МАН, АН-ын гэрээнд юу нуугдана вэ?

700575b3c1228732ecbe18f460b46361original

Хоёр сар гаруйн өмнө дөө, АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хамтран ажиллах гэрээ байгуулжээ. АН-ын зарим нөхөд бөөн юм болов. Ардчилал минь уналаа, сүйрлээ… гээд бөөн уйлаан, майлаан. Энд тэндгүй хэвлэлийн бага хурал зарлаж, мэдэгдэл хийж багагүй бужигнаан болгоодхов. МАН ч бас зүгээр суусангүй. Гэрээний нууц хавсралт гэдэг юм зохиож бичээд олон нийтийн хүртээл болгочихсон нь баригдаж, энэ хэргийг муу нэртэй Н.Дэмбэрэлдээ тохоод өнгөрөв.

АН-ынхны гашуудаж, гомдоод байсан МАХН-тай байгуулсан гэрээ гэгч чухам юу байсан бэ? МАН-ын зохиосон хавсралт гээч гарч ирсний дараа АН, МАХН-ын гэрээ олон нийтэд ил болсон л доо. Үнэхээр ч 15 заалт бүхий хоёр намын гэрээнд нууж хаагаад байх зүйл алга. Яг үнэндээ АН-д л ашиг тустай гэрээ байв.

Бас Монгол Улсад. Энэ гэрээг баримталснаар 2024 оныг хүртэлх сонгуулиудад АН ялж, МАН сөрөг хүчний суурин дээр өнжих байв. Учир мэдэх хүмүүсийн хэлж байгаагаас үүнийг төвөггүй ойлгож болно.

Өөр хэний ч тухай, юуны ч талаар АН, МАХН-ын хамтран ажиллах гэрээнд дурдаагүй ажээ. Гэвч эцэст нь дараалсан ялалтын “дарга” хийсэн Н.Алтанхуягийг Ерөнхий сайд, намын даргын суудлаас нь аваад шидчихлээ. Н.Алтанхуяг мөн ч их юман дээр сандайлсан байж. З.Энхболд намын даргыг нь, Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг нь авлаа.

Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болуутаа МАН-д хамтран засаглах санал тавьж, нөгөөдүүл нь ч зөвшөөрөв. Зөвшөөрснийхөө дараа зөвшилцөх ажлын хэсгийг хоёр талаасаа байгуулж, удтал ярилцсан. АН-аас М.Батчимэг, МАН-аас Су.Батболд ажлын хэсгүүдээ ахлан зөвшилцсөн. Ингээд хоёр нам 2014 оны арванхоёрдугаар сарын 9-нд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Үүнээс нэг сар  21 хоногийн өмнө АН-н дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяртай хоёр намын хамтрах гэрээнд гарын үсэг зурж байлаа.  Тэгвэл дээрх гэрээг АН-ын шинэ дарга З.Энхболд, МАН-ын дарга М.Энхболдтой байгуулж байгаа юм. Хоёр Энхболдын гэрээ ч гэсэн болно. Ингэж МАН, АН-ын гэрээ зурагдлаа. Гэхдээ тэд чухам юу зөвшилцөөд гарын үсэг зурцгаав гэдэг маш нууц үлдэв. Хамтран ажиллах гэрээ зурсан өдөр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “АН, МАН улс орныхоо эрх ашгийн үүднээс хамтарч ажиллах гэрээ байгууллаа” гэж мэдэгдсэн юм. Өөрөөр энэ гэрээ өнөөдрийг хүртэл задарсангүй.

Гэрээнд тусгасан асуудлын талаар АН-ын ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг “…Эхний байдлаар хийсэн ойлголцол бол Засгийн газрын бүтэц дээр тохиролцсоны дараа УИХ дахь суудлынхаа харьцаагаар намууд Засгийн газарт сайдаа томилно гэсэн ерөнхий ойлголт байгаа. Засгийн газрын өрийг нэмэгдүүлэхгүй. Өөрөөр хэлбэл, нэмж бонд гаргахгүй. Харин цаашид хамгийн чухал асуудал болох хувийн хэвшлээ дэмжиж, эдийн засгаа сэргээх асуудал байгаа. Тиймээс Засгийн газрын зүгээс хувийн хэвшилд шаардлагатай баталгаа гаргаж өгөх асуудлыг үгүйсгээгүй. Энэ асуудал дээр хоёр тал ярилцсан байгаа. Мөн төсвөөс гадуур байгаа бондын зарцуулалт, Хөгжлийн банкнаас төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хийж байгаа санхүүжилтийг төсөвтөө оруулж нэгтгэе гэдэг дээр тохирсон байгаа” гэсэн.

Харин МАН-ын Су.Батболд “…Бид өрийн таацыг нэмэгдүүлэхгүй байхаар хатуу тохирсон. Нэмж өр зээл тавихгүй. Хоёрдугаарт, гаднаас орох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж хөрөнгө оруулалтаар дамжиж хувийн хэвшлийг авч явна гэж ярилцлаа. Гуравдугаарт, өрийн менежментийн асуудлаар бодлогын баримт бичиг буюу хууль гаргана” гэж байв.

Мөн тэрээр сонинд өгсөн ярилцлагадаа “..МАН, АН-ын ажлын хэсэг нийтдээ 20 гаруй асуудлаар зөвшилцсөн.  Зөвшилцлийн зургаан баримт бичигт гарын үсэг зурсан .  Энэ зургаан баримт бичиг дээр үндэслэн санамж бичиг байгуулж гарын үсэг зурсан.  санамж бичгийн  агуулга дээр үндэслэж,   МАН, АН  харилцан итгэлцэл, үйл ажиллагааны гэрээг байгуулаад  хоёр намын дарга гарын үсэг зурж батгаажуулсан. Улс орны одоогийн  нөхцөл байдлаас гарахын тулд хамтарна. … 2012 оны сонгуулийн үр дүнгээр  МАН гэсэн энэ улс төрийн байгууллагыг  газрын хөрснөөс арчина. МАН-ын гэсэн нэртэй болгоныг байхгүй болгоно. Энэ намын үед ажиллаж байсан боловсон хүчнийг хална солино гэсэн байр сууринаас ажиллаж байсан.   АН-ын энэ үйлдэл   МАН-ын  олон гишүүдийн итгэлийг алдсан. Ер нь МАН ямар буруу зүйл хийсэн болохоор ад үзэгдэж байх ёстой  юм. Сонгуулийн дараа бүлэг байгуулах, байнгын хороонд гишүүд хуваарилагдах, УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан зэрэг энэ асуудлууд нь   ажлын хэсгийн дээр  яригдаж байсан.  Тэгэхдээ Монгол оронд  нэг нам улс төрийн эрхийг аваад нөгөөг нухчин дарах   гэсэн оролдлого буруу гэдэг нь харагдаж байна.  Энэ байдлыг хоёр нам харилцан ярилцаж алдаатай бодлого байсан гэдэг дээр санал нийлсэн” гэсэн байв.

Ерөнхийдөө МАН, АН хамтрах гэрээндээ энэ хоёр эрхмийн ярьсанчлан эдийн засгийн хямралыг давах тодорхой алхмууд, эрх мэдлийн хуваарилалт, бие биеэ өмнөх шигээ хаяж гээхгүй байх гэсэн үндсэн гурван зарчмаар тохирсон гэнэ.

Гэрээний талаар нэгэн ноцтой гэмээр зүйл яригдаж эхэллээ. Тэр нь МАН, АН хэдэн жилийн өмнө С.Баярын санаачилсан стандарт бус Засгийн газрын үед байгуулсан Оюутолгойн гэрээнд өөрчлөлт хийхээр энэхүү хамтран ажиллах гэрээндээ тусгасан гэнэ. Тиймээс МАН, АН-ын гэрээний талаарх мэдээлэл өнөөг хүртэл сураггүй, нууц хэвээр байгаа ажээ. Эдийн засгийн хямралаас гарах зарим арга хэмжээний талаарх зүйл заалтуудад нь анхаарал татахаар зүйлүүд байж болзошгүйг зарим эх сурвалжууд хөндөөд эхэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: Монгол хүн Огноо: 18 December 2014

Үүнийг ойлгож ядаад байх юм юу байна. Хулгай , худал нийлж хийх гэрээ л биз . Тэгээд л дэлгэрэнгүй гаргахгүй байгаа байхалдаа .

Сэтгэгдэл бичих