Хоёр тэрбумын хэмнэлтэд 186 хүн өртөв
Улаанбаатар хотын ирэх оны төсвийг энэ сарын 4-нд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан. Нийт 540.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 320.9 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлэх юм байна. Түүнчлэн 180.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх аж.
Төсвийн орлогын 80 орчим хувийг татвараас бүрдүүлэх бөгөөд үүний дийлэнх хувийг хүн амын орлогын албан татвар эзэлдэг хэмээн Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хэлэв. Ийнхүү хэмнэж, танаж баталсан төсвөөр нийгмийн аюулгүй, тайван байдлыг хангах, цэцэрлэг, сургуулийн асуудалд түлхүү анхаарахаар тусгасан хэмээн тэрээр онцолсон юм.
Түүнээс гадна энэ жилийн нийслэлийн төсөвт хэмнэлтийг харамгүй хийснээрээ бусад жилүүдийнхээс онцлог болсон гэлцдэг. Хэмнэлтэд бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод, гадаад албан томилолт, эд хогшил худалдан авах зардал болон хэрэггүй гэх тодотголтой албан тушаалтнууд оржээ. Ийнхүү танасаар 56.6 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хотын удирдлагууд цомхотгох шийдвэрийг буруу гэж харж байна. Дүүрэг, агентлагийн орлогч болон зөвлөхүүдийн дийлэнх нь залуучууд. Ирээдүйд тэд нийслэлийн захиргааны ажилтан, удирдлага болно. Тиймээс тааламжгүй хандаж байгаа юм. Гэхдээ бид эдгээр хүмүүст боломжийн хэмжээнд ажлын байр санал болгож, ажилгүй хүн үлдээхгүй. Мэдээж гэнэт халагдсаны зургаан сарын тэтгэмж олгоно” гэв. Ийнхүү цомхотголд өртөх 186 хүний цалингийн хэмнэлт хоёр тэрбум болох гэнэ. Ирэх сарын 1-нээс орлогч дарга нар ажилгүй болох нь тодорхой болов.
Хотын шууд төсвийн хөрөнгө оруулалтад 140 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд үүний гуравны нэг нь зам, инженерийн шугам сүлжээ, хот байгуулалтын чиглэлд ашиглах юм байна. Үлдсэн хөрөнгөөр шинээр цэцэрлэг, сургууль, эмнэлэг байгуулна гэдгийг албаныхан дуулгалаа. Ирэх онд 12 сургууль, цэцэрлэг, барихаар төлөвлөснөөс Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэгт 100 ортой хүүхдийн гурван эмнэлэг барихаар болжээ.
Засгийн газраас ахмад настан, цагдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутны нийтийн тээврийн хөнгөлөлтийн зардлыг нийслэлийн төсвөөс хариуцах шийдвэрийг гаргасан. Хэдийгээр таагүй хандаж байгаа ч давахгүй гэсэн даваагаар гурав давдагийн үлгэрээр 53.1 тэрбум төгрөгийг төсөвтөө суулгасан байна. Мөн халамжийн санд 11 тэрбум төгрөг нэмснээр нийт 64 тэрбум төгрөгийн халамжийн зардал гарна. Энэ нь нийслэлийн төсвийг өнгөрсөн жилийнхээс өссөн мэт харагдуулж байгаа боловч огт тусгаж байгаагүй зардал энэ жил хагас зуун тэрбумаар нэмэгдсэнээс үүдэлтэй хэмээн Н.Батаа тайлбарлалаа.
Үүнээс гадна нийслэлийн НИТХ-ын төлөөлөгчид урамшууллаа хассангүй. Нийт 45 төлөөлөгч улирал тутамдаа тус бүр 10 сая төгрөгийн урамшуулал хүртдэг байсан. Эдийн засаг хямралтай, улс орны төсөв санхүү хомсодсон үед дээрх урамшууллыг хэмнэж болно хэмээн 2015 оны төсвөөс хасч тооцсон ч төлөөлөгчид нь зөвшөөрөөгүй байна. Ийнхүү таналтын гадна үлдэж чадсан 2.7 тэрбум төгрөгийн урамшууллыг НИТХ-ын төлөөлөгчид авах нь. Ингэхдээ улирал тутамд авч байхаар төсөвт суулгажээ.
Зууны мэдээ
Д.Оюунчимэг
URL: