Яам, агентлаг, ЗГХЭГ-ын орон тоог 15 хувиар бууруулна

1418710324_screen-shot-2014-12-16-at-2.39.35-pmЕрөнхий сайдын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөх Ц.Мөнхтөр Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Засгийн газрын хуралдаанаар яам, агентлагийн бүтэц, орон тооны  хязгаарыг баталжээ.

УИХ-аас 2015 оны Улсын төсвийг баталсантай холбоотойгоор 70 тоот тогтоол гаргасан.  Энэ тогтоолоор Засгийн газрын бүтэц, орон тоог боловсронгуй болгох замаар төсөвт  хэмнэлт хийхийг үүрэг болгосон. Энэ дагуу яам, агентлагийн ороны тооны бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан байна.  Засгийн газрын 15 яам, 26 агентлаг, ЗГХЭГ-ын орон тоог 15 хувиар бууруулахыг сайд нарт үүрэг болгосон. Орон тоог бууруулсантай холбоотой бүтцээ шинэчлэхдээ анхаарахыг чиглэл өгсөн байна.

Агентлагуудад 2-4 хүнтэй хэлтэс, нэгж байдгийг бууруулж, шат дамжлагыг багасгахыг анхааруулав. Мөн 100-гаас дээш ажиллагсадтай агентлагийг орлогч буюу дэд даргатай, 100-гаас доош ажиллагсадтай бол орлогч буюу дэд даргагүй болгох, газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь тасаг албагүй байхаар зохион байгуулна. Дундаж нэгжийн хэмжээ нь 10 орчим ажилтантай байх зарчим баримтална. Боловсон хүчнийг 15 хувиар хэмнэхдээ  төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчийг халахгүй байх чиглэл өгсөн байна. Зарим төрийн чиг үүргийг хувийн хэвшил, төрийн бус байгууллагад шилжүүлэх замаар хэмнэлтийг хийх арга хэмжээг тусгалаа. Энэ хэрээр төсөв хэмнэгдэх юм гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлагын хүрээнд УИХ-ын санаачлагын хүрээнд УИХ-аас Шилэн дансны тухай хуулийг баталсан. Уг хууль  ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Шилэн дансны тухай хуулийг ямар журмаар хэрэгжүүлэх талаар анхаарах зүйлсийг хэлэлцсэн байна. Сангийн яам Нэгдсэн шилэн дансны хуудсыг ажиллуулах аж. Уг цахим хуудсанд улсын болон орон нутгийн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, ирэх оны төсвийн төсөл зэрэг шаардлагатай бүх бичиг баримтыг байрлуулах гэнэ.

Шилэн дансны хууль хэрэгжсэнээр иргэд татвар төлөгчдийн мөнгө, төрийн өмчийг хэрхэн зарцуулж байгаа асуудал нээлттэй болох юм байна. Мэдээлэл нээлттэй, хяналттай болох давуу талтай гэж үзэж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих