Манай улсын нэр, сүлдийг гутаасан америк архийг яах вэ
АНУ-д ультра-премиум ангиллын “Golia” брэндийн шинэ архи худалдаанд гарч, сурталчилгаа нь ид өрнөж байна. Манай улсын нэрний эхний гурван үсгийг орхин “Golia” гэж нэрлэсэн энэ архи дээр төрийн маань сүлдний морийг эрээ цээргүй залжээ. Тэр ч бүү хэл сурталчилгааны текст нь, “Чингис хаан эх орныхоо охь нь шингэсэн дуртай сархадаа авалгүйгээр гэрээсээ гардаггүй байжээ” гэж эхэлдэг.
АНУ-д амьдардаг монголчууд үүнд ихэд дургүйцэн эсэргүүцлээ дамжуулахыг хүсэн тус улс дахь манай Элчин сайд А.Алтангэрэлд хандаад байгаа юм. Тэд түүнчлэн хүчээ нэгтгэн “Golia” брэндтэй шүүхээр тэмцэхээр болжээ.
“Golia Vodka” компанийн эзэн Дэвид Соломон гэгч АНУ-ын Филадельфи хотод амьдардаг нэгэн аж. Тэрээр шинэ архиныхаа тухай ярихдаа, “Бид архиа Монголд үйлдвэрлэж, харин лонхыг нь Хятадад хийлгэдэг. Манай брэндийн хамгийн том зах зээл бол Америк, тэр тусмаа Филадельфи” гэсэн нь бий.
Улс орны нэр хүндтэй холбоотой энэ асуудлыг манай төрийн удирлага анхааралдаа аван ямар нэг шийдвэр гаргана гэдэгт найднам.
Б.БАРС /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: