Үндэсний бөхийн барилдаан эхэллээ

Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ой, Тусгаар тогтнолоо сэргээсний 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаан эхэллээ.

Өмнөх жилүүдээс онцгой энэ удаагийн наадамд 1024 бөх зодоглож буй.

Бөхчүүдийн дотор МУ-ын Хөдөлмөрийн баатар, МУ болон ОХУ-ын гавъяат тамирчин, даяар дурсагдах далай даян, дархан аварга Х.Баянмөнх 68 насандаа төрийнхөө их баяр наадамд зодоглохоор хүрэлцэн ирээд байна.

Мөн Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, МУГТ, даян аварга Г.Өсөхбаяр, Увс аймгийн Наранбулаг сумын харъяат МУ-ын ардын багш, МУГТ, Улсын аварга О.Балжинням нарын гурван аварга, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул, “Алдар” спорт хорооны бөх, улсын арслан Д.Ганхуяг, Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, Алдар спорт хорооны бөх Б.Ганбат, Говьсүмбэр аймаг, Шивээговь сумын харъяат Д.Азжаргал,  Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат улсын арслан Х.Мөнхбаатар, Архангай аймгийн Булган сумын харъяат Д.Мөнх-Эрдэнэ нарын таван улсын арслан, Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат И.Доржсамбуу, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харъяат “Хvч” спорт хорооны бөх Н.Ганбаатар, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харъяат П.Сүхбат нарын гурван гарьд тэргүүтэй бөхчүүд барилдаж байна.

Энэ жил Монгол улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн дархан аварга, олимпийн мөнгөн медальт Жигжидийн Мөнхбат, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, үндэсний бөхийн дархан аварга, чөлөөт бөхийн  Азийн наадмын аварга, Монгол Улсын гавъяат тамирчин Д.Цэрэнтогтох, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, орчин үеийн үндэсний бөхийн түүхэнд наадмын хамгийн олон түрүү авсан үндэсний бөхийн дархан аварга, Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монгол улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар, сүмо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, үндэсний бөхийн даян аварга, сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавъяат тамирчин А.Сүхбат гэсэн аваргуудыг барилдана гэсэн шуугиан гарч байсан боловч бүртгүүлээгүй тул барилдахгүй нь тодорхой боллоо.

Харин Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр төрийнхөө их баяр наадамд зодоглохоор бүртгүүлээд байна.

М.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих