Наран, Саран ба засгийн явдал /баримтат өгүүллэг/
Уншигч Та Наран, Саран гэхээр сансар эрхсийн тухай, засгийн явдал гэхээр төрийн эргэлт хэмээн бодох буй. Үгүй дээ, энэ бол хүний нутагт зовж яваа хоёр монгол бүсгүй болон Монголын ардчилсан хүчний хоёр том нам МСДН, МҮАН түүний гол хүн М.Энхсайхан болон нийт сэтгүүлчдэд тохиосон харамсалт үйл явдлуудын тухай юм.
Тэтгэвэрт гарахаас өмнөх арав шахам жилийг “Ардчилал”, “Сайн байна уу”, “Экспресс таймс”, “Засгийн газрын мэдээ”, “Зууны мэдээ” гээд л сониноос сонин дамжин ажиллаж дээ би. Яагаад гэвэл сэтгүүлчдийн цалин бага, морал мөнгө хоёрын тэг дундуур тэнхээ мэдэн дайраад гарсан нь голоо зогоож, гараагүй нь гадна хоцордог байв. Монголд сэтгүүлч сонин хоёр, ижил тавилантай, амь зуухын тулд хариултын бутархай зоос шиг гараас гар дамжин бусдын мэдэлд явахаас өөр зам байсангүй. Гэсэнч би удахгүй тэтгэвэртээ гараад жаргана даа гэж бүтүүхэндээ л мөрөөдөж явлаа. Тэтгэвэрт гараад жаргасан гэж үү? Үгүй дээ. Тэр жаргал гэдэг сонинд ч, тэтгэвэрт ч алга харин “Бурхны оронд очиж тэнд лавтай жаргана ” хэмээн лам нар айлдаж байна даа. Болтугай болтугай.
Тэр жилийн сонгуулиар ардчилсан хүчний бүх намууд “Эх орон- Ардчилал” эвсэл байгуулж түүний тэргүүнээр МҮАН-ын дарга М.Энхсайхан сонгогдсон юм. С.Зориг агсан Б.Цэнддоо, Ш. Мягмарсамбуу бид “Сайн байна уу“ нэртэй шинэ сонин гаргаж М.Энхсайхан, Р.Гончигдорж З.Энхболд, А.Ганбаатар, Ш.Алтангэрэл, Л.Бямбажаргал нарын зэрэг олон залуус сонгуулийн төв штабт, Ц.Элбэгдорж, Э.Бат–Үүл, Б.Батбаяр нар шинэ залуу нэр дэвшигчдийхээ хамтаар хот хөдөөд явж тэндийхээ тойрогт ажиллаж байлаа. Тэд ингэж эвсэж нэгдсэнээр сонгуульд ялж УИХ-д 50 суудлаар засгийн эрхийг авч тэр дунд анх удаа тус намаас дөрвөн эмэгтэй УИХ-д сонгогдсон юм. Энэ бол ардчилсан хүчний нэгдмэл чанарын оргил, М.Энхсайханы удирдлага дор Монголын нийгэмд олон жилийн дараа хийсэн том өөрчлөлт байлаа. Сонгуульд ялснаар М.Энхсайхан Засгийн газрын Ерөнхий сайд болонгуут анхныхаа шийдвэрээр “Сайн байна уу”, “Экспресс таймс”, “Ардчилал” сонинд ажиллаж байсан Шавьхүүгийн Мягмарсамбууг “Засгийн газрын мэдээ” сонины ерөнхий эрхлэгчээр томилчихдог юм байна. “Морьтын хишиг явгандаа” гэж тэр үед би Мягмарсамбуутай хамт ажиллаж байсны хувьд түүнийг дагаж засгийн тэр том сонинд анх очсон хэрэг л дээ. Мягмарсамбуу бол ЗХУ-д мэргэжил эзэмшсэн, Монцамэ-д ажилладаг, үүнээс өмнө бүр наяад оны эцсээр “Шинэ толь”, ерэн онд “Ардчилал” сонины анхны дугаарыг гаргалцаж дараа нь түүний эрхлэгчээр ажиллаж ардчиллын төлөө ажил үйлсээ зориулсан арвин туршлагатай сэтгүүлч юм.
Гэтэл “Засгийн газрын мэдээ” сонин засагтаа хэвээрээ атлаа хувийн сонин болчихсон байсан юмдаг. Тэгэхээр Ерөнхий сайд маань биднийгээ хувийн сонинд томилчихсон хэрэг л дээ. Засгийнхаа сонины нэрийн төлөөх төлөөх бидний зарга он дамжин сунжираад дийлдсэнгүй тул эцэст нь сониныхоо нэрийг өөрчлөхөөс өөр арга байсангүй. Ингэж ”Зууны мэдээ” нэртэй шинэ сонин “Засгийн газрын мэдээ”-гийн олон жилийн орыг, өртөй нь хамт өвөрлөн төрсөн билээ.
Мягмарсамбуу маань өөр ажилд шилжин “Зууны мэдээ” сонины ерөнхий эрхлэгчээр Энхсайханы хэвлэл мэдээллийн албаны ажилтан Ц.Ганболд гэдэг залуу томилогдон түүний орлогчоор сэтгүүлч Э.Сонинтогос, Ц.Цэцэгчулуун нарын хоёр бүсгүй ирсэн. Тус сонины нүүр царай, нийтлэлийн бодлогыг шинэчлэн, элдэв хов жив, хувь хүний хэрэгт үл оролцон зөвхөн бодит мэдээллийг уншигчдадаа хүргэхийг хичээсэн биднийг заяа түшсээн. Тэр үед Монголд хувийн сонинуудын дунд их үер бууж, олон сонин зах зээлд шинээр гарч тэр хөлгүй их далай дунд дээрээсээ татлага, доороосоо тулгуур муутай нь живж байсан юм. Бидэнд ч гэсэн энэ “алалдаанд” орохоос өөр зам байсангүй. Хэрэв сонин уншигчдын гарт хүрэлгүй газарт унавал хог болж тэр нь эзэддээ ашиг бус алдагдал авчирна. Ялагдвал үхэл гэдгийг хатуу ойлгосон бид уншууртай материал, сайн зураг сониндоо тавьж үзэмж гайгүй нүүр царайтай болоод байх байхгүйн халз тулаанд орсон хэрэг. Ингэснээр “Зууны мэдээ“ төрийн албан хаагч, ажил хэрэгч хүмүүсийн нүдэнд өртөж эхэлсэн юм даа.
Ц. Ганболд, Э.Сонинтогос, Ц.Цэцэгчулуун нар бол хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажиллаж гаршин, сайн муугаас цочоо нь гарч хат суусан, жинхэнэ мэргэжлийн чадварлаг сэтгүүлчид байлаа. Одоо ч тэд бий л дээ. Гэхдээ тэд нөхцөл байдлын улмаас өөрийн авъяас эзэмшсэн мэргэжил, мэдлэгээ, олон жил зориулж туршлагажсан энэ ажлаасаа хөндийрч өөр ажил эрхэлж байгаа.
Тэр үед тэд нар маань ид юм хийж бүтээх насандаа ч, байрандаа ч ирцгээсэн гэж би боддог юм. Ганболд бол сонины өгөлт, бичлэгийг муугүй мэддэг, өнгөцхөн гүйлгээд л алдаа мадгийг нь олж зааж хэлээд өгдөг, их уян хатан, сэтгүүлчдээ анхаардаг ч, хамгаалдаг ч, ажиллуулдаг ч, тэднийхээ эв дүйг хичээн, ажиллах арга замыг эрж хайж ямагт олж чаддаг байсан юм. Сонинтогос Цэцэгчулуун нар бол хэвлэл мэдээллийн их мастерууд, тэд маань сониныхоо хамгийн хүнд дамжлага дээр бат зогсцгоон замд торсон бүхнийг шантралгүйгээр давж хүнээс бодит ажил шаарддаг, өөрсдөө ч хоёр нарны хооронд ажилдаг бүсгүйчүүд байв.
Тэр үед энэ салбарт байсан жинхэнэ мэргэжлийн сэтгүүлчид гэвэл тэр дунд тэднийг нэрлэж болох байхаа. Удирдлагын энэ гурвал “Зууны мэдээ”-г хоёрхон жилийн дотор л бүх өрнөөс нь салган хөлийг нь дөрөөнд хүргэж тэр “алалдаан” дундаас бид амьд гарсан нь тэдний ур чадварынх нь менежмент байлаа. Тэд нарын гавъяа нь шинэ нэртэй сонин гаргасандаа ч бус, яг хэрэгтэй цагт нь хэрэгтэй байранд байсандаа л гэж боддог юм. Өдгөө иймэрхүү ур чадвартай жинхэнэ мэргэжлийн сэтгүүлчид харамсалтай нь цөөрчихөж. Мэдлэг, ур чадвар нэг л тиймхэн, бичлэг нь утга, найруулгын авцалдаа, үг сонголт, байршилт муутай, гол нь хэллэг, хэл зүйн алдаа мадаг хээв нэг бэлчих болжээ. Сониныхоо нүүр дүүрэн ярилцлага хийхдээ хэн нэгнийг хэтэрхий дэвэргэн магтах, зарим нь цаад хүнийхээ санааг гаргахаасаа илүү өөрийгөө дэвийлгэж цэцэрхэх нь ч ажиглагддаг юм. Хэн нэгний захиалгаар бичдэг нь ч бас бий. Сайн сайн сэтгүүлчид олон бий л дээ гэхдээ л нийтлэг дүр төрх нь нэг л иймэрхүү. Сэтгүүлчдийг бэлдэж буй сургуулиуд нь төлбөрөө аваад л дипломоо өгөөд л илүүг бодох сөгөөгүй яг л захын наймаа шиг. Гэхдээ миний өнөөгийн сэдэв энэ тухай биш л дээ.
“Зууны мэдээ”-гээс бидний хэдэн сэтгүүлчдийг Хятад улсын хэвлэл мэдээллийнхэнтэй ажил төрлийн холбоо тогтоон туршлага судлах, болж өгвөл сониндоо жаахан ч гэсэн цаас олчих санаатай энэ аялалд гарсан юм. Тэр үед сонинд цаас гэдэг хамгийн үнэтэй зүйл тул бидний амьдрах хугацаа нь хэвлэлийн цаасны нөөцөөрөө л хэмжигдэж байлаа. Цаасаар гачигдсан сонин бол хорт хавдраар өвчилсөн хүнтэй агаар нэгэн гэсэн үг.
Бидний аялал Бээжингээс Шанхай, эргээд хоёр хотоор ороод дараа нь Бээжинд ирж нутаг буцах товтой тул Бээжин орж нэг хоноод дараа нь Шанхайд ирэв. Зүүн Хятадын тэнгис рүү түрэн орсон эх газрын энэ хот хүн амаараа ч, худалдаа арилжаагаараа ч, хотжилт хөгжлөөрөө ч дэлхийд дээгүүрт багтдаг, их гарын том наймаачид, элдэв олз хайгчид, тэнүүлчид, явуулын хүмүүсийн саатах дуртай, алаггүй сайн үйлчилгээ, амттай хоол, тохилог цэвэрхэн зочид буудлууд, зоостой л бол аль ч газрын аавын охид, хөвгүүдийг ялгаварладаггүй үүд хаалга нь үргэлж нээлттэй байдгаар үл барам ерөөс бүхий л үйлчилгээ нь гадны зочин гийчдийг татахад л чиглэдэг ажээ.
Дэлхийд хүн амынхаа тоогоор тэргүүлдэг Хятад улсын хамгийн шигүү, дэндүү залуу бөгөөд хөгшин, дэндүү хуучин бөгөөд шинэ энэ метрополисийн оршин суугчид арвандөрвөн сая хол давж дэлхийн том хотуудыг ардаа орхижээ. Гэсэнч ийм олон цугласан газар гэхэд зочид буудал нь үйлчилгээ сайтай, газрын тээвэр нь шаламгай, зам нь түгжрээгүй бөгөөд сайн, хот нь хоггүй цэвэрхэн, агаар нь утаагүй, замын гарцаар явган зорчигч гарч дуустал автомашинууд тайван нь аргагүй хүлээж л байх нь бидний хувьд бол гайхмаар бас атаархмаар байв. Автобусны зогсоол дээр иргэд нь цувраад зогсчихсон тэр дарааллаараа орж ямар ч шаардлагагүй өөрсдөө мөнгөө төлөх нь бүр ч гайхмаар. Тэнд кондуктор байхгүй байхад шүү дээ. Хүмүүс зориуд ирж хогийн саванд хаядал цаасаа хийчихээд эргэж одох нь бол бүр ч гайхамшиг. Их хот хэмээх алдар нэрийг өөрөө өөртөө өх бус, хэн нэгнээс гуйж байж хэлүүлэх ч бус, иймэрхүү зүйлээр л олдог ажээ. “Азийн цагаан дагина” гэдэг нэрийг бид өөрсдөө юу эсвэл хэн нэгэн өгсөн ч бай дүүрч, харин одоо бид энэ нэрээ яаж хамгаалах вэ гэвэл эндээс санаа авах юм багагүй байгаа бололтой. Бид хонио муулахдаа ганц дусал цус газар хүргэлгүй болгож олон нугалаа өлөнг аяга усаар шувтарч чаддагч гаргасан хогоо саванд хийж сураагүй, уяа бөхчүүдийн барилдааныг нар шингэтэл тэсдэг ч улаан гэрэл дохио ногоон болтол хэдэн секунд тэвчин хүлээж чаддаггүй зантай хүмүүс юм. Энд л бид анхаарах ёстой болов уу хэмээн бодож шүү л явлаа. Гэхдээ аль хотын бохир ядуу хороолол, орон гэргүй, хууран мэхлэгч, хулгай нарыг хэлж яаж барахав дээ. Энд ч мөн адил. Тэд хүмүүсийг яаж ч мэхэлж болох талтайг ч бас дурдах нь зөв байх. Харин бэл бэнчингүй, биедээ зоосгүй бол чамайг хэн ч тоохгүй. Ёстой л зовлон жаргал хоёрыг зоосоор захиалж болох агаад энд таны хүсэл мөрөөдөл, бэл бэнчинд дэнслэгдэнэ.
Бид өглөөнөөс үдэш хүртэл гадуур явж оройн хоолны дараа чөлөөтөй болмогц л дэлхийд данстай энэ том хотыг үзэхээр юун ядрахтай манатай, цөөн хоногоор юм үзэж нүд тайлах жавшаан тохиож байхад… гээд л их хотын ид хөлтөй хэсгээр гарч өглөө. Өдөр ч шөнө ч цельсийн гучин хэмээс доош буудаггүй, энэ бүгчим халуунд гэнэт бөөн үүл хуралдан тэнгэрээс юүлсэн их усаа хур болгон буузны жигнүүр мэт болсон бүгчим хотын дээрээс цутган мөн л тэр дороо л намжлаа. Борооноор эл хул болсон буудлын ойролцоох далайн далан түүний эргээрх өргөн чөлөөгөөр нэгэн хоромд л хүний хөл хаанаас ч юм дахин нэмэгдэж нааш цааш зугаалах явган зам, гүүрээс гүүр хүртлэх хэсэгхэн энэ чөлөөнд бүр ч их, өнгө өнгийн гэрлээр нүд гялбаах кофе, баар, дэлгүүрийн гэрлэн чимэглэл, үүргийн худалдаа, фото зурагчин, олон хэлээр ярилцах жуулчдын дуу шуугиан тэр дороо л дахин бий боллоо. Тэр дунд орж энэ бүхнийг сонирхон борооны дараах сэрүүн агаарт уушгиа тэнийлгэсэн шигээ их додигор явлаа миний бие. Хажууд тэн хэмжээгүй их далай солонгорон ногоорч түүний мандалд хөвөх олон завь аялагчдыг дуудан давалгаа дунд шомболзон хүлээнэ. Хосууд завь хөлслөн зуурдын жаргал эдлэхээр дуу шуугианаас холдож, казино бүхий усан онгоц их далайн олон улсын чөлөөт хилд |нэйтраль зон-д| очно. Тэнд мөрийтай тоглоомд Шанхай хотын хууль үл үйлчлэх аж. Эндхийн хүмүүс хэдийгээр хатуу чанга хууль дэглэмд баглагдсан ч амьдрах аргаа олцгоож л байна.
Далайн давалгаа эргээ мөргөн цалгилж буцаж хөөсрөн алдрахыг харж зогссон явуулын хүмүүс задгай зоос далайд өргөн аян замаа даатгаж, мөрөөссөн хүслээ шивнэж буй бололтой. Хүсэл мөрөөдлийг биелүүлдэг увидаст газар эх дэлхий бидэнд олныг хайрласан юмаа. Италийн түүхт хот Верона дахь Жульетта-гийн хөшөө, Өмнөд Делийн шон, Шотландын мөнгөн мод гээд л… Монголчууд ч бас мөчөөгөө өхгүй ээ. Алтан овоо, Шилийн Богд, Ээж хад, Эрдэнийн овоо, Хамрын хийд, Дэвсэг авгай, Амарбаясгалан хийдийн эхийн умай… гээд л уншигч Та үүнийг юу эс андахав.
Би ч бусдын жишгийг дагалаа. Миний далайд өргөсөн цагаан мөнгө хөлгүй усанд хэсэг гялалзаад л ор мөргүй алга болохыг харан хэсэг зогсоод олны хөл даган хөгжлийг гайхахаар цааш хөдлөв. Газраас борооны дараах мөөг мэт ургасан өндөр өндөр шилтгээнүүд бие биенийхээ дээрээс эрхэмсэгээр өнгийн тэнгэрийн өехий цоолом хамгийн өндөр нь тэртээ дээрээс вааранд дарсан шанцай шиг чихэлдсэн газарт буй олныгоо намжирдах мэт ихэмсэгээр дүнсийнэ. Түүний оёороос дээш харахад малгай байтугай толгой салж унамаар.
Тэр дундаас шовх оройт христийн сүмийн дээрх асар том гэрэлт цаг шөнө дунд болсныг хүрэл хонхоороо зарлан дүнгэнэхэд энэхүү цагийн гонхноос ертөнцийн эзэн Есүс загалмайнхаа хамт, түүний араас алтан титэмт хаан хатныхаа хамт, хан хүү гүнж хоёр, араас нь амбан албатууд, дараа нь илжиг унасан алиа салбадай болон элдэв сонин хүүхэлдэй цуварч түүнийг сонирхсон хүмүүс энд овоорч байхад нөгөө хэсэгт нь далан хэлийн амьтан цугласан шөнийн баарны үүдэнд шалдан шахуу бүсгүйчүүд сэлгүүцэн зарим нь эрчүүлтэй тэврэлдэн бүр илэн далангүй озолдон үнсэлдэж, нээлттэй цонхоор дуу хөгжим хангинах шуугиан, хүний хөл хөдөлгөөн үл намжих ажгуу. Амраг хосууд уулзаж, ажил хэрэгч хүмүүс өдрийн алжаалаа тайлж, зарим нь найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэн баярлацгааж хэдий шөнө дунд болсон ч энд амьдрал ид өрнөж байна. Тэгэхээр сүмийн хонх их хотод шөнийн амьдрал эхлэж буйг л зарласан хэрэг л дээ. Тэдний дунд шар үстэй, европ царайтай, гадаадынхан ч бас цөөнгүй бололтой.
Манай нийслэлд бол шөнө дунд болов уу үгүй юу л баар ресторанд сууж буй анд найзууд, амраг хосууд, ажил хэрэгч хүмүүс хэн ч бай бүгдийг хөөж гаргаад үүд хаалгыг нь шүүх цагдаатайгаа элбэж байгаад янгинтал түгжиж, гэрэл дэнг нь таг унтрааж авдаг юм даа.
Ингэж л архичид, биеэ үнэлэгчидтэй тэмцдэг сонгомол аргатай. Гэхдээ манайхан яасан ч гадаа гудамжинд үнсэлдэхгүй ээ, харин зодож айлгаж байгаад мөнгийг чинь дээрэмдэж, аягүй бол хүчиндэж ч магадгүй. Нийслэл маань аялал жуучлал хөгжүүлэн гадаадын жуулчдыг олноор оруулж мөнгө олно гээд байдаг мөртлөө бар рестронаа орой үдшээр хаачихдаг… хэмээн бодож ээ явтал энэ шуугиан дундаас миний ард яваа хоёр бүсгүйн дуу надад онцгой содон дуулдлаа. Мэдээж тэд монголоор ярьж явна л даа. Хүний нутагт яваа хэний ч сонорт төрөлх хэл аялгуу нь ямагт түрүүлж хүрдэг аж. Нутагтаа үүнийг би мэддэггүй байсан хэрэг. Энэ бүсгүйчүүлийн яриаг би чагнахгүй гэсэнч өөрийн эрхгүй алхаагаа удаашруулан тэднийг өмнөө оруулав. Тэдний нэг нь:
-Энэ усны хорхойтой хоол нь ч бүр хоолой давахгүй юм байна. Ухархайнаасаа бүлтэрсэн нүд нь тавган дотроос урдаас чинь санжигнаад байхад чи яаж залгих юм гэхэд нөгөөх нь:
- Их өлсвөл залгиж л таараа. Хонины толгой чанаад нүдийг нь ухаад л иддэг биздээ манайхан.
-За мэдэхгүй дээ. Хамгийн сайхан хоол бол ээжийн минь гурилтай шөл л юм байна даа.
-Гоймон, цагаан будаа байна шүү дээ.
-Гэхдээ л бас цаанаа л нэг эхүүн үнэртэй.
-Зүгээрээ, зүгээр. Дасчихна даа чи. Бидний дуртай монгол хонины мах гадны хүнд тийм үнэртэй байдаг бусуу. Хүн амьдралдаа хийж чадах юмаа ч, идэж чадах юмаа ч өөрөө л хайж олдог.
-Олж идэх гэдэг бүр ч хэцүү.
-Эрвэл олж л таараа. Эрэхгүй бол олохгүй. Сугалааг сугалахгүй бол хожихгүй гэдэг бусуу гэсээр миний хажуугаар борооны шүхэр барьж жийнсэн өмд өмссөн нөгөөх хоёр бүсгүй өнгөрч би тэднийг олны дунд урсгал дагуулан харсаар хоцров. “Эд лав жуулчид бизээ” хэмээн өөрөө өөртөйгөө ярьж явсаар би ч буудалдаа хүрч ирлээ.
Маргааш орой нь мөн л зугаалж явтал нөгөөх хоёртой дахин тааралдав. Энэ удаад тэд өмнөхөөс тэс өөрөөр хувцасласан тул би анхандаа таньсангүй. Энгэр задгай цамцны цаанаас нүцгэн цээжнээс хөхнийх нь дээд тал цухалзаж, өгзөг далдлах төдий богино өмд, өндөр өсгийтэй туфли өмсч уруулаа шунхан улаанаар будан задгай тавьсан үсээ далайн давалгаа мэт намируулан намс намс алхлах нь тун ч содон. Энэ хоёр намхан биет, сартан хамарт тэндхийнхнээс огт өөр чацлаг, царайлаг тул тэдний дэргэдүүр гарсан эр сүвт хэн боловч эргэж харахгүй өнгөрнө гэж үгүй. Өөрийн эрхгүй зарим нь эхнэрийнхээ харцаас далиран нүднийхээ булангаар сэм харц чулуудна. Би ч бас ширтсээр уран гоо дүр, эм биеийн үзэсгэлэн гэвэл тэднийг хэлэх буйзаа хэмээн бодлоо.
Тэд олны дундуур нааш цааш алхалж түр зогссоноо нэгийг эрсэн мэт дахин ийш тийш холхилдоно. Олноос онцгой содон тэр хоёр лав л жуулчид биш бололтой. Тэд чухам юу хийж явааг би сая л ухаарлаа. Гэсэнч би гайхсангүй. Бум бужигнаж түм түжигнэсэн их хөлийн ийм газар энд тэндхийн хүүхнүүд ирж хүн төрөлхтөний анхны мэргэжилээр ажиллах явдал бишгүйдээ л байдаг. Тэгээд ч итгэмтгий гэнэн монгол бүсгүйчүүд хаа нэгтээ очиж, тэднийг авсан хүмүүст хууртагдаж, хорлогдсон болон доод биеийн элдэв өвчин эмгэгт нэрвэгдэж хаягдсан тухай сэтгүүлчид бид юу гэж мэдэхгүй байхав дээ. Харин энд ирж тэднийг нүдээр үзнэ гэж огтхон ч төсөөлсөнгүй явлаа. Монголд бас ийм үзэсгэлэнт охидууд байдаг юмаа хэмээн нэгэнтээ бахархаж нөгөөтөө хайран сайхан залуус хэмээн харамссаар л өнгөрлөө.
Тэд үнэхээр цэл залуу, цэцэг цэврүү шиг сайхан насандаа энэ амь дүйсэн ажлыг сонгож дээ. Ийм сайхан бүсгүйчүүдээ ингэж ч алдах гэж дээ хэмээн би дотроо халагласаар буудалдаа буцав. Маргааш орой нь гэрийнхэндээ ямар нэг бэлэг авчих санаатай гүйж явтал гудамжинд хүмүүс овоорч байхыг хараад дөхөж очвоос нөгөөх хоёр бүсгүйн нэг нь явган хүний зам дээр уначихсан хэвтэж байна. Нөгөөх нь олон хүний дунд учраа олохгүй сандарч буй нь илт. Ухаангүй унасан бүсгүйг нөгөөх нь Нараа, Нараа босоорой хэмээн дуудах авч хариу алга. Хажууд нь байгаа нь, бүчсэн олны дунд яах учраа олохгүй байв. Би түүнд ойртон
-Юу болов? гэхэд тэрээр монгол хүний дуу сонсоод ихэд олзуурхсан нүдээр над руу
-Ахаа та бидэнд туслаарай. Энэ маань хүнд зодуулаад уначихлаа.
-Түргэн тусламж дуудах уу?
-Хэрэггүй, тэгж ер болохгүй. Тэгвэл биднийг барьж аваад л шууд шоронд аваачаад хийчихнэ. Бидэнд бичиг баримт юу ч байхгүй гэлээ.
-Тэгвэл эндээс хурдан холдоё гээд олныг дундуур зүтгэж ашгүй нөгөөх бүсгүй сэргэж бид түүнийг сугадан ойролцоох миний байрласан буудалд орж явтал цагдаа нар ирж буйг бид ажиглав. Гэхдээ эндхийн цагдаа нар гадаадынхныг барагтай л бол авч хэлцдэггүй гэнэ.
Буудалд орж би өөрт байсан эмнээс өгч бүсгүй ч арай гайгүй болов. Ингэж бид гурав анх танилцсан юм даа. Тэд овог нэрээ бүтнээр нь хэлсэнгүй, Наран, Саран л гэлээ, би ч мэдэхээр хүчилсэнгүй. Наран ч бай, Саран ч бай, надад ямар хамаатай юу даа, миний охинтой адилхан монгол охидууд л байна.
Нарааг мотоциклтэй хоёр хүн хажуугаар нь гарахдаа л толгой руу бороохойдоод зугтсан гэнэ. Өндөр үнэ хэллээ хэмээн бүсгүйг ийнхүү шийтгэснийг би сүүлд мэдсэн юм.
Энэ хоёр бүсгүй хоёул ар гэр ядуу тул нэгэн нанхиад эртэй танилцаж, өөрсдийн төрөл садан танил талаасаа нилээд мөнгө зээлэн энд ирж мөнгө олж эргүүлж төлөхөөр болсон нь тэдэнд тэр болгон олдошгүй завшаан гэнэм. Нөгөөх эрийг тэд, бидний спонсор хэмээн ярьж байлаа. Үнэндээ бол ямар юмных нь спонсор байхав дээ. Залуу төгс биеийг үнэлүүлж олсон орлогыг нь хувалз мэт сорьж амьдардаг амьтад шүү дээ. Цэл залуу насандаа хүний газар зодуулж нэрвэгдсэн нөгөөх бүсгүйг би өрөвдөн хурдан нутаг буцахыг санал болгоход харин тэд надаас хурдан холдохын түүс болсоор гарцгаав. Гэсэнч тэр орой намайг буудлын хаалгач эмэгтэй дуудав. Утсаа автал нөгөө Сараа нь ярьж байнаа. Нараа дахин ухаан алдаж унаад сэхдэггүй гэнэ. Намайг түрүүчийн эмнээс авч ирэхийг хүссэний дагуу би такси хөлслөн яарсаар очлоо. Харин энэ хэсэг бол миний зугаалдаг нөгөөх өргөн чөлөөнөөс эрс тэс ялгаатай юм даа. Аалзны тор мэт олон салаа муруй саруй гудамжууд нь эхүүн үнэр танартай ч оршин суугчдынх нь амьдрал гаднаа л өрнөж байх юм. Тэдний өмссөн хувцас байгаа байдал яг л дундад зуундаа байгаа мэт. Тэд гаднаа хооллож, хоорондоо чанга чангаар ярилцан, хүүүхдүүд нь нааш цааш гүйлдэн, настайчууд маажин наадах ажгуу.
Энэ бол бас л их хот Шанхайн өөр нэг нүүр царай нөгөө дэндүү хуучин хэсэг нь. Бид явсаар нэгэн мухар гудамж дахь гурван давхар байшингийн өмнө очиход Сараа намайг гадаа хүлээж байлаа. Энэ байшингийн өмнөх хаалгаар шар айраг бүхий бааранд орох боломжтой. Харин ар талд зочид буудал хэмээх хаягтай жижиг шилэн хаалга байх агаад өөрсдийн ямар нэг нууц оньсоор нээгдэн дотор ормогц үүдний өмнөх хэсэг зайд хижээл насны боловч маш ганган нэгэн эмэгтэй дээд давхар өөд ганган бүсгүйчүүдтэй хөтлөлцөн гарах эр болгонд мишээж, мэнд мэдэн, “Морилон орно уу” хэмээн хичээнгүйлэн ёсолж тэд ч хариу болгон мөнгө атгуулна.
Үүдний хажуу дахь жижиг баар кофед залуу охидууд гаднаас орох хэнийг ч болов ажиглан өөрсдөө нүднээс далдуур, нууц байх аж. Энэ баарны хэдэн босоо сандайлгад залуусаас эхлээд хижээл хүртлэх насныхан тухлан наагуур цаагуур хөшилдөх нь энгийн нэгэн баарнаас ялгаа үгүй ч содон ганган бүсгүйчүүд нааш цааш холхин эрчүүд шохоорхлын харц унагана.
Жирийн нэг цайны газрыг санагдуулам энэ байранд би Сарааг даган хурдхан дээш гарчих санаатай ч үүдний авгай дуулгавартай нь аргагүй бөхөлзөн ёслож намайг дагуулан харсаар хоцров.
-Энэ авгай намайг лав үйлчлүүлэгч гэж ойлгов бололтой гэхэд Саран
-Тэр таны гарыг л харж байгаа, орж гарсан хүмүүсээс тэрээр багагүй мөнгө “саадаг” гэв. Үүдний хэсгээс нөгөө тийш нэгэн хаалгаар зочдын өрөө, дээд давхарт эл бүсгүйчүүд амьдрах аж. Бид гол шатны хажуу дахь нөгөөх хэсгээр дээш гарч тэдний өрөөнд орвоос өрхийг нь татсан гэр мэт тас харанхуй бөгөөд нам гүм тэр дунд зөвхөн салхин сэнс л сэрчигнэж байв. Их халуунд цонх нээх ч аргагүй, хөшиг татаастай тул гэрэл үзэхгүй байх аж.
Сараа түрүүлэн гэрэл асааваас Нараа чулуун шалан дээр хэвтэж байлаа. Шалан дээр арай сэрүүн юмдаа. Бид хоёр түүнийг орон дээр нь гарган эм үнэртүүлж цээж толгойд нь хүйтэн жин тавьсаар арай гэж сэхээв. Нараагийн тунгалаг цагаан царай нь барайж цэлдэн хөх болоод хацар дээр нь тарлан сэвх гарч нүд нь талимаарсныг харваас багагүй сульдсан нь илт. Би ч айснаа нуусангүй тэдэнд хандан
-За охидууд минь. Та хоёр сайн бод. Энэ чинь тоглоом биш шүү. Ер нь л та хоёр хурдан нутаг буцсан нь дээр дээ л гэлээ. Нараа
-Бид буцах замгүй болсон хүмүүс шүү дээ. Ах минь. Та биднийг энд яаж үйлээ үзэж ирсэн гэж бодож байна. Ар гэрийнхнээ дааж давшгүй өрөнд унагаж орхичихоод энд ирж мөнгөтөй болоод эргэж төлөхөөр ирсэн. Хүмүүс өрөө нэхэж ар гэрийхэн маань биднийг авралын од мэт хүлээж байгаа. Тэгээд ч энэ хүн зарсан мөнгөө эргүүлж олоогүй цагт бидний бичиг баримтыг буцааж өгөхгүй, хэрэв өхдөө тулвал амьд буцаана гэж санахын ч хэрэггүй, хүзүүнд том чулуу уяад хөлгүй далайд хаях л магад. Хавар болж суваг цэвэрлэх үеэр тиймэрхүү цогцос жил болгон гардаг гэж дуулсан юм байна. Үхсэн ч сэхсэн ч дүүрсэн, үүнээс өөр зам байхгүй хэмээн бүсгүй санаа алдав. Ингэж байтал тэдний “спонсор” хэмээн нэрлэсэн нөгөөх нахиад эр орж ирлээ. Дунд зэргийн насны энэ эр их дэгжин ч, түрэмгий байрын нэгэн байлаа. Би түүнтэй монголоор мэндэлсэн ч тэрээр хүнтэй мэндийн зөрөөгүй нэгэн аж. Намайг хүн байна ч гэж тоосон шинжгүй харин охидуудад хандан
-Энэ юун хүн бэ? хэмээн монголоор хэлээ хугалах шахам асуув. Монгол хэлийг яаж гутаах вэ гэвэл ийм аялагаар ярих биз. Би түүнд хандан
-Би монгол хүн. Энэ эмэгтэй өвчтөй тул яаралтай эмнэлгийн тусламж хэрэгтэй гэхэд нөгөөх эр мөн л нөгөөдүүлд хандан
-Хэрэв та нар өвчилвөл бид өөрсдийн эмчид үзүүлэнэ гэж анх тохиролцсон, иймээс бид өөрсдийн эмчид үзүүлэнэ гэв. Энэ удаад тэрээр надад анх удаа хандан эндээс хурдан явахыг шаардан, дахин үүгээр үзэгдэхгүй байхыг “эелдгээр” сануулав. Үүгээр бидний яриа дуусч би ч тэндээс гарч буудалдаа ирж хэвтсэн боловч унтаж чадсангүй хоёр бүсгүйд сэтгэл зовон нойр хулжжээ. Өглөө нь босч ажлаа амжуулаад гадуур гарсан ч нөгөөх хоёртой тааралдсангүйд санаа зовсоор эргэж ирэв. Энэ үед надад энэ чинь тийм ч амархан мөнгө олчихдог ажил биш байна шүү хэмээн бодогдож билээ. Зовлон гэдэг олон өнгөтөй түүнийг хүн үзэж байж л ойлгодог юм даа. Маргааш нь тэдэнтэй уулзах санаатай дахиад л буудалд нь очлоо.
Үүдний авгай мөнөө л англиар мэндчилэн угтаж би түүнээс хоёр бүсгүйг асууваас тэд аль хэдийн нүүчихжээ. Хаашаа явснаа хэлсэнгүй, надад ямарч мэдээ сэлт үлдээсэнгүй, харин тэд төлбөрт хугацаанаас долоо хоногийн өмнө гарсан тул намайг тэр хугацаанд нь үнэгүй суугаад дараа нь үнээ төлөөд суу хэмээн ятгаж байнаа нөгөө авгай. Гэсэнч би маргааш өөр тийш явах тул… гээд энэ саналаас татгалзав. Эрхэмсэг авгай цааш нь
-Энд өөр залуу охидууд бий шүү хэмээхэд би баярлалаа, гээд тэндээс гарлаа. За ингээд Наран Саран хоёр нар бараагүй болждээ гэсээр буцаж буудалдаа ирлээ. Маргааш нь би өөр хот руу явах тул орой нь тэднийг олоод харчих санаатай бас л гадуур гарав.. Ингэж би Сарантай гадаа нөгөө л гудамжинд тааралдсан юм. Тэрээр ганцаараа “ажилдаа” гарч дээ зайлуул. Би түүнд уулзмаар байна гэхэд Саран
-Тэр буланд та очиж бай, би араас чинь очьё гэв. Би түүний заасан газарт очиход тэр ч араас ирлээ. Би түүнээс
-Наран яасан бэ? хэмээхэд
-Нарааг нөгөөх “спонсор” эмнэлэгт үзүүлэнэ гэж авч гараад буцаж ганцаар ирсэн.Тэгээд Нарааг эмнэлэгт хэвтүүлсэн гэсэн. Эмнэлэгийн хаягыг надад хэлсэнгүй, тэнд гаднын хүн оруулдаггүй гэнэ. Харин намайг нүүлгэн өөр газар аваачин ганц хүний өрөөнд оруулж одоо чи Нарааг эмнэлгээс гартал ганцаараа ажлаа хийх болно гэсэн. Би түүнд итгэхгүй, нэг л муу совин татаад байна.
-Хорлосон байж магадгүй гэж үү?
-Энэ бодол намайг орхихгүй зовоож байна.
-Тэгвэл чи түүнийг амьд байхад нь хамгийн сүүлчийн удаа харсан цорын ганц гэрч болох нь байна шүү дээ. Хэрэв тэд Нарааг хороогоод хаа нэгтээ орхисон нь илэрч хэрэг мандвал тэд чамайг яахыг чи төсөөлж байна уу?
-Тэд намайг… гээд дуу нь цуцаж цааш хэлэх үг хоолойг нь давсангүй намайг түшин хүүхэд мэт эхэр татан уйлсаар миний өмссөн дан цамцны энгэрийг шалчийтал норгож билээ.
Хажууханд цэлэлзэх цар хэмжээгүй их далайн хажууд дан цамцны энгэр норгох төдий Сараагийн нулимс юу байхав дээ. Би түүнд ерөөс эндээс зугатаж өнөө шөнийн галт тэргээр Бээжин орж элчин дээрээ оч, би чамд билет авч, галт тэргэнд суулгаж өгье. Тэгээд өөрсдийнхөө тухай үнэнээ хэлж тэднээс тусламж гуй тэд туслах ёстой хэмээн зөвлөв. Саран нулимсаа гарынхаа алгаар арчивч мэлмэрсээр л байлаа. Тэрээр түр тайвширснаа
-Над шиг ямарч бичиг баримтгүй, ийм муу үйлтэй амьтанд юу гэж л туслав гэж дээ.
-Тэд иргэдэдээ л туслах үүрэгтэй энд сууж буй хүмүүс. Ямарч бай ээждээ муу үр гэж үгүйн адил эх орондоо муу иргэн гэж байдаггүй юм. Иймээс төрд сайн, муу иргэн гэж байдаггүй, иргэн л бол иргэн. Тэр тусмаа тусламж хүсч буй үед нь. Ингэж ятгасны эцэст Саран зориг шулуудан зугатахаар шийдэв. Бид хоёр тэр гудамжнаас гарч такси хөлслөн түүний нүүж очсон шинэ байранд ирж би такси дотор түүнийг хүлээн Сараа дотогшоо орон үүргэвчээ үүрэн, гартаа сумкээ барин гүйсээр гарч ирлээ. Бид шууд вокзал руу давхин би түүнд билет авч оройн галт тэргэнд суулгаад сая миний санаа амрав. Маргааш нь би Шанхайгаас гарч Жинэнд ирж олсон сонины жаахан цаасаа ачиулахаар гурав хонолоо.
Эндхийнхэн болон манай том сонинууд энэ наймааг хэнд ч хүргэхгүйгээр аль хэдийнээ эзэлж авчээ. Энд мань мэтэд тэдний хэлснээр “нүх” байхгүй аж. Нүх байхгүй гэж орох боломжгүй гэсэн үг юм байна л даа. Харин тэд гадны хүн оруулахгүй яаж мөнгө хийдгийг бол би ойлгосон л доо. Гэсэнч сайн танил сэтгүүлчийн цааснаас бага зэргийг авлаа.
