Уран зохиол: ШИВШГИЙН МЭХЛЭГЧ

fdgfhjssss

Ларедод гай нүүрлэв. Хамаг буруу нь хүн алах зантай Жаал Льяно мексикчүүдийг алаад зогсоогүйгээс боллоо. Жаал хорин нас хүрсэн, ийм насанд Рио-Грандаар хил залгадаг тэр газарт дан ганц мексикчүүдийг өөртөө хамааруулах нь эвгүй.
Энэ явдал хөгшин Хусто Вальдогийн тоглоомын байранд болжээ. Хөзрөөр мөрийцөж байсан бөгөөд хүмүүс азаа үзэх гэж алс холоос ирдэг газарт ихэнхдээ байдагчлан тоглоомд оролцогчид бүгд хоорондоо найз нөхөд байсангүй. Хоёр хүүхний хооронд болдог шиг шал дэмий юмнаас маргаан дэгджээ. Уур дарагдсан хойно үзвэл Жаал эвгүй ааш гаргаж, нөгөө нь буудахдаа алджээ. Түүгээр ч барахгүй тэр гоомой сөргөлдөгч нь мексик хүн биш аж. Хэд хэдэн ферм эзэмшдэг язгууртай гэр бүлээс гаралтай. Жаалтай ойр хавьцаа насны, найз нөхөд өмөөрөн хамгаалагчидтай аж. Түүний сум Жаалын баруун чихнээс дөнгөж дюймыг арван зургаа хуваасны нэгний зайтай өнгөрч алдсанаас болж илүү мэргэн буудсан хүнд нь эвгүй юм болжээ.
Нэр төрийг нь бодоход хилийн газарт жаахан эргэлзээтэй санагдмаар бараа бологчид ч байхгүй, анд найзууд ч үгүй, шүтэн бишрэгчид ч үгүй, Жаал “үй майгүй арилж одох” нэртэй, аятайхан маневр хийвэл түүний яриангүй эр зоригт нь дүйнэ гэж шийджээ.
Өшөө авагчид цугларч, араас нь хөөв. Тэдний гурав нь түүнийг төмөр замын өртөөнөөс хэдхэн алхмын зайтай гүйцэж очлоо. Жаал эргэн харж шүд нь ярзайж, ичгүүр сонжуургүй, хэрцгий догшин авирлахынх нь өмнө тийм болдог янзандаа орж, гялтганан, өөдгүй муухай инээхэд нь, гар буугаа амжиж авахын нь өмнө мөрдөгчид гэдрэг ухарлаа. Гэхдээ сүүлчийн энэ ноцолдоонд Жаалыг өөрийг нь голдуу улайрахад хүргэдэг хүн алах хорон шунал нь мэдэгдсэнгүй. Зүгээр л хөзрөөс болж боловсон хүнд таарахгүй хоёр гурван эсэн бусын үг хоорондоо хаялцсанаас болж үүссэн санамсаргүй хэрүүл юм. Тэр ч байтугай цөцгийн цэврүү шиг насандаа түүний суманд алагдсан тэр дэгжин гоолиг, омог жавхлантай, хүдэр бор залуу түүнд таалагддаг байлаа. Иймээс дахиад цус гаргахыг хүссэнгүй, холхон очиж нэг газар наранд нойроо ханатал унтан, нусны алчуураар нүүрээ таглаад өвсөн дотор хэвтэхийг хүсжээ. Сэтгэл санаа нь тийм ахуйд тэр байтугай мексик хүн ч нүдэнд нь өртөгдөхөд залхаагдахааргүй ажээ.
Жаал, хэнээс ч нуугдалгүйгээр зорчигчийн галт тэргэнд орж суугаад таван минутын дараа хойд зүгт явав. Харин тэндээсээ хэдэн миль яваад Уэббед нэг зорчигчийг авахаар галт тэрэг зогсоход иймэрхүү аргаар оргохоо болихоор шийдэв. Учир нь өмнө нь цахилгаан мэдээний өртөө байсан бөгөөд Жаал цахилгаан, халаалтын ууранд дургүй, эмээл, жолоо хоёрыг дээр гэж үзнэ.
Алсан хүнээ танихгүй боловч Хидальгийн фермийн Коралитос зуслангийнх гэдгийг мэднэ. Бас энэ фермийн малчдын аль нэгийг гомдоовол Кентукки мужийн цусан өшөө авагчдаас ч илүү догшноор хонзонгоо авдгийг мэднэ. Иймээс олон агуу их байлдан түрэмгийлэгчийн мэргэн ухаанаар Жаал, Коралитос зуслангийн өшөө авалтаас зайлж, амь болох урт үргэлжилсэн ой ширэнгэнд хоргодохоор шийдлээ.
Өртөөний дэргэд мухлагтай, мухлагийн дэргэд бургас, хайлаасны бутан дотор худалдан авагчдын морьд зогсож байлаа. Морьдын ихэнх нь толгойгоо унжуулан үүрэглэж, харин урт хөлтэй, хун шиг гоолиг хүзүүтэй, нэг хар халтар морь л хамраа дуугаргаж, хөлөөрөө газар цавчилна. Жаал түүн дээр үсрэн гарч, өвдгөөрөө хавчин, эзний ташуураар аяархан шавхрав.
Хэрэв дүрсгүй хамтран тоглогчоо алсан нь Жаалыг найдвартай иргэн гэх нэрийг жаахан хугалсан бол энэ сүүлчийн явдал нь нэр төрөө алдсаны хар нөмрөг өмсүүлэв. Рио-Грандаар хиллэдэг тэр газарт хүний амь хорооход төдийлөн сүйд болохгүй юухан хээхэнд бодно. Харин морь хулгайлсан байвал морио алдсан хүн үнэхээр ядуурч, авсан хүн хэрэв баригдвал баян болохгүй. Жаал одоо буцалтгүй болжээ.
Агсан хар халтар морин дээр гараад түүний сэтгэл нэлээд тайвшрав. Таван миль цогиод тэгш тал газрынхны дуртай хатираагаар зүүн хойш эргэж, Нуэсс мөрнийг чиглэлээ, Эцэс төгсгөлгүй үргэлжилсэн бут сөөгний дундуур тахирлаж мурийсан зам жимтэй, ганц нэг ферм, буйр зуслантай, аюулаас хэлтрэн хорогдож болох газартай энэ нутгийг сайн мэддэг байлаа. Ямагт дорно зүгийг барин явлаа. Далай ер үзээгүй түүний толгойд аугаа их усан дайдын дүрсгүй зулзага гэмээр Мексикийн булангийн далдыг алгадах бодол орж иржээ.
Тийнхүү явсаар гурван өдрийн дараа Корпус-Кристи булангийн эрэг дээр, амгалан тэнгисийн мяралзан жирэлзэхийг харж зогсов.
“Үл тогтох” нэртэй далбаат онгоцны ахмад Бун, усан цэрэг манаад эргийн тулх ёроолд холбилзон байгаа завиныхаа дэргэд зогсож байжээ. Эргээс хөдлөхийнхөө өмнө өөрийн хэзээ ч салдаггүй зүйл болох шахаж боосон тамхиа авахаа мартсанаа гэнэт мэджээ. Мартсан тээшнийхээ хойноос нэг цэрэг явуулчихаад хүлээж, халаасан дахь нөөцийнхөө үлдэгдлийг хүлхэж элсэн дээгүүр нааш цааш холхиж байлаа.
Өндөр өсгийтэй гуталтай, гоолиг чийрэг залуу ус руу бууж ирлээ.
Царайг нь харахад бага залуу боловч цагаас эрт ширүүн дүртэй болсон нь эр хүний туршлага суусныг харууллаа. Төрөлхийн бараан царайных нь өнгө нар салхинд гандаж хүв хүрэн болжээ. Индиан хүн шиг шулуун хар үстэй. Нүүрэндээ тонгорог хүргэж зовоож үзээгүй. Хүйтэн цэнхэр нүдтэй. Хотын журам сахиулагчид танан бариултай дөчин таван калибрын гар бууг үзээд хөмсөг зангиддаг, түүнийг хантаазны зүүн талын ухлаадсан дор сугандаа хийж явна гэхэд арай юм тул зүүн тохойгоо биендээ сулхан хавчсан. Тэр хятадын эзэн хаан шиг тэвчээртэй үл мэдэгдэх далдын тайвнаар булангийн зүг ахмад Буныг нэвт харахад тамхиа мартах шахсанаас болж хөглөснөөс сэтгэлд нь егөөдөх дөгөө орсон ахмад,
-Юу гээв, найз энэ тохойг худалдаж авах нь уу? гэв.
-Яалаа гэж, арайч дээ. Би урьд нь ер үзээгүй юм. Зүгээр л харж байна. Харин үүнийг худалдах гэж байгаа юм уу? гэж Жаал зөөлхөн хариулав.
-Үгүй ээ, энэ удаад биш. Буэнос-Тиеррастд эргэж очсон цагт танд бэлэн төлбөрөө илгээнэ. Тэр эргүүлэгт орооцолдсон юм шиг юм зажилсан залхуугийн ирж явааг хар. Хөдлөх цаг болсноос хойш нэг цаг өнгөрлөө гэж ахмад хэллээ. Жаал,
-Энэ таны хөлөг үү? гэхэд ахмад,
-Минийх. Хэрвээ та далбаат онгоцыг хөлөг гэх нь таатай байгаа бол би худлаа хэлэхэд таатай байна. Харин зөвөөр нь хэлье гэвэл энэ бол Миллер, Гонсалес хоёрын онгоц, таны өмнө ердөө зүгээр л онгоцны дарга хөгшин Сэмюэль Бун байна.
-Та хаашаа явах нь вэ? гэж оргодол асуув.
-Буэнос-Тиеррас, Өмнөд Америкийн эрэгт. Тэнд намайг сүүлчийн удаа очиход тэр орон ямар нэртэй байсан билээ, би мартчихаж. Барилгын мод, гөлмөн төмөр, чихрийн нишингийн хутга ачдаг юм.
-Тэр орон чинь ямар вэ, халуун уу, хүйтэн үү? гэж Жаал асуув. Ахмад хариуд нь,
-Дулаавтар, найрсаг. Байгаль, үзэсгэлэн, ер нь газар зүйн тухайд бол ёстой эрээд олдохгүй диваажин. Өглөө бүр долоон ягаан сүүлтэй үзэсгэлэнт шувууны яруу дуу, зүйл зүйлийн цэцэг, сарнайн салхины шивнээ нойроос сэрээнэ. Тэр орны оршин суугчид хэзээ ч ажил хийдэггүй. Орноосоо босолгүй гараа сунгаад л хүлэмжийн дээд зэргийн жимсийг сагс дүүрэн хамж авна. Бүтэн сайн өдөр гэж байхгүй. Усны тооцоо, орон сууцны төлбөр байхгүй, санаа зовохын утгагүй, ер нь юу ч байхгүй. Хэвтээд л унтаад л, юу болохыг хүлээхээс өөрцгүй хүнд таарах агуу их орон. Гадил, жүрж, хан боргоцой гээд таны идээд байгаа хамаг жимс тэндээс ирдэг гэхэд энэ ярианд ямар нэг сонирхолтой байгаагаа харуулан Жаал, -Сайхан юм байна даа? тэр чинь. Тийш нь намайг авч явбал та надаас хэдэн турсага хуулах вэ? гэв.
-Хорин дөрвөн доллар. Хоол, унааных. Хоёрдугаар зэрэглэлийн өрөө. Нэгдүгээр л байхгүй гэж ахмад хариу хэлэв.
Жаал бугын арьсан түрийвчээ гаргаж,
-Би та нартай явна гэлээ.
Лоредод салхинд гарахаар явахад түүнд биед нь гурван зуун доллар байжээ. Вальдотой буудалцан, зугаацах цагийг нь тасалдуулсан ч зайлшгүй оргон зугтахад хүргэсэн явдал оргоход нь хэрэгтэй хоёр зуу шахам долларыг хэмнэжээ.
-Тэг л дээ эрхэм ээ, таны энэ ов мэхний төлөө ээж чинь намайг буруутгахгүй гэж найдъя гэж ахмад хэлээд усан цэргүүдийнхээ нэгд дохио өгч дуудаад,
-Санчес таныг завинд суулгана, тэгэхгүй бол хөл тань норчихно гэжээ.
Буэнос-Тиеррас дахь Нэгдсэн улсын консул Тэкер хараахан согтоогүй байлаа. Цаг дөнгөж арван нэг тул хуучин дуурийн цоруудаас уульхай үглэл дуу дуулж, чарлагнан байгаа тоть руугаа гадилийн хальс шидэлдэг тэр хүслэнт жаргалтай сайхан цаг нь гурав дөрвийн үед л болдог болохоор яагаа ч үгүй үе. Иймээс аяархан ханиахыг сонсоод, дүүжин орноосоо шагайж консулын байшингийн хаалган дээр зогсож байгаа Жаалыг хараад аугаа их гүрний төлөөлөгчид байх зохистой байдал, найрсаг, зочломтгой зангаа гаргаж чадахуйц байв. Жаал найрсгаар,
-Бүү санаа зов. Би ганцхан минут. Энд ирсэн хүн хотоор зугаалахынхаа өмнө танайхаар ордог журамтай гэж надад хэлсэн. Би тун сая уурын онгоцоор Техасаас ирлээ гэв.
-Тантай уулзахад баяртай байна эрхэмээ… гэж консул хэлэв. Жаал инээд алдан, хэлэх нь:
-Спрэг Дальтон, хэлэхэд өөрт минь хүртэл инээдэмтэй байгаа юм шүү. Рио-Грандед намайг Жаал Льяно гэдэг гэв. Консул, -Миний нэр Тэкер, энэ зэгсэн сандалд суу. Хэрэв та хөрөнгө оруулахаар ирсэн бол танд сайн зөвлөгөө өгч чадах хүн хэрэгтэй энэ хар нүүртнүүдийг мэдэж авахгүй бол таны алтан шүдийг чинь хүртэл хамаг юмыг чинь хуу шахаж авна. Янжуур татах уу? гэжээ. Жаал,
-Баярлалаа. Би ч эрдэнэ-шишийн сүрэл, тамхины уутгүй бол минут ч байж чаддаггүй гээд хэрэглэлээ гаргаж тамхи ороов. Консул,
-Энд чинь Испаниар ярьдаг. Танд орчуулагч хэрэгтэй. Хэрэв танд тус болмоор бол би бэлэн байна. Та жимсний тариалан худалдаж авах юм yy, ямар нэг түрээслүүлэл авъя гэвэл эндэхийн бүх орц, гарцыг мэдэх хүн хэрэг болно гэхэд Жаал,
-Би испани хэлийг англиас ес дахин илүү мэднэ. Миний байсан тэр газарт чинь бүгд испаниар ярьдаг. Би юу ч худалдаж авах гээгүй.
Такер Жаалыг анхааралтай харж бодлогошрон,
-Та испани хэл мэддэг гэнээ? Испани хүнтэй адилхан юм гээд үргэлжлүүлэн та Техасынх. Таны нас хориос хэтрээгүй, их л сайндаа хорин нэг. Та зоригтой залуу юу, үгүй юу, сонин байна?
-Танд ямар нэг хэрэг байна уу? Гэж Техас залуу гэнэт шийдэмгий асуутал,
-Санал хэлбэл та хүлээж авах уу гэж Тэкерийн асуухад Жаал хариулсан нь:
-Татгалзах юу байх вэ. Би жаахан эвгүй юманд орооцолдсон. Ларедод бид дүрсгүйтэж, би цагаан арьстанг эцэслүүлсэн. Гарт нэг ч мексик хүн дайралдаагүй. Зөвхөн цэцэг үнэрлэх гэж танай энэ тоть, сармагчингийн оронд ирсэн. Одоо ойлгов уу?
Такер босож хаалгаа хаагаад,
-Та гараа үзүүлээч! гэв.
Жаалын зүүн гарыг авч, ар талаас нь сайтар хараад,
-Болно. Арьс чинь мод шиг чийрэг, хүүхдийнх шиг эрүүл юм байна. Нэг долоо хоногт л эдгэрнэ гэж догдлон өгүүллээ. Жаал хэлсэн нь:
-Хэрвээ та намайг гар зодоонд ашиглая гэж байгаа бол надад найдахыг бүү яар. Харин буудах бол зөвшөөрнө. Цай ууж суугаа найз авгай нар шиг нүцгэн гараараа зодолдох надад таарахгүй.
-Их амархан ажил, нааш ир дээ! гэж Такер хэллээ.
Тэнгисийн хөвөөнөөс алгуурхан өгссөн модтой толгойд халуун бүсийн хар, ногоон навчсын дунд содон харагдаж буй өргөн хөвөөлсөн гудамтай хоёр давхар цагаан байшинг цонхоор заагаад түүнд хэлсэн нь:
- Тэр байшинд Кастилийн угсаатан боловсон эр түүний гэргий хоёр таныг тэвэрч аван, өвөрт чинь дүүрэн мөнгө чихэхсэн гэж тэсэн ядан байна. Хөгшин Сантос Урикэ тэнд суудаг. Улсын хэмжээний
алтны ордын тэн хагас түүнийх гэхэд Жаал,
-Та санаандгүй лантанз идчихээгүй биз? гэж асуухад Тэкер ярьсан нь:
-Суу, би танд тайлбарлая. Арван хоёр жилийн өмнө тэд нар хүүхдээ алдсан. Эндэхийн ихэнх хүүхэд түүхий ус ууснаас нас бардаг боловч тэр хүүхэд нас бараагүй. Наймхан настай байсан боловч чөтгөрийн адтай амьтан байсныг эндэхийн бүх хүн мэднэ. Алт хайхаар ирсэн хэдэн америкчууд Сеньор Урикэд захиа авчирч, тэгээд тэр хүүхэдтэй танилцаж, салахгүй байсан юм. Тэд Муж улсуудын тухай элдэв яриагаар хүүхдийн толгойг дүүргэж, тэгээд тэднийг явснаас хойш барагцаагаар нэг сарын дараа нөгөө хүүхэд алга болсон. Түүнийг гадил ачсан хөлөг онгоцны хөндийд ороод Шинэ Орлеан руу одсон гэж тааварладаг юм. Нэг удаа Техаст үзэгдсэн юм шиг ярьсан боловч дахиад сураг гараагүй. Түүнийг эрж хайхад хөгшин Урике олон мянган доллар зарцуулсан. Ээж нь хамгийн их зовж шаналсан. Тэр хүү түүний хамгаас хайртай юм нь байсан. Эх нь одоо хүртэл гашуудлын тэмдэг зүүдэг. Гэвч хэзээ нэгэн цагт хүүгээ эргээд ирнэ гэж итгэсээр байдаг гэлцэнэ. Хүүхдийн зүүн гарт савартаа жад базаад нисэж яваа бүргэдийг шивж хээлсэн, гэр нь хөгшин Урикэгийн сүлд юм уу, тиймэрхүү л нэг зүйл, Испаниас өвлөсөн юм гэнэ лээ.
Жаал зүүн гараа өргөж, сонирхон харахад Тэкер бичгийн ширээнээсээ хилээр хулгайгаар оруулж ирсэн лонх виски гаргаад,
-Чухам мөн. Та бузгай таамаглах аж. Үүнийг би хийж чадна. Зүгээр ч үгүй Сандаканд консул байсан хүн. Долоо хоноход саваа луусан бүргэд тантай цуг төрсөн мэт гарт чинь шигдсэн байх болно. Би иж бүрэн зүү, бэх авчирсан. Эрхэм Дальтон таныг хэзээ нэг цагт манайд ирнэ гэж би итгээд байсан юмаа гэв.
-Чөтгөр гэж, намайг хэн гэдгийг танд мэдээлсэн санагдана гэж Жаал үгийг нь тасалбал,
-За яамай. Жаал болог, хайшдаа удах юм биш. Сеньорито Урикэ танд хэр таашаагдах бол, аан? Элдэв сонин сонсогдож байгаа биз? гэхэд Жаал,
- Би хүүгийн дүрд тоглож байснаа санахгүй юм. Надад эцэг эх байсан бол намайг анх шулганаж байхад л нөгөө хорвоод одсон байх. Таны төлөвлөгөө юу билээ? гэв.
Тэкер, хана налаад, алгаа өргөж, гэрэлд хараад,
-Одоо энэ хэрэгт та оролцохыг хүсэж байна уу, аль хэр лав оролцох вэ гэдэг асуудал тулгарч ирлээ гэхэд Жаал,
-Би энд яаж хүрч ирснээ танд тайлбарласан гэж ердийнөөр хариуллаа. Консул,
-Сайхан хариу, гэхдээ энэ удаа та тийм хол явахын хэрэггүй. Миний төлөвлөгөө гэвэл: Энэ худалдааны маркийг гар дээр чинь шивсний дараа хөгшин Урикэд мэдэгдэнэ. Танаар ярианы сэдвийг чинь бэлтгүүлсэн байхын тулд одоохондоо би тэдний гэр бүлийн тэмдэглэлээс олж мэдсэнээ ярья. Таны гадна байдал тохирно. Та испани хэл мэддэг бүх баримтыг дуулж мэдсэн, Техасын тухай ярьж чадна, зохих газартаа шивээстэй. Хууль ёсны өв залгамжлагч эргэж ирсэн, хүлээн авч уучлах уу, үгүй юу гэж асууж байна гэж намайг мэдэгдэхлээр юу болох вэ? Тэд нар давхиж ирээд хүзүүгээр чинь тэврээд авна. Хөшиг хаагдаж, үзэгчид зуушлах, зугаалахаар хөлийн өрөөгөөр очно. Жаал,
-Та гүйцэд ярь. Би тун саяхан танай зусланд мориныхоо эмээлийг авсан эрхэм ээ. Урьд нь тантай уулзаж явсангүй. Хэрвээ та энэ хэргийг ганцхан эцэг эхийн ивээлээр гүйцээнэ гэж бодож байгаа бол би таныг сүрхий эндүүрсэн бололтой гэв: Тэгтэл консул,
-Баярлалаа. Миний бодлыг ингэж сүрхий анзаарсан хүнтэй уулзалгүй уджээ. Бусад бүх юм тун амархан. Тэд таныг хүлээж аваад эс удсан ч бүрэн хангалттай. Зүүн мөрөн дээр чинь төрөлхийн мэнгэ эрж олох бололцоо бүү олго. Хөгшин Урикэ гэртээ гутлын дэгээгээр амархан онгойлгож болох жижиг төмөр авдранд тавиас зуун мянган доллар байнга хадгалдаг юм. Тэр мөнгийг ав. Тал нь шивээс хийсний оронд надад ирнэ. Олзоо хуваагаад хоёул аль нэг тэнүүл уурын онгоцонд сууж Рио-Де-Жанейро руу арилж өгнө. Харин Нэгдсэн улс миний хүчин зүтгэлгүйгээр байж үл чадах аваас оргүй алга болбол болог. Que dice, Senor.

-Миний санаанд таарч байна. Санал нэг гэж Жаал толгой дохилоо.
-Ингээд шийдлээ. Танд бүргэд хийж байх үед та цоожтой суух болно. Энд ар талын өрөөнд байж болно. Би өөрөө хоолоо хийдэг. Миний харамч засгийн газраас надад олгож буй хэрээр таныг хамаг тав тухаар хангана гэж Тэкер хэллээ.
Тэкер нэг долоо хоногийн хугацаа тогтоосон боловч Жаалын гар дээр түүний тэвчээртэй сийлж байгаа зураг санасанд нь хүртэл хоёр хонолоо. Тэгээд нэг жаал хүүг дуудаж өөрийнхөө онилсон хохирогчдоо дараах захидал илгээв.
“El Senor Дон Santos Unrigue. La casa Blanca’’
Эрхэм ноён!
Хэд хоногийн өмнө Нэгдсэн Улсаас Буэнос-Тиерраст ирсэн нэг залуу манай гэрт зочны ёсоор байгааг танд мэдээлье. Зөв болохгүй ч байж болох найдварыг төрүүлэхийг үл хүсэвч энэ бол танай аль эрт алга болсон хүү гэж тааварлах зарим үндэс надад байна. Та ирж үзвэл зохилтой байж юу магад. Хэрэв энэ үнэхээр танай хүү Гюл тэр гэртээ буцаж ирэхийг хүссэн боловч энд ирсэн хойноо түүнийг яаж хүлээж авахыг мэдэхгүй байсан учир зориг нь хүрэхгүй байсан болов уу гэж санагдана.
Таны үнэнч зарц Томсон Тэкер
Буэнос-Тиеррасын хувьд тун бага хугацаа хагас цагийн дараа Сеньор Урикэгийн хуучин цагийн жууз консулын гадаа хүрч ирлээ. Хөл нүцгэн хөтөч чангаар хашгиран омголон тарган хос мөрийг шавхардан давхиж иржээ.
Буурал үстэй өндөр эр тэрэгнээс гарч ирээд гашуудлын цэнхэр тэмдэгтэй хувцас өмссөн хатагтайг буухад нь туслав.
Хоёул байшинд яаран ороход тэнд Тэкер тэднийг хамгийн ёсорхуу дипломат мэхийлтээр угтаж авлаа. Бичгийн ширээний дэргэд онгож борлосон царайны төрх нь аятайхан, гялалзтал самнасан хар үстэй өндөр гоолиг залуу хүн зогсож байна. Хатагтай Урикэ нөмөрсөн алчуураа эрс хөдөлгөөнөөр ар тийш болгов. Залуу нас нь аль хэдийн өнгөрч үсэнд нь мөнгөлөг буурал орж байгаач мярайлаг, намбалаг, галбир, өнгөлөг туяатай бас л залуугаараа арьс нь энэ нутгийн эмэгтэйчүүлд байдаг үзэсгэлэн сайхны ул мөрийг хадгалсан аж. Та түүний нүд рүү харж, нүдний нь гүн сүүдэрт нуугдсан найдвараа барсан гунигийг унших аваас энэ эмэгтэй зөвхөн дурсамжаар амьдарч яваа нь илт болноо.
