсэнийг би ховорхои тохиолдол гэж боддог.

Надад Елена Александрова /Москва/, Андрей Шеломенцев Екатеринбург/, Светлана Ахнина /Иркутск/, Александр Басов / Москва/, Светлана Степанова /Эрдэнэт/, Джамиля Захарова гээд итгэж, дотносон, итгэлт сайхан нөхдүүд бий.

Москвагаас ирж хичээл зааж байсан Николай Павлюк /Самбия гэж/ адал явдалт роман бичиж зохиолынх нь баатар Монголд ирэхдээ Дугаржавтай уулзаж байгаа тухай бичсэн байдаг.

-Орос сургуулиас Монголд авч хэрэгжүүлэх зүйл юу байна. Энэ тухай би онцлон асууж байна.

-Орос бол том орон. Боловсролын олон жил амьдрал дээр шалгарч бий болсоноо хамаагүй бусниулж өөрчлөхгүй байна. Үүнийг нэн түрүүн бодмоор санагдана.

-Монголын сургуулиудын талаар өөрт чинь хэлмээр санаа бодлууд байдаг уу?

-Монголын үрс олон болсоор байхад шинэ цэцэрлэг сургууль олныг бариулах хэрэгтэй байна. Сурах бичгийн үр өгөөжийг анхаарууштай болж байна.

-Танай сургуулийн туршлагыг сонирхож, гадаад дотоодын хүмүүс ирнэ л биздээ?

-ОХУ-аас Монголтой холбоо тогтоож ажиллах гэсэн боловсролын салбарын хүмүүс ер нь  манайхаар ихэвчлэн орж ирнэ. Орос сургууль яаж ажиллаж байна гэж монголчууд ч сонирхож л байдаг.

Нэлээд хэдэн их дээд сургуулиуд, юуны өмнө МУИС, ШУТИС, Эрдэнэдалай сумын дунд сургууль гээд байнгын холбоотой ажилладаг, ирж очдог, хамтран уулзалт, онол практикийн бага хурал, арга хэмжээнүүд зохиодог.

-Монголын тухай сонин зүйл ярьсан орос хүнтэй уулзаж байв уу?

-М.А.Попов, Ш.М.Мунчаев бид гурав Тэрэлжид хоол идэж суутал Попов: “Яагаад оросууд монголчуудын талаар тааруухан сэтгэгдэлтэй байдаг юм бол” гэхэд Мунчаев “Социализмын үед Монголоос ЗХУ-д олон оюутан сурч байлаа. Тэдний дунд залхуурах, тааруухан суралцах нь давамгайлж байснаас Монголчуудын тухай тааруухан ойлголт орост бий болоход нөлөөлсөн байх” гэж байв.

-Надтай 10 жил хамт ажилласан М.А.Попов хэлэхдээ 1921 оны хувьсгалаас хойш Монголд үзүүлсэн Зөвлелтийн тусламж бол 13-14 дүгээр зуунд монголчууд Орост туслаж, дэмжиж, өөд нь татсаны хариудөрөө төлсөнхэрэг дээ гэдэгсэн?

-Москвагаас ирсэн эрдэмтэн, том сэхээтнүүд бол бид дээр үеээсээ их холбоотой улс гэж Монгол оронд их өөриймсөг хандан Монголд ирсэн хүн зөв сайнаар хандвал, Монгол орон тэр хүнд бас тэгж хандана, энд хүний хүссэн, санасан биелдэг газар нутаг /мистическая страна/, Монголд нэг ирсэн хүн заавал буцаж ирдэг, хүнийг өөртөө татаж байдаг газар орон гэцгээдэг.

Бас оросууд хэлэхдээ Монголд ирсэн хүн хоёр удаа уйлдаг. Ирэхдээ энд яаж амьдарна даа гэж уйлна. Буцах болохоороо Мбнголд хоргодож уйлдаг гэцгээдэг.

-Энэ чинь ер нь их сонин мэдээ байна шүү. Харин Орос Монголын харилцааны төлөө ингэж зүтгэлээ гэж Оросын талаас яаж үнэлж ойлгож байна даа?

-Яахав ээ. Комсомолын Төв Хороо, Зөвлөлтийн боловсролын яам, ОХУ-ын Боловсрол шинжлэх ухааны яамны шагналууд бий. 2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины зарлигаар орос хэл соёлыг гадаадад дэлгэрүүлэхэд хучин зүтгэсэн хүмүүст олгодог “Пушкины медаль”-иар шагнасан. Монголд хоёр хүнд энэ шагналыг олгосон. Төрийн дээд шагналд хамаарна.

-Орос, Монгол хүний эрхэмлэх шинж зан байдлын тухайд?

-Орос хүнийг хүн чанартай, найдвартай, хүний мөс сайтай гэж манай өвөг дээдэс үнэлдэг байв. Орос хүн олон янз, нийгэм цаг үеэ дагаад өөрчлөгдөж байдаг байх.

Би монголчуудыгаа орос хүнээс, аль ч гадаадын хүнээс юугаар ч дутахгүй юм байна гэдэгт итгэсэн шүү.

Хүлээцтэй, аядуухан, хүнд тустай, уужуу сэргэлэн зан чанараараа монгол хүн хаана ч ялгарна. Зөв сайхан энергийг монгол хүн бол цэлийсэн тэнэгэр тал нутгаасаа, хязгааргүй уудам хөх тэнгэрээсээ, налайсан мал сүргээсээ авч байгаа юм.

-Орос Монголын харилцааны талаар таны бодол?

-Би энэ талаар дандаа дэмжиж нэлээд бичдэг шүү дээ. Сүүлийн үед энэ сэдвээр бичих хүн ховордлоо. Уг нь Оростой учраа олоод байвал Монголын тусгаар тогтнолд хэрэгтэйсэн.

Гэвч Оросын талаас Монголын гадаад харилцааны хүрээнд үзүүлэх нөлөөгөө сэргээж, бусад томоохон гүрнүүдээс дутахгүй хэмжээнд хүрэхэд ихээхэн саад байна, нэг л ойлгомжгүй.

-Эрдэм номын тухайд, эрдэмтэн хүний хувьд яаж ажиллаж байна?

-Манай нутгийнхан миний тухай Дугар номын хүн болох нь багаасаа харагдсан гэдэгсэн. Би Москвагаас гурван улаан диплом авсан. Энэ бол хувь заяаны тохиол. Дээд сургууль төгссөн, дэд эрдэмтэн, шинжлэх ухааны доктор болсон.

Ялангуяа сүүлийн арвааджилд энэ сургуульд ирсэний нөлөөгөөр Орост, Монголд хэд хэдэн ном гаргаж, судалгаа, нийтлэлийн өгүүллэгүүд бичиж байна. Өдөр тутмын эх толгойгүй ажлын хажуугаар эрдмийн ажил хийх хэцүү.

Цаашдаа өөртөө цаг гаргаж, уншиж судалснаа, цуглуулсан материалаа шүүж бичих, нийтлэх ажилд өөрийгөө зориулах хүсэл мөрөөдөл бий. Миний бичсэн “Взаимодействие России и Монголии в сфере образования”, “Инновационное взаимодействие России и Монголии” зэрэг судалгааны нэг сэдэвт бүтээлүүд бий.

-Таны сонирхдог, чөлөөт цагаа зориулдаг зүйл?

-Цаг гарвал ном л уншдаг. Бас юм бичээд суувал сэтгэл санаа төвлөрч, нэг талаар амарч байх шиг санагддаг.

Салхинд гарах, цэвэр агаарт амрах, хөдөө явах, нутагтаа л очихыг эрхэмлэдэг. Аргал түүх дуртай.

Бас 80 Гарсан буурал ээжтэйгээ, хөгшчүүлтэйгээ очиж уулзана, дурсамж яриаг нь сонсож суухыг эрхэмлэнэ. Ээжийн минь хийж өгсөн цайны амт шимийг дэлхийн 10 одтой зочид буудлын цайны амт ч гүйцэхгүй дээ. Ээжтэйгээ уулзахаар сэтгэл уужирдаг.

-Хамгийн их бахархдаг, эсвэл сэтгэл санааг чинь зовоодог зүйл юу байна?

-Монгол хүн болж төрөөд, малчны гэрт өссөндөө л их бахархадаг. Ер нь дэлхий дээр монголчууд бол хосгүй их аз заяатай, тэнгэртэй ард түмэн шүү дээ.

Төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг. Би ч яаж оготно байх вэ дээ. Бүр жижиг л амьтан, сүүлийн 20 гаруй жил сайхан улс орон, урд үеийнхний бүтээснийг яаж сүйтгэж байгааг харах, бодоход хэцүү юм. Тэр сүйтгэж байгаа их юмтай хамт миний сэтгэлийг бас сүйтгээд байна.

Ялангуяа хүнээ эвдэж дууслаа. Тод жишээ нь улс орноо авч явж чадахаа байсан УИХ-ын гишүүд, барилдаж чадахаа больсон бөхчүүдийг өдөр бүр телевизээр ард түмэнд үзүүлж, буруу үлгэрлэж байна.

Их хурлын зарим гишүүдийг телевизээр хамаагүй юм ярихаар би ичээд байх юм.

-Хөдөө хонь адууны захад нэг сайхан явахсан гэж бодогдоно биз?

- Би чинь тэмээчин айлд өссөн юм. Мал бол Монголын хувьд уул уурхайгаас илүү баялаг гэдэгт би эргэлздэггүй. Өглөө эрт өндөр овоон Дээр гараад, алсын бараа цэнхэртэх тэнгэрийн хаяаг харж суух сайхансан.

-Залуучууд ялангуяа сэхээтнүүдэд юу хэлмээр санагдаж байна вэ?

-Эхлээд хамгийн гол нь зөв хүн болж төлөвших. Номыг нь сурахгүй ч номхонг сур гэдэг байжээ. Монголын зүйр, цэцэн үгүүдийг амьдрал дээр шалгарсан аман хууль гэж ойлгоход болно.

Ингэхлээр энэ “хууль” ийг хичнээн их судлана улам их ухаарал өгөх учиртай. Монгол эх орноороо бахархая.

Монголын тусгаар тогтнолоос илүү үнэтэй юм үгүй. Сэхээтэн гэж дипломтой хүнийг хэлэхгүй. Маш их унших хэрэгтэй. Зуун жил амьдарч, зуун жил суралц гэсэн сургаальтай билээ бид.

Д.Лувсандэлэг

/Утга зохиолын төлөө хүндэт шагналт зохиолч/


URL:

Сэтгэгдэл бичих