Бээжинд ирэнгүүт л элчин сайдын яамныхнаас Наран Саран хоёрын тухай асуухад тэд төр засгийн томчуулийг тосох гээд энэ мэтийг тоож сонсох ч зав байсангүй “Юун тэр Сараа Нараа… цаана чинь сайд ирэх гэж байна” хэмээн гарч одлоо. Гадаадад суугаа манай дипломат ажилтнуудын дунд ажил үүргээ сайн биелүүлдэг хүн олон бий л дээ. Гэхдээ л ажил үүргээ томчуулыг тосч тэднийгээ дагуулж дэлгүүр, казино хэсэх эсвэл дипломат эрхээ ашиглан хил дамнууулж дамын наймаа хийх гэх мэт иймэрхүү байдал хавтгайрсан бололтой.
Зовлонд учирсан иргэдэд нь тусламж яг хэрэгтэй үед дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болдог юм байна. Уул нь төр тэднийг иргэдээ хамгаал, үйлчил гэж томилсон юм шүү дээ. Гэхдээ үйлт хоёр бүсгүйн хэн нь ч энд ирээгүйг би олж мэдлээ. Тэд мөнгө олж ар гэрийнхнээ өрнөөс салгахаар нөгөө “спонсор” дээрээ ч юм уу, хаана ч юм нэгтээ амьд яваа л гэж найдахаас. Хэрэв тэд эргээд очсон бол аргалын өтнөөс айж алмасын агуй руу оров гэдэг л болждээ.
Би гадаа гарч тайвшрахыг хичээсэн ч миний дотор эрэгтэй хадаас мэт шигдсэн хоёр монгол бүсгүйн тухай бодол ер салдаггүй. Зогсоо зайгүй хөвөх олон хүн, автомашины урсгал, утаа униар нь их хотын дээрх нарыг хүртэл халхлан тэр дунд битүү нүүргэлтэх дуу шуугиан, энэ их хөдөлгөөн дундаас ганц нэг хүнийг олох нь миний далайд унагасан мөнгийг эргүүлж олохоос юуны өөрц гэж бодохоос гэнэт айдас хүрч азийн цагаан нүүр нь айлуудынхаа утаанд халтартсан ч өөрийн нутгийн зүг яарсан билээ.
Ингэж би “Зууны мэдээ” сонины ивээлээр өмнө хөршдөө аялж туршлага судалж, сониндоо цаас олохоос илүү харьд нөмгөрч үлдсэн хоёр монгол бүсгүйн хувь заяаг судалсаар нутагтаа нэг юм ирсэн дээ.
Иртэл Энхсайханы Засгийн газрыг хэдийнээ унагаж манай сонины хувь заяа ч огцом эргэн эрхлэгч дарга нар нь солигдсон байлаа. Тэр жил манай төр засгийн үйл нь нэг л бүтэж өхгүй байсан юм даа. Хэд хэдэн ерөнхий сайдуудаа хоёр гуравхан жилийн дотор огцруулж зарим нь учир битүүлэг нас барж, эцэст нь ерөнхий сайд болох магадлалтай нэгнийхээ алтан амийг егүүтгэж байж л сая салсан юм даа. Огцруулаад л орны хүнийг гаргаж чадахгүй болсноор “СҮГ” гэдэг нэр гарч ирсэн. Сайдын үүрэг гүйцэтгэгч гэдэг товчлол ингэж энэ ёозгүй үгтэй дүйж таарах ч гэж дээ. Улс төрийн намууд мөн чанараа алдаж фракцууд нь талцан эрх мэдлийн төлөө өрсөлдсөн энэ тулаанд улс орны эрх ашиг гээгдэж төр маань энэ үеэс л тогтворгүй болж үлдсэн дээ. Тэр үед манай сонины эрхлэгч Ц.Ганболд Энхсайханы тухай сониныхоо тэргүүн нүүрэнд “Энэ залуу Монголын төрд дахин эргэж ирнэ” гэсэн гарчиг дор зургийг нь тавиад ажлаа өгч байж билээ.
Энхсайхан бол чадварлаг зориг шийдэмгий, эрч хүчтэй, шинэлэг тэр үеийн ерөнхий сайдууд дундаас мэдлэг боловсрол, улс төр, эдийн засгийн мэдрэмжээрээ илт давуу нь байсан гэж би боддог юм. Түүнд нэг онцлог байдаг. Тэрээр аливаа ажлыг хийхдээ ямагт ул суурьтай, бас шудрага ханддаг явдал юм. Энэ хүн Монгол улсад ардчилсан төр тогтнох эхлэлийг тавьж улс төр, эдийн засгийн суурь бодлогын хувьд маш том эрх зүйн шинэчлэл хийсэн юм. Ийм өөрчлөлт, эдийн засагт шийдэмгий реформ хийснийхээ төлөө улс төрчдийн эрх мэдлийн төлөөх хуйвалдааны золиос болж албан тушаалаасаа өөрчлөгдөн Монголын төр төлөвшлийн хувьд, Энхсайхан өөрөө улс төрийн морал, сэтгэл санааны хувьд гашуун дурсамжтай үлдсэн байхаа. Гэсэн ч тэрээр шантраагүй УИХ-ын байнгын хорооны дарга байхдаа ОХУ-д төлж тэглэсэн их өрийг шалгах асуудлыг хөндөж эхэлсэн нь түүнийг цаашид дарах гол шалтгаан болсон байх.
Дайснаасаа бүү ай тэд сайндаа л ална биз. Найз нөхөд гэх заримаас болгоомжил, тэд чамаас урвахаа ч, алахаа ч нэгэн зэрэг хийж чадна гэж сод ухаантнууд сургасан байдаг юм даа. Үүнийг Энхсайхан ой ухаандаа шингэтэл мэдэрсэн байхаа.
Төвийн том сонинд “УИХ-ын хурлын дарга Р. Гончигдорж М.Энхсайханыг буруушаав” гэсэн лут том гарчигтай мэдээ гарчээ. Их хурлын гишүүд энэ гарчгийг үзээд сайд нарыг огцруулах, томилох асуудлаар чөлөө завгүй үргэлжилсэн хуралдаанд алжааж, ширгэх шахсан хонин бор нүд нь сэргэж “эр Гончигдорж, эм Энхсайханыг буруу шаав” гэнэ үү хэмээн жиг жүг болон хөгжилдөв. Тэд иймэрхүүд үнэхээр авъяаслаг л даа. Тэдний дундаас нэг нь: “Буруу шаах ч яахав ээ. Худлаа шаадаг нэг нөхөр бий” гэж дайрин дээр давс нэмэн улам сэргэцгээж бас нэг нь “дутуу шахдаг” нэг нөхөр жолооч нарт алуулсан байх” хэмээн хэлснийг дагалдан бөөн инээдэм болцгоож байтал дарга нар нь орж ирлээ. Гишүүд гэм хийсэн хүүхэд шиг гэлбэлзэн нам жим болцгоов. Нөгөөдүүл сонинг гартаа барчихсан “Энэ сэтгүүлчдийг юу ч гэж хэлэхэв дээ” гэсээр тохигүйхэн байснаа хөгжилтөй нь аргагүй суугаа гишүүдийнхээ уур амьсгалд автан сонины гарчгийг дахин нэг эргүүлж харснаа тэссэнгүй эцэст нь тэднийхээ хамт инээлдэцгээснээ сая амжин хурлаа үргэлжлүүлэхээр чимээгүй болцгоов. Ингэж байгаад л 1998 онд тэд ерөнхий сайдаа огцруулж авсан даа. Мэдээж энд эвсэл дотроосоо МАХН-тай хуйвалдаж үйлдсэн нь тэр үеийн үйл явдлын өрнөлөөс харагдаж байсан. Үүний дараа энэ аргаар хэд хэдэн ерөнхий сайдыг огцруулж эндээс засгийн хямрал гэдэг ямар байдгийг Монголын төр үзэхээрээ л нэг болсон доо.
Энэ бол тэр үеийн Энхсайхан, ингэж л миний ой тойнд үлдсэн юм. Энхсайханыг огцруулж авсан энэ үес л Монголын ардчилсан хүчин хагарч задарч эхэллээ. Зүүний опортунистууд хэмээгдэн угийн муу нэртэй байсан соцдекууд задарч тамга тэмдгээ булаалдан хоорондоо хэсэг бүлгээрээ хуваагдаж байгаад тагналдаж, уралцаж бүр тамдаггүй авирласан. Эцэст нь 2000 оны УИХ-ын сонгуульд МАХН 74 суудал авч Ардчилсан хүчнээс Ж.Наранцацралт агсан ганцаараа УИХ-д сонгогдож билээ. МСДН бүрмөсөн устаж, МҮАН сураг тасарсан. АН улс төрийн нам гэх утгаа алдаж 2001оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан хүчний буйран дээр үлдсэн бүлэглэлүүд хоорондын удирдлагын төлөөх тэмцэл дээд цэгтээ тулж МАХН сөрөг хүчингүй энэ сонгуульд орж МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Н.Багабаньд тэмцэлгүй ялсан. Энэ үйл явдал бол Ардчилсан хүчинд маш том цохилт бас сургамж болсон байхаа.
Засгийн энэ хямралын явцад өртсөн С.Зоригийн аллага өнөөг хүртэл илрээгүй… илрээгүй ч гэждээ, илрүүлээгүй, харин сонгуульд нэр дэвшигч нар “Би сонгогдвол Зоригийн хэргийг илрүүлэнэ” гээд л гарч ирдэг нэг чухал хэрэглүүр болсон доо. Өмнө нь “Төрийн ордны цонхоор хэн шээв” гэж бичиж байсан Дожоодорж, миний найз “Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн амийг хэн хөнөөсөн бэ?” хэмээх ном гаргаж тэр нь гарангуут л бестселлер болж маш сайн борлогдсоноор Дожоодорж муугүй мөнгө хийсний дараа удалгүй худал хуурамч болох нь илэрсэн. Нэгэнт л худал хуурмагаа мөнгө болгочихсон хойно, одоо эл явдал Дожоодоржид паплийгүй болсон. Тэр үед Дожоодорж өөрөө төв телезийн баримтад мэдээг хариуцдаг байсан гээд байгаа шүү.
Тэглээ гээд сүйдтэй юм болоогүй ээ, ядуус нь траншейдаа олигархиуд ордондоо хөшилдөн нийгэм нэг хэсэгтээ шуугиж байгаад л дараа нь чимээгүй болсон. Удалгүй сонин маань биднийхээ хамт хувьчлагдан, сониндоо хувьцаагаа өгсөн нь ажилдаа үлдэж эзэндээ үнэнчээр амь зууж явсаар эцэс сүүлд нь нэг бэлтэй эр сонины маань хувьцааг худалдаж аваад садан төрлийн ямарч холбоогүй харийн хүнд зүгээр л төрсөн өдрийн бялуу мэт бэлэг болгоод өгчихдөг юм байна. Иймэрхүү байдлаар татвараас бултуулж байгаа нь сэтгэцийн эмнэлгийн өвчтөнд ч ойлгомжтой л доо. Гэхдээ энэ бол олигархиудын шалгарсан арга байлаа. Хуулийнхандаа улайх өнгийг нь далдлаад л өгвөл боллоо, тэд чинь ойлгоно шүү дээ бас чиг гэж. Ийм явдал улс даяар түгээмэл ч үүнд нь хууль үйлчилдэггүй. Мэдээж бүх сонин дундаас юу гэж мууг нь иймэрхүү бэлгэнд сонгох вэ дээ. Хамгийн дээд нь биш юмаа гэхэд танагтайг нь бэлэг болгосон нь жирийн хэрэг биш л дээ. Гээд яахав дээ бидний хэдэн сэтгүүлчид сонинтойгоо цуг худалдагдах нь худалдагдаж, борлогдоогүй нь ажил ч үгүй амьдрал ч үгүй үлдсэн дээ. Энэ үеэс л хэвлэл мэдээллийн эрх чөлөө, сэтгүүлчдийнхээ байгуулагатайгаа хамт бүр Даландавхарын жалганд гарч чөлөөт сэтгүүлч гэдэг тэр мөрөөдлийн нэр томъёо зөвхөн МЧАСХ хэмээх сүрлэг нэр нь л үлдсэн. Ингэж төр засаг маань өнгөн дээрээ ардчилал, чөлөөт сэтгүүл зүй хэмээн байнга ярьсаар өрцөн цаанаа бол өөрсдөө түүнийгээ устгаж авсан юм даа.
Мэдээж энэ бүхнийг сонингоор цохиод л ялаа мэт нэг дор хэдэн арваар унагаж чадахгүй л дээ. Хугацаа шаардана. Тэр хугацаа нь яг л тэр үе байсан тэд ч энэ хугацаанд нь чадамгай хэрэгжүүлсэн. Энд үед харин үргэлж муу нэр зүүж байдаг төр маань харин гайхам шаламгай сайн ажилласан шүү.
Төрийн өмчийн компаниуд байнга алдагдалтай ажиллаж, өмчийг нь захирлууд нь үрэн таран болгоод гарахад дараагийн сонгуульд ялсан ээлжит улс төрийн хүчний ээлжит томилгооны захирал гарч мөн энэ чиглэлээр замнадаг. Төсөв мөнгө, эдийн засгийн хүндрэлтэй засаг маань иргэдэдээ бүсээ чангалахыг уриалж амь зогоох аль хямд үнэтэй хүнс, бараа таваар ярьж, сэтгүүлчид өөрсдөө сайн дураараа хувьцаагаа сониндоо өгөөд ажлаасаа гарсан гэх боловч үнэн хэрэгтээ бол энэ бүгд бодлогоор хийгддэг зүйл л дээ.
Үүний эцэст л сонин жинхэнэ нууц эздийнхээ гар дээр очдог юм шүү дээ. Иймэрхүү байдал, дүр төрхтөй монголчууд бидний ажил амьдрал хөвж байсан юмаа тэр үед.
Социализмын үед бий болгосон асар их материаллаг бааз, монгол улс үйлдвэр, хөдөө аж ахуйн орон болох дөхсөн үндэс суурь хувьчлал нэрийн дор устгаж, үндэсний үйлдвэрүүд, хөдөө ахуйн механикжсан ферм, ТМС, сургалтын төвүүд орон байртайгаа ор мөргүй болж хувьцаагаа өгсөн олон иргэд ашиг олох байтугай түүнийхээ сурагийг ч гаргаж чадахгүй болсон. Иймээс өмч хувьчлал, газар олголт, уул уурхай, ашигт малтмалын лициенц олгох ажил буруу замаар хийгдэж энэ дундаас арга зальтнууд завшин улмаар төрийн дээд удирдлагад өнгө мөнгөөр намын томилгооны улс төрчид орох боломж нээгдсэн энэ үйл явдлууд төрийн хүчийг сулруулж эхэлсэн гэж бодном.
Шудрага бус үйлдлүүдтэй үл эвлэрч тэмцсэн сэтгүүлчид байх суух газаргүй болтлоо доромжлуулж нэр төрөө гутаалгаж сэтгүүлч байсныхаа төлөө, олонд үнэнийг дуулгасныхаа төлөө, олигахиудыг илчилснийхээ төлөө шүүх цагдаад дуудагдаж, ажлаасаа халагдаж, шоронд хоригдож, байлаа. Ц.Оюундарь, Б.Ханддолгор, Ц.Хулан, Г.Уянга, Л.Мөнхбаясгалан… гээд л олон сэтгүүлч үүнийг санаж байгаа байхаа.
Төрийн томчууд нь шарчуудыгаа шахаж шар махтай нь хатааж байгаад тэр дундаас өөрийгөө магтуулдаг сэтгүүлч, сонин, телевизтэй бүр өөрийн гэсэн сэтгүүлчдийн холбоотой болж авсан. Төр өөрийн мэдлийн хэвлэлтэй байхыг хориглосон хууль гарчихсан байхад шүү дээ. Ингээд л бүх сонин эзэн хаантай болонгууд л байнга магтдаг нэг бурхантай бас муулдаг дайсантай, сайн муу бүхнийг захиалгаар бичдэг авъяаслаг сэтгүүлчидтэй болж эзнээ ингэж ч хийлээ, тэгж ч бүтээлээ гэж өдөр болгон магтсаар эцэст нь оны шилдэг хүн, тэргүүний улс төрч, төрийн найдвартай түшээ ч гэх мэт элдэв марзан цол хэргэмд өргөмжлөн хуучин хутагт хувилгаадыг тодруулдаг шиг л улаан цайм болж байлаа. Том том алдартнууд, сэтгүүлчид маань, банк, архины магтаалаар хоногийн хоолоо олдог болж эхлэв. Тэд эх орон, улс нийгмийнхээ хөгжил дэвшлийн талаар үг унагах завгүй нөгөө л ерөөл магтаалаараа уралдаж энэ сэдвээр ШБОС нэвтрүүлж зарим нэвтэрхий авъяаслаг нь эзэндээ зориулан дуу, шүлэг зохиож эхлэв. Хамгийн баян эзэд маань шинэ жилээр нэгэн зэрэг хэд хэдэн сонинд төрийн найдвартай түшээ, оны шилдэг, тэргүүний, манлай, гарамгай… гэх мэтээр тодорч хэд хэдэн дуу шүлэгтэй болж байлаа шүү дээ. Тэгэхээр төрд хэдхэн найдвартай тодорч, бусад үлдсэн нь найдваргүй түшээ гээд төр өөрөө зөвшөөрчихсөн хэрэг л дээ. Сүүлдээ бүр үүгээр ч зогссонгүй эзэд маань бүр чөлөөт хэвлэлийг ивээлдээ авдаг бурхан шахуу юм болоод явчих нь тэр.
Сүүлд сэтгүүлчид маань бид нойр хоолгүй эзнийхээ төлөө зүтгээд бүр алганы амт үздэг болсон ч эцэст юу ч үгүй хоцорлоо гэцгээж байсан. Юу ч үгүй үлдсэн нь нөгөөх л ШБОС-оор л голдуу авъяаслаг нь байв. Тэд дахиад л нэг шинэ сонин гаргасан, дахиад л нэг эзэнтэй болсон, дахиад л хэн нэгний төрсөн өдөр… мэтээр сонингууд өдөр хоногийг, сэтгүүлчид маань өөрсдийгөө элээж үнэгүйдүйлсээр л…
Монгол Улсын иргэн Наран Саран хоёр сураг ч үгүй, араас нь хөөцөлдөх зав ч төрд алга, дарга нар нь суудлаа, эзэд нь сонингоо алдах гээд хэцүүхэн үе байлаа. Би хүсэн хүлээсэн тэтгэвэртээ гарсан ч жаргаж бас л чадсангүй тэгээд болж өгвөл “боолын хөдөлмөр” олоод хийчих санаатай гадаадад гарсан даа. “Боолын хөдөлмөр” гэж үү? “Тиймээ боолын хөдөлмөр эрхлэгчид” хэмээх энэ нэрийг манай нөгөөх “чөлөөт” сэтгүүлчид маань амьдрахын эрхээр гадаадад гарч ажиллаж буй бидэндээ хайрласан юмаа. Хөгшин би ч одоо дүүрчээ. Та нар минь л өөрсдөө хичээгээрэй гэхээс өөр юу гэхэв дээ.
Ардчилсан, чөлөөт энээ тэрээгээрээ тас хуваагдсан ч амь амьдрал нь нэг л оньтой сэтгүүлчид маань эзэн нь амалснаа өхгүй гулруулчихвал яана даа хэмээн мэлмэрцгээж тэдний төлөөх байгууллагууд нь мөн л эздээ даган найгацгааж, харин эзэд нь тэднийгээ “Заяа чинь л тэр байхгүй юу. Та нарын.. .” гэцгээж байлаа. Засаг төр маань эх орныхоо баялагаар гадаад спонсорууддаа энгэрээ нээж өөрөө барьцаанд нь үлдэж байна.
Үүнээс хойш арав гаруй жилийн дараа М.Энхсайхан зүс царай, үзэл бодлоо шинэчлэн олон нийтэд үзэгдэж эхэллээ. Зүс царайгаа шинэчлээд гэсний тухайд бол нэгэн сэтгүүлч ярилцлагадаа түүнээс “Та бүүр царай орчихжээ” хэмээн ажиг үгүй асуудаг юм байна. Хүнийг иймэрхүү магтаал ч гэмээр, доромжлол ч гэмээр асуултаар булж болдог аж. Түүнийхээр бол Энхсайхан өмнө нь бүр нүднээс гарчихсан байж таараа.
Энэ удаад Энхсайхан МҮАН-аа сэргээн төрд реформ хийж, монгол үндэснийхээ язгуур ёс заншлаа дээдлэн Монголын төрд цэцэглэсэн авилга, хээл хахуултай тэмцэн шудрага ёс тогтооход шудрага бус эрх баригчдаас салцгаая. Олигархууд бол цөөнх, иргэд бол олонхи, иймээс олонхийн засаглалыг тогтооё хэмээн уриалж байна. Монголчууд бид үүнийг мөрөөдөж горьдсоор өнөөг хүрлээ. Улс төр бол бэр гуйж, хадаг тавьдаг хурим найр биш. Муу муухайг өөрчилж, шинэлэг санаа гарган түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө эр зоригтой, тууштай ажиллаж чадсан улс төрчид амьдралаас шалгарч олны дундаас өөрөө тодорч гарч ирдэг зүй тогтолтой зүйл. Улс төрийн хүрээнийхний зарим нь түүнээс дөлж, зарим нь үзэн ядаж, зарим нь өмөөрч бас зарим нь түүнтэй эвсэлдэн нэгдэж байна. Ямартай ч тэрээр олон жилийн дараа эргээд Монголын төрд тодорч орж ирлээ. Түүнийг “Эргэж ирнээ” гэж Ц.Ганболд ханатай л хэлсэн байгаа биз.
Одоо Энхсайхан улс орныхоо төлөө хамгийн чухал бөгөөд хэцүүгээс нь эхлэн ажиллаж, өгөө аваа бус өөрийн мэдлэг, чадвараар авилгыг арилгаж, толгодоо олигархиудаас салгаж чадвал тэр бол өнөөгийнхны хийдэг улс төр бус, жинхэнэ шинэлэг өөрчлөлт болно.
Мэдээж Шийдлийн шинэ засаг бүгдийг нь шийдэж чадахгүй л дээ. Төрд орсон сайдууд бүхэнд таалагдахгүй нь ч мэдээж. Гэхдээ их хуралд суудалтай бүх намууд, МУ-ын Ерөнхийлөгч бүгд улс орны өмнө тулгарсан хүндрэлийг давахад бодол санаа, бүх нөөцөө дайчлан, хэрэгтэй гэж үзсэн, аль өнгөтөй өөдтөй гэсэн өөрсдийн |фракцийн| хүмүүсээ л засгийн бүрэлдэхүүнд дэвшүүлж байгаа бус уу. Хийнэ, чадна, хариуцана гээд. Үүнээс дээр өөр сайн хувилбар өнөөгийн улс төрийн тогтолцоонд байгаа юм уу.
Өнөөдөр монголын улс төрчид эрх баригч намд ашигтай аль нэг улс төрийн хүчинтэй ч юм уу аль нэг улс төрчтөй нөхцөлдөх дундын идэвхгүй хувилбараас татгалзаж улс үндэснийхээ эрх ашгийн төлөө хариуцлагатай сонголт хийж байна хэмээн бодном.
Иймээс улс орны өмнө тулгамдсан энэ чухал албыг хашиж дээрх зорилтыг хэрэгжүүлэх нь Энхсайханы хувьд нэн хариуцлагатай улс төрийн томилгоо болно.
Н.Бадарч. Арлингтон, АНУ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Уул нь Монголын Төр М.Энхсайханыг дэндүү жертв-д хаясан даа Мэрэгжлийн эдийн засагч МАХН-ыг шинчлэх анхны 15 эрдэмтэний нэг шүү дээ Одоо Төр , Засгийн толгойд гарчихаад их мэдэгчийн дүрд тоглож байгаа мудакуудын дэргэд Р.Амаржаргал , М.Энхсайхан 2 чинь чадалтай эдийн засагчид Марксыг ч мэднэ Гегелийг ч мэднэ