Тэрээр залууг сэтгэл зовоосон асуултаар дүүрэн удаан харцаар харснаа доор нь том хар нүдээ нүүрнээс нь холдуулж, харц нь залуугийн зүүн гарт туслаа. Тэгэнгүүт, бүх тасалгааг донсолгох мэт хүнгэнэн мэгшиж “Миний хүү!” гэж хашхираад Жаал Льяног зүрхэндээ наалдуулан тэврэв.
Нэг cap болоод Тэкерын дуудсанаар Жаал Консулын газарт иржээ.
Тэр ёстой л испани… болжээ. Хараажаар америк үйлдвэрийн костюмтай, алт мөнгөний дархчуул багагүй хөдөлмөрөө дэмий зарцуулаагүй аж. Тамхиа орооход нь мундаг алмаасан бөгж хуруунд нь гялалзана.
-Юу байна вэ? гэж Тэкер асуув.
-Юу ч алга. Өнөөдөр анх удаа игуанаар хийсэн халуун хоол идлээ. Ийм том гүрвүүл, Мэдэв үү? xapин гахайн махтай хуурсан мексик буурцаг арай дор. Тэкер та мовлойн махаар хийсэн халуун хоолонд дуртай юу? гэж тайван хариуллаа.
-Үгүй ээ, бусад муухай юмнуудад ч дургүй гэж Тэкер дуугарав.
Өдрийн гурван цаг болж, нэг цагийн дараа гэхэд консулын жаргалаа эдэлдэг цаг болно. Түүний улайсан царайны өнгө сайныг эс бэлгэдэвч үгээ үргэлжлүүлэн,
-Хүү минь, ажил хэргээ эхлэе. Та надад үнэнч биш хандаж байна. Дөрөв дэх долоо хоногтоо тэнэмэл хүү болон тоглохдоо тэгье гэвэл өдөр бүр алтан таваг дээр тугалын мах зооглосон ч болохдог. Харин эрхэм Жаал намайг ингэж удаан гоймонгоор хийсэн цагаан хоолтой байлгах нь сайн хэрэг үү? Ямар учир байна? Хүү таны нүдэнд Casa Blanca мөнгөтэй адилхан юу ч дайралдсангүй юу? Түүнийг үзээгүй гэж бүү хэл надад. Хөгшин Урикэ мөнгөө, тэгэхдээ америк доллараар хаана хадгалдгийг бүгд мэднэ. Өөр бусад мөнгийг тэр тоодоггүй. Тэгэхлээр юу гэсэн үг вэ? Дахиад л битгий “огт үгүй” гэж хариулаарай гэхэд Жаал алмаасан бөгжөө сониучирхан,
-Мэдээж, тэнд мөнгө их байна. Хэдийгээр би тоонд төдийлөн сайнгүй ч миний өргөсөн эцгийн сейф гэж нэрлэдэг тэр төмөр авдарт тавин мянгаас багагүй доллар бий гэж зоригтой хэлж чадах байна. Тэр тусмаа намайг тэр нэг цагт сүргээсээ тасарсан жинхэнэ хөөрхий Франциско гэж итгэж байгаагаа батлахын тулд заримдаа надад түлхүүрийг нь өгдөг гэхэд, Тэкер уурлан хашхирсан нь:
-Тэгээд юу хүлээгээд байгаа юм бэ? Би дуртай өдрөө ганц үг хэлэхэд л чамайг илчилнэ гэдгийг бүү март. Хэрэв, хөгшин Урикэ чамайг нэр зээлдсэн гэдгийг мэдвэл та юу болох вэ гэдгийг бодож байна уу? Техасаас ирсэн эрхэм Жаал та, энэ орныг хараахан мэдээгүй байна. Эндэхийн хууль бол чиний шээсний сав гэсэн үг. Таныг мэлхий шиг төхөөрч, талбайн өнцөг бүрт тавь, тавин удаа дэлсэж, бүх бороохойг хугартал нүднэ. Дараа нь танаас үлдсэнийг матар луу шиднэ.
