Монголд дарга цөөдөөгүй, дэд сайд бол бүр ч хэрэггүй
Сайдууд томилогдоод дууссан болохоор улс төрчдийн мөнөөх их уухилсан өндөр амьсгаа түр дарагдаж байна. Гэхдээ улс төр залгуулаад дэд сайдуудын ая дангаар эгшиглэж эхлэв. Хэнийгээ дэд сайдын суудлаар мялаах вэ гэдэг нь нам бүлгүүдийн хувьд эдийн засаг, хөхөө өвлөөс илүүтэй номер нэг асуудал болчихоод байна. Суудлынхаа тоог тохиролцож чадахгүй толхилцож байгаагаа эх орны эрх ашгийн төлөө юм шиг цэнхэр дэлгэцээр хээв нэг яриад сууж байна.
Монголд хэрэггүй албан тушаалын нэг нь энэ дэд сайд. Зүгээр л нэг урамшууллын суудал. Гэсэн хэрнээ жолооч, туслах, аягүй бол зөвлөх гэхчлэн аппарадтай. Гадаад томилолт, өрөө тасалгаа, тавилга, холбоо харилцаа гэхчлэн харж үздэг хангамжийг нь тоочвол часхийсэн мөнгөн дүн гарах байх. Цалин гэхэд 1.2 сая орчим төгрөг гэж дуулдаж байсан санагдана. Юуных ч юм 30 хувь нэмэгддэг гэж чих дэлссэн. Нэг дэд сайдын орон тоонд жилдээ төсвөөс 40 гаруй сая төгрөг зарлагддаг юм уудаа, багцаагаар. Тэгэхээр 15 яамны дэд гээд тооцвол татвар төлөгчид маань чамгүй хөрөнгө мөнгөөр намуудын энэ “эрх хүүхэд”-ийг тэтгэдэг гэсэн үг.
Дэд сайд бол Засгийн газрын гишүүн биш. Төрийн албан хаагч ч биш. Хэрэг дээрээ бол намаас шууд томилогдож байгаа улс төрийн албан тушаал. Сайдынхаа шүхэр дор сайн муу нэрнээс хол, эрх мэдэл бол бүр ч байхгүй. Ийм л “амьгүй албат”-уудын суудал хуваарилах гээд мөнөөх хэдэн нам хөлөө жийлцэж, дал мөрөө алгадцгааж байна, өнөөдөр.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн ярьжээ. “Одоо хэмнэлтийн горимд шилжээд танаж болох бүх зардлаа танах хэрэгтэй. Ирэх оны гуравдугаар сарын үед санхүүжилт хийхэд их хүнд болно” гэдгийг сануулсан байна. Сангийн сайд Ж.Эрдэнэбат төсөв хүндэрсэн, оноос өмнө наад зах нь 600 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа гэжээ. Гэтэл яаж ч гүрийгээд үлдэж буй хугацаанд орох орлого 300 тэрбумаас хэтрэхгүй байх магадлалтай гэж зовлонгоо ярьж байна билээ.
Төсөв нь ингэтлээ хүндэрчихсэн байхад дэд сайд гэж дэмий орон тооны төлөө намууд юундаа тэгтэл санаа тавьж, яарнам бэ. Эх оронч сэтгэл энэ үү. Зуун ямаанд жаран ухна гэгчээр Монголд дарга цөөдөөгүй. Дэд сайд бол бүр ч хэрэггүй.
Ч.Сайханбилэгийн Засгийн газар дэд сайдгүй ажиллаад үзэх хэрэгтэй. Лав үгүйлэгдэхгүй дээ. Ер нь тэгээд цаашдаа яамдын тоо, бүтцийг хуульчлаад өгчихсан ч болмоор санагдаж байна.
П.Булган /ZINDAA.MN/
URL: