Монголчуудын сувдаг шунахай сэтгэлийн гайгаар цагаан зээр устаад дууслаа
Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар цагаан зээрийн ооно 500 мянган төгрөг, шаргачинг 550 мянган төгрөгөөр экологи эдийн засгийн үнэлгээг нь тогтоосон байдаг. Ахуйн зориулалтаар хууль бусаар цагаан зээр агнасан тохиолдолд экологи эдийн засгийн үнэлгээг буруутай этгээдээр хоёр дахин нугалж төлүүлэх ба хууль бус ан хийсэн иргэнийг хоёроос дөрөв дахин өсгөж торгоно гэж Ан агнуурын тухай хуульд заасан байдаг аж. Хууль батлагдаад дөрвөн жилийн нүүр үзэж байгаа ч огт хэрэгжихгүй өдий хүрч байна. Монголын зүүн хязгаар нутагт хэн дуртай нь цагаан зээрийг буудаж, машины тэвш дүүргээд ачаад явж байхад тоож байгаа газар алга байна.
Цагаан зээрийг сүүлийн жилүүдэд огт тоолоогүй юм байна. Арав гаруй жилийн өмнө Монголд хоёр сая орчим цагаан зээр байна гэх тоог гаргасан байна. Сүүлийн жилүүдэд их хядлагаас болоод цагаан зээрийн тоо толгой эрс багасч цөөрөөд байгаа гэдгийг Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн иргэд хэлж байв. Хөдөө талыг тэр чигт нь бүрхэж газар буцалж байна уу гэлтэй харагддаг байсан бол одоо тийм байхаа больжээ. Монгол нутагт тарвага гэдэг амьтны хувь заяа ямархан эмгэнэлтэйгээр мөхлийн ирмэгт ирснийг цагаан зээрийн хувь заяа давтах шиг.
300 АДУУТАЙ КОМПАНИЙН ЗАХИРАЛ АДУУЧИНДАА ЗЭЭРИЙН МАХ БЭЛТГЭЖ БАЙЛАА
Бид Дорнод аймгийн зүүн захын сумдын цагаан зээрийн бүс нутгаар явлаа. Сүхбаатар аймгаас ялгагдах зүйл огт алга байв. Энд тэндгүй л автомашинууд сүлжилдэн давхих юм. Бүгд цагаан зээр агнаж байлаа. Ихэнх цагаан зээр агнагчид “Ланд” 200 зэрэг үнэтэй автомашин унасан байх ажээ. Цагаан, хар өнгийн “жийп-тэй хижээл насны эрчүүд ан хийж байхтай тааралдлаа. Бүгд сүүлийн үеийн автомат буу агссан байгаа харагдана. Мэнд мэдэлцээд цагаан зээр яагаад агнах болсон талаар яриа өдөв. Тэгсэн өөдөөс “Хэдэн адуучин их идэх юм аа. Өвөл гурав дөрвөн даага идчихээд байх юм. Адууны махны хачир болгоод хэдэн зээрийн мах өгөх санаатай л явж байна. Бас чоныг нь чадахгүй юм аа. Зээрийн цусаар шинэ буугаа мялааж байна даа” гэв. Тэд улсын алдарт уяачтай нэг гал болдог компанийн захирлууд гэсэн. Хоёр машинд байгаа эрчүүд их олон адуутай гэнэ. Тал дүүрсэн олон адуугаа Сүхбаатар, Дорнодын отрын бүс нутагт өвөлжүүлж байгаа юм байна. Тэд цагаан зээрийг машинаар элдэж байгаад араас нь шүршчихэж байна. Намар хэнзэлж төрсөн янзагыг хүртэл буудчихсан байлаа. Тэдэнд амьтныг хайрлаж өрөвдөж энэрэх сэтгэл огт төрөхгүй байгаа нь гаргаж байгаа авир, үйлдлээс нь тодоос тод харагдах юм.
Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт адуугаа оторлож байгаа алдарт уяачид, компанийн захирлууд олон байна лээ. Бүгд л адуучин залуустаа зээрийн мах бэлтгэж өгдөг байна. Олдохоороо өлдөнө, түмэн хоньтой айлд шөлний хонь олдохоо байдаг гэж хуучны үг байдаг. Гурван мянган хонь гэрийнхээ гадаа хотлуулчихаад тураг зээрийн мах чанаж идээд сууж байгаа айл. Хонож байгаа зочдодоо түмпэн дүүрэн зээрийн мах чанаад өгч байгаа аймгийн мянгат малчин айл арга ядсандаа цагаан зээрийн махаар бор ходоодоо дүүргээгүй байлтай. 300-400 гаруй адуутай мөртлөө гадаа гандаж хөдөө хөхөрч байгаа адуучин залуусаас гурван сарваа харамлаад зээрийн мах идүүлэх гээд бөөн бөөнөөр нь амийг нь тасалж байгаа аархсан баячуудыг юу гэж ойлгох вэ. Үнэхээр л сувдаг шунахай сэтгэлтнүүдээр зүүн гурван аймаг дүүрээ юу гэж бодоход хүргэлээ. Юу гэсэн үг вэ. Гурван мянган хониноос хагалаад идэх хонь олдохгүй байна гэж үү. Ганц үхэр, таван хонь өвлийн идшиндээ төхөөрч чадахгүй юм бол тал дүүрсэн малаар ч яах юм билээ. “Сувдаг сэтгэлтнүүдээс болж үндэстэн мөхдөг” гэж хүмүүсийн ярьдаг нь үнэн аж. Шунахай сэтгэлээсээ болоод гурван мянган хонио идэж чадахгүй байгаа хүн цагаан зээрийг хядаж дуусгаад маргааш нь хоттой хонио биш өөр нэг амьтан руу буу шагайна шүү дээ. Ингээд л нутаг орныхоо баялаг болгоныг цөлмөж орь ганцаараа баяжихыг хүснэ.
ОРОО НЬ ОРСОН ООНЫН ЗАСАА ИДЭХ ГЭЭД…
Дахиад л үнэтэй машин унаж, уусан архиндаа халамцсан залуустай таралдлаа. Тэдэнд нэг найз нь оонын засаа чалханд сайн гээд хэлчихсэн юм байна. Тэгээд л хэдэн найзуудаараа нийлж ороо нь орж байгаа оонын засаа идэхээр ирцгээжээ. Зөвхөн засааг нь идэхийн төлөө хамгийн том биетэй, тарга тэвээрэг сайн авсан ооныг хөөлөө. Сүргийн манлай амьтан юм гэсэн дээ үхлээс зугтааж гарахын тулд том том харайгаад л цахилж одох. Даанч машины хурднаас илүү гарч чадахгүй. Удалгүй суманд оногдон цусандаа будагдаж тэрий хадан унав. Бууны сумны халуун тугалга далыг нь хавсарч оноод унагажээ. Хоёр залуу машинаас огло харайн бууж очоод үхэж амжаагүй байгаа зээрийг дээш нь харуулаад тэлээнийхээ хуйнаас иртэй тонгорго гаргаж ирээд засааг нь угаар нь тас огтолчих юм. Хоорондоо “Ямар том засаатай п…. вэ. Сайхан үнэртэж байна. Машинаас даруулах архи аваад ир” гээд яах ийхийн зуургүй залгичих юм. Араас нь аяга дүүрэн архи хөнтөрч орхиод инээд алдах. Бусад нь шоолж инээлдээд “Өнөө шөнө аймгийн төв орж нутгийн хүүхэнд оонын засаа залгисныхаа ид шидийг ёстой нэг үзүүлнэ” гээд л тас тас хөхөрцгөөх юм. Сүүлийн үед ороо нь орсон оонын засаа чалханд сайн гээд зөвхөн засааг нь идэх гэж цагаан зээрийн амийг тасалдаг болжээ.
Дорнод аймгийн нутагт хэдэн жилийн өмнө цагаан зээрийг үй олноор нь хядаж зугаагаа гаргаад хот руу буцаж явсан дөрвөн залуу осолдож бүгд амиа алдаж байсан гашуун түүх бий. Тэд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын орчмоос автомат бууныхаа ид шидийг үзэх гээд цагаан зээрийг хядчихсан байна. Хайр найргүй шүршиж шаргал талыг цус нөжиндөө холилдсон үхсэн зээрээр дүүргэсэн гэнэ. Янзагалаад удаагүй туранхай шаргачинг хүртэл дал хавсран буудаж зугаацаж байжээ. Тэгээд л хот руу очиж зээр хядсан баяраа тэмдэглэх гэж яваад л замын хажуу руу машин нь унаад хэд хэдэн удаа хөрвөөгөөд нэг нь ч амьд гараагүй байна. Цагаан зээр үй олноор нь хядаж байгаа хүмүүс амьтны амь бүрэлгээд дараа нь үүсэх үйлийн үрийг яах вэ гэдгээ огт бодохгүй байна. Үйлийн үр заавал ирдэг. Монголчууд урт насалдаг болсон. Хийсэн үйлийн үрээ хойд насандаа биш энэ насандаа эдэлдэг болсныг олон жишээнээс харж болохоор байна. Бурхан хүнийг ч зээрийг ч адилхан бүтээсэн. Адилхан л бодгаль, байгалийн бүтээл.
Ийм домог яриа байдаг. Бурхан энэ дэлхий дээр ямар ч гэм зэмгүй амьдардаг амьтныг бий болгохоор олон сар жилээр бодсон гэнэ. Тэг тэгж цагаан зээрийг ямар ч гэм зэмгүй, бусдад хор хөнөөлгүй амьтан болгож бүтээсэн гэдэг. Үнэхээр л цагаан зээр бусдад огт гай болдоггүй мөрөөрөө байдаг. Хоёр өвс тааралдвал нэгийг нь, нэг өвс тааралдвал талыг нь идчихээд л хатирчихдаг гэгддэг. Гэтэл бусдад ямар ч гэм хоргүй, бүх зүйлсээс айж, үргэж амьдардаг цагаан зээрийг махчин амьтнаас эхлээд оюун ухаант хүмүүс цаг үргэлж л устгаж үгүй хийж байна. Хавар дөнгөж янзагалсан шаргачин үнэг, хярс, чоно дээрэлхэнэ. Нүдэн дээр нь л янзагыг нь идчихдэг. Эх шаргачин яаж ч чадахгүй харсаар дөнгөж төрүүлсэн янзагаа амьтны хоол болгодог.
Зээрийн хядлага зүүн гурван аймагт хавтгайрч байна. Буутай болгон л мотоцикль, машинаа унаад гарч байна. Хоёр сая тоо толгойгоор тоологдож байсан цагаан зээр өдгөө хэд болж үлдсэнийг мэдэх газар алга. НҮБ, Дэлхийн амьтан хамгаалах байгууллагууд амьтны амь хөнөөхийг үзэхээ байсан. Эдгээр байгуууллагууд сүүлийн үед амьтны эрхийг хамгаалах талаар томоохон ажил олон хийдэг болсон байна. Цагаан зэрээ хядаад дуусгаж байгаа зүүн гурван аймгийнхныг баруун аймаг руу нүүлгэчих чадалтай, эрх мэдэлтэй болсон. Гурван аймгийн иргэдийг баруун тийш нь нүүлгэчихээд цагаан зээрийг үлдээж чадна. Энэ янзаараа цагаан зээрээ хядаад байвал эрхийг нь хамгаалахаар дэлхийн амьтан хамгаалах байгууллагууд Монголд ирж мэдэхээр байна.
ЦАЙНЫ ГАЗАР, МАХ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА АЙЛУУД ЗЭЭРИЙН МАХ ХУДАЛДАН АВЧ БАЙНА ГЭВ
Дорнодын мэнэрсэн шаргал талд бид цагаан зээрийн мах хот руу оруулж худалдаалдаг сүлжээний эзэдтэй тааралдлаа. Битүү тэвштэй урт ачааны машин, бага оврын “жийп” уначихсан явж байв. Тэдэнтэй уулзаж цөөн асуултад хариулт авсан юм. Өөрсдийгөө хотоос явж байгаа гэж танилцуулав.
-Цагаан зээр агнах зөвшөөрөл авсан уу?
-20 зээр агнах зөвшөөрөл хоёр сая төгрөгөөр авсан. 20 зээр агнах зөвшөөрлөө үзүүлээд л хот орохдоо 200-300 зээрийн махтай орж байна. Хотод худалдан авах хүн олон байна. Хэдэн төгрөг олох гээд л цагаан зээрээ буудаад явж байна даа.
-Цагдаа энэ тэр зогсоож шалгахгүй байна уу?
-Яг өдийд цагаан зээрийн ан дууссан гээд огт шалгахгүй байгаа. Гэхдээ бид чинь ардаа хамгаалах хүнтэй хүмүүс шүү дээ. Нэг зээрийн махыг 25 мянган төгрөгөөр худалдаалж байна. Ихэвчлэн цайны газар, борц хийж зардаг хүмүүс л худалдаж аваад байна. Зээрийн махаар хоногийн хоолныхоо махыг худалдаж авч чадахгүй байгаа айлууд л авч байна шүү дээ. Тэд төлөг зуун мянган төгрөгөөр худалдаж авч байхаар зээрийн дөрвөн гулууз мах авчихвал олон хоног идэж байна гээд их ам сайтай байгаа. Дорнод, Сүхбаатар аймаг хар замтай болсон болохоор бензин тос гарздаад байхгүй. Засмал замаар давхиж ирээд зээрээ аваад явж байна гэлээ.
Бидэнтэй ийн ярилцаад цагаан зээрийн араас хөдөллөө. Урд талын хөндийд дүүрэн цагаан зээр байв. Нэг нь шүршээд нөгөө хоёр нь гэдсийг нь гаргаад, хөл толгойг нь тасдаад машин руугаа ачив. Бүрэнхий байсан учир машины гэрлээс цагаан зээр бултаж чадахгүй буудуулан унаж байв. Харин араас нь ачааны машинтай хэд нь цустайгаа холилдон унасан зээрийн хүзүүг нь хуга дараад машиныхаа тэвш рүү үхэж амжаагүй байхад нь шидчих ажээ. Үхэж дуусаагүй амьтныг битүү тэвшнийхээ хаалгыг онгойлгож байгаад л “нээг хоёрын гурав аа” гээд л чулуудчих юм. Үхэдхийн унах зээрийн дүр зургийг нүднээс огт салахгүй явахын зуурт Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Чимэддоржийн “Би цагаан зээр” гэх;
Хэрлэнг салхиар зайдалсан алдуул түймэр сөрж
Хэвгий заяа тэгшлэн сэрвээндээ галтай дүүлсэн
Мичин жилийн зуднаар хар зам татуулж
Мэнэнгийн их хээрээр хялгана цөрмөж цувсан
Шар талын шаналан
Ээрэм газрын энэлэн
Би-Цагаан зээр
Бүргэдийн сүүдэр дор янзага минь бүртийж
Бүхний нүдэн дээр яс минь хэрзийж
Хотынхны эрээн хананд эвэр минь сэрийж
Хорготой бурханд хүртэл цус минь үсэрч байхад
Сүргээр нь авла энэ амьтныг гэж
Сүх шиг далайсан тушаалын
Гайтай хөөтэй үг болгон
Галт сумнаас урьтаж намайг оносоон
Харлаг шөнөөр гэрэл тавихад нь
Хар саналгүй бүлтэгнэн дөхөөд
Халуун тугалгаар дал хавсарч
Хагас амьтай минь тэвшин дээр чулуудсан
Газар хөдөлтөл дэрэлздэг ооноо үгүйлэн
Ганц хоёр шарагчин хомоол үнэрлэн холхиж
Хядуулсан сүргийн минь гэгээн сүнс
Хялганат талаар зүүдийтэл гэлдрэн
Шүүрхий мах шиг улаан номыг
Шөргөн эврээрээ сэжилж байхад
Хүний гарт орж хүзүүгээ мушгиулсанаас
Хөх чонын хоол болсон нь дээрээ…
Би
Цуутай дорнын цагаан зээр
Би цусаа үзсэн улаан зээр
гэх алдарт шүлэг санаанд буух ажээ. Дээрх алдарт шүлгийн мөр болгоны дүрслэл ээрэм шаргал талд үй олноор харагдах нь даанч харамсалтай.
Э.ХҮРЭЛБААТАР
bataar
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
post bolgon deer hyanalt g saijruulj buu,sumiig ni huraaj avaad baival boldoggui um u,arai heterlee