Жаал суудлаа засаж суугаад,
-Ямар нэгэн өөрчлөлт бодогдохгүй байна гэдгийг эрхэм танд мэдээлж чадах байх. Миний хувьд муугүй байгаа шүү гэхэд Тэкер аягаараа ширээгээ дэлсээд,
-Энэ чинь юу гэсэн үг вэ гэж асуулаа. Жаал,
-Таны санаархлыг өөрчиллөө. Та надтай ярихыг хүсвэл намайг Дон Франциско Урикэ гэж хэлж байгаарай. Ингэж хандсанд хариуцахаа амлая. Хурандаа Урикэгийн мөнгөнд бид гар хүрэхгүй. Тэр жижигхэн төмөр авдар Ларедо дахь Үндэсний нэгдүгээр банкны цагийн механизмтай авдар шиг л аюулгүй байдалд гэхэд,
-Та тэгээд намайг орхихоор шийдэв үү? гэж консул дуугарав. Жаал хөгжилтэйгөөр хариулсан нь:
-Яг үнэн. Таныг орхихоор шийдсэн. Яагаад ингэснийг одоо тайлбарлая. Хурандаагийнд очсон анхны орой намайг унтлагын өрөөнд дагуулж орсон, зүгээр л шалан дээр хөнжил байна гэж үгүй, жинхэнэ ортой, бусад сонин хачин юмтай ёстой жинхэнэ өрөө. Унтаагүй байхад минь миний хуурамч ээж орж ирээд хөнжлийг засаж “Панчито, миний алга болсон бяцхан үр, бурхан таалж чамайг надад эргүүлж авчирчээ. Би бурхны ачийг ямагт санана” гэж тэр хэлсэн. Бас энэ мэт дэмий юм ярина билээ. Бас борооны дусал хамар дээр унана билээ. Үүнийг би мартаж чадахгүй, эрхэм Тэкер. Тэр байдал одоо хүртэл үргэлжилж байна. Тэр чигээрээ байх ёстой. Надад ашигтай байгаа бол өөртөө хадгал. Би эмэгтэйчүүдтэй нэг их ойр байгаагүй, тийм олон ээжтэй ч байгаагүй. Харин энэ хатагтайг бид эцсийг нь хүртэл мунгинуулбал зохино. Нэг удаа тэр элдвийг үзсэн, хоёр дахь удаагаа тэсэхгүй. Би тун үл бүтэх амьтан, магадгүй ороолон, харин бурхан намайг энэ замд гаргалаа, энэ замаар эцсээ хүртэл явна. Намайг дурсах болохоороо дон Франциско Урикэ гэдгийг минь битгий мартаарай.
Тэкерын амьсгаа нь оволзож,
-Би өнөөдөртөө багтааж бүх үнэнийг хэлнэ, чиний хэн болохыг шившигтэй урвагч болохыг бүх хүнд хэлнэ гэлээ.
Жаал босож, тайвнаар Тэкерийг бахь гараараа багалзуурдан булан руу зугуухан түлхэн аваачив. Дараа нь зүүн суган дороосоо танан бариултай дөчин таван калибрын гар буу гарган ирж хүйтэн амыг нь консулын аманд тулгав.
Тэгээд хэзээ хэзээнийхээрээ хүйтнээр инээж хэлэх нь,
-Би энд яагаад ирснээ танд ярьсан. Одоо эндээс явбал шалтгаан нь та болно шүү. Үүнийг бүү мартаарай эрхэм ээ. Миний нэрийг хэн гэдэг билээ?
-Ээ, ээ… дон Франциско Урикэ гэж Тэкер арайхийж дуугарав.
Цонхны цаана тэрэгний дугуй түрчигнэх, хүн хашгирах, тарган морьдын нурууг модон ташуураар гуядах тас няс дуу гарав.
Жаал, гар буугаа нуугаад үүд рүү явснаа буцаж ирээд чичрэн байгаа Тэкерийн дэргэд очоод, түүн рүү зүүн гараа сунгаж,
-Яагаад бүх юм одоогийнхоороо үлдэх ёстой вэ гэвэл өөр бас нэг шалтгаан бий. Ларедод миний алсан жаал хүүгийн зүүн гар дээр яг ийм зураг байсан гэж аажуухан дуугарав.
Дон Сантос Урикэгийн хуучин цагийн сүйх тэрэг тачигнан давхисаар байшингийн дэргэд ирлээ. Хөтөч хашхирахаа болив. Тууз
бүч нь намирсан цагаан цагаан сүлжээгээр хийсэн сүрлэг гоё даашинзтай Сеньора Урикэ тэрэгнээс цухуйж, түүний энхрий том нүд нь жаргалтай туяаран,
-Хүү минь, чи энд байгаа юм уу гэж кастиль нутгийн ялдамхан хоолойгоор дуудахад,
madremia, yovengo (очлоо ээжээ) гэж залуу Франциско Урикэ хариулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих