Соёлын хавдар доторх Солонгос кино
Соёл тун айхтар хүчтэй, сайн муу хор уршигтайгаар халдварлан тархдаг зүйл. Тэртусмаа урлагаар дамжин тархаж буй соёлын нөлөө одоо дэлхий ертөнцийг хэрэн сүлжиж байна. Цэрэг дайны хүчээр бус харьцангуй “энхтайванч” арга замаар зарим үндэстний соёл үсэрхийлэн халдварлаж байна. Хамгийн ойрхны жишээ бол өдөр бүхэн бидний үздэг, өнөөх алдарт “СОЛОНГОС КИНОНУУД”-ын халдвар. Кино урлаг хэмээх соёлын “вирусээр” дамжин тархаж буй оюун санааны амьдралын солонгосждолт. Үнэндээ Монголын Нууц Товчоонд гардаг шиг “орондоо орох завгүй” сүүлийн 15 жил бид солонгос кино үзлээ. Үүний үр дүнд нийгэмд юу бий болов.
Нэг. Солонгос хэв загвартай амьдралын “загвар”-ууд бий болов. Энэ загварт автсан хүмүүс жантай гоймон, усан байцайны кимчинээс өөр хоол байдаг гэж үздэггүй. СӨҮЛ-ээс өөр хот, СОНАТА-гаас өөр машин байсан ч үл тооно. Учир нь насан багаасаа солонгос кино бодлогын “хорих газар” өссөн байна. Тэд хамгийн гайхалтай түүх солонгосын хойгийн түүх, хамгийн гайхалтай хүмүүс тэнд төрдөг гэдэгт бат нот итгэнэ. Алхаа гишгээ, дохио зангаа, хувцаслалт, үс зүс бүхий л бие цогцосоороо “солонгос” байхыг мөрөөднө. 15-18 насны 300 хүүхдээс авсан түүвэр судалгаагаар 57 хувь нь зөвхөн солонгос дуу хөгжим сонсдог, 89.4 хувь нь солонгос олон ангит кино тогтмол үздэг гэж хариулсан юм. Томоохон хот суурин газар солонгос киногоор дамжин соёлын халдвар хэрхэн хүчтэйгээр тархаж байгаагийн жишээ энэ.
Хоёр. Зохиомол түүхэн ой санамж. Зарим үндэстний түүхийг асар баялаг гэж зүгээр ч нэг тодорхойлдоггүй юм. Тийм үндэстнүүд маш эртний түүхэн ой санамжыг тээж явдаг. Гэтэл зарим үндэстнүүд харьцангй хожуу үүсэж, харьцангуй ойрхи цагийн түүхтэй байдаг. Тэр үндэстэнгүүдэд нэг том хүсэл мөрөөдөл бий. Эртний сурвалжит үндэстэн болох. Одоо солонгосууд тэр “мөрөөдлөө” кино урлагаараа дамжуулан сурталчлан түгээх”бодлого “хэрэгжүүлж байна. Тэдэнд буруу байхгүй, харин асар их түүхэн зөрчилтэй мэт харагдуулах ”зохиомол” кино бүтээлүүдэд нь нь уусанхан шингэсэн бидний буруу болж таарна. Монгол-Солонгосын түүхэн харилцаанд нааш цааш ганц нэг “гүнж” солилцсон ердийн түүхээр 60 ангит кино бүтээгээд хөөрхий бидний тархийг нэгмөсөн угааж чадаж байна. “Чадаж байгаа юманд арга байхгүй“ гэдэг ялимгүй бүдүүлэг хэлц байдаг даа. Ёстой чадаж байгаа юманд арга алга. Тэгээд ч зүүн өмнөд Азийн кино зах зээлд сүүлийн 3 жилд солонгос кинонууд ашиг орлогоороо тэргүүлж байна. Мэдээж бүгд зунгааралдсан “савангийн дуурь” биш. Харамсалтай нь бид солонгос кино гэхээр “уйлаг алдсан авгайчуул, тархины хавдартай эмэгтэй, төөрсөн охин, баян байснаа ядуу болох эр, эд хөрөнгөний төлөөх тэмцэл, сүржин зодоон, зальжин хүүхнүүдээр” төсөөлдөг болчихож. Гэтэл олон улсын кино наадмаас шагнал авах хэмжээний шилдэг бүтээлүүдийг тэд бас бүтээдэг гэдгийг бүү март.
Гурав. Олон давтамжтай “тархи” угаалтууд. Бас л солонгос кино гэдэг “керасис” шампунь хөөсрөөд л монгол санах ойг, монгол “дотор”-той минь хамт арчиж байна. Тогтмол цагт өргөн сүлжээгээр үзэгчдэд хүрч буй арилжааны телевизүүдийн авралын “ганц од” нь Солонгос олон ангит кинонууд болжээ. Судалгаагаар арилжааны 8 телевизийн нэг өдрийн үзвэрийн цагийн 13.6-16 хувийг солонгос кино эзэлж байна. Зарим кино бүр өдөрт хоёр давтамжтайгаар дэлгэцээр цацагддаг гээд бод доо? Бэлэн кино хэдэн цагаар ч хамаагүй үзүүлээд “цаг хэмнэдэг” моод өнөөгийн телевизүүдийн дунд даанч “гамгүй” тархжээ. Цаанаа үндэсний оюун санаанд ямар “гай “тарьж байгаагаа хэн ч тооцохгүй. “Өнөөдрийн уушги, маргаашийн өөх” гэдэг шиг өдөр хоногийг аргацааж байвал боллоо хэмээн даанч хямдхан бодно. Хэрээ мэдэж, бяраа танихгүй бараг тоотой үснээсээ олон телевизтэй болсны үр дүнд солонгос киноны соёлын халдвар”ХАВДАР” болтлоо томорч аюулын харанга дэлдсээр… Зүгээр ч нэг харанга биш ЗҮРХЭНД Ч, ТАРХИНД Ч зэрэг айдас төрүүлэх харанга. Хоёрхон жил Соёлын Яамтай байлаа. Даанч Батаар хөөсөөр ажлаа хийгээгүй болохоос сайдтай байлаа. Сайд маань энэ муусайн кинонуудтай тэмцэх ”сайхан зүйл” эхлүүлсэн юмсан. Шинэ төрийн нүүрэнд яахыг бүү мэд. Хоног цаггүй солонгос кино гаргадаг телевизүүдэд цохилт болох ёстой юм. Төр байгаагаа, төмөр нүүрээ иймэрхүү зүйлд илүү сайн харуулмаар санагддаг. Одоо нэгэнт соёлын бодлого барих ЯАМГҮЙ болсон нь үнэндээ соёлын хүмүүсийн хамтын зорилго гэдэг соёлгүй байдлаас болсон юм. Арай л боловсролын яамгүй болчихсонгүй. Энэ тэр улс төрийг хаялаа. Түүнтэй түүнгүй амьдрал, солонгос кино хоёр минь АМЬДАРСААР байгаа юм чинь.
Дөрөв. Кино эдийн засаг. Тэр солонгос киноны жүжигчин шиг үсээ засуулмаар байна. Тэр жүжигчин эмэгтэй шиг загварын хувцас өмсмөөр байна. Хэдэн жилийн өмнө “Эхнэрийн урхи” гэдэг сериал гарч оюутан охидууд бүгд хуучин нөхрөө урхигддаг эхнэр шиг үстэй болсон юмдаг. Киногоо дагаад бизнес нь дэлгэрдэг бичигдсэн хууль дэлхий ертөнцөд үйлчилж байна. Үнэт эдлэл, хувцас, соёлын бараа мөнгөний эргэлт кино аргагүй ирээдүйтэй “хавдар” мөн.
Гэтэл ахлах сургуулийн 300 хүүхдээс авсан судалгаа бидэнд ийм үр дүн харуулав. Тэднээс “хамгийн сайн мэддэг арван Солонгос кино одын нэрийг бичнэ үү?” гэхэд 92.3 хувь нь арван нэр бичсэн байлаа. Харин”хамгийн сайн мэддэг Оросын арван кино одын нэрийг бичнэ үү?” гэхэд 11.7 хувь нь 2-3 нь жүжигчний нэр алдаг оног бичсэн байв. Монголын ирээдүй ямар их солонгос мэдээлэл тархиндаа тээж яваагийн баталгаа. Товчхондоо амьдрал, мэдлэг нь тэрчигээрээ кино урлаг, эдийн засгийн солонгос “боолчлолд” орсны илрэл. Өчигдөр ийм мэдээ сошиол ертөнцөөр нисэж байв. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 40-өөд солонгос зоогийн газрууд хоол хийх хүнсний хангалтаа нэгдсэн журмаар нэг газраас авч татан нийлүүлэлт хийнэ гэжээ. Эв нэгдэл ч мөн, эвтэйгээр хоол ходоодоор нь “засаглах” оролдлого ч мөн. Ер нь байгаа бүгдийн “байдлан дагуулах” шинэ эриний шилдэг арга ч мөн. Тэр бүхний тэргүүнд энэ муу КИНО.
Манай хуучны сайхан кинон дээр “жанжаан, буудчих уу?” гэж асуудаг даа. Заримдаа тийм бухимдуу бодол төрнө. Мөн өнөөх хуучны кинонд “Дэмий сумны гарз” гэж хариулдаг шиг дэмий юманд “сум” гарздаад ДЭМИЙ гэж бодож байвал төр ч сохор, түмэн олон бид ч сохор болсноос зайлахгүй. Уран зохиолын хичээлээ, уйтгарын далай сурах бичгүүдтэй нь алдаж болно. Гэвч тийм явдал болбол харамсаад барахгүй. Харин сэмхэн сэмхэн өөрийнхөө өвөрт татаад байгаа гэмгүй царайтай солонгос кинонуудыг “цэгцлэхгүй “ аваас юу алдаж болохыг хөгжим зохиодог Балхжав ахын хэлдэгээр ёстой “ТААШГҮЙ”.
Оршмоор байна. Энэ дэлхий бөмбөрцөг цэнхэрхэн биеэрээ эргэлдэнхэн байгаа цагт “МОНГОЛ” хэмээн дуудуулж ОРШМООР байна. Хил хязгаар, хэл соёлтой, хэлэх үгтэй, ярих түүхтэй оршмоор байна. “Хүйтэн гоймон идлээ” гэдэг хэлцгүй, хүүхнүүд нь худлаа муурч унадаггүй. Өнгө мөнгөний улаан солиогүй, мөн чанарыг гачигдалгүй. Элгэн халуун монголоороо, эрхэм нандин бүхнээ тээж оршмоор байна.
СОЛОНГОС СОЁЛЫН ХАВДАРТ ЭЗЭМДҮҮЛСЭН ХЭН Ч БИШ БОЛОХЫГ БИ ҮЛ ХҮСНЭ. ХАРИН ТА…
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
УТААТ ТЭВШИЙН ХӨНДИЙ
URL: