Б.Эрдэнэчулууны шарга азарга наадамчин олноо хүндэтгэн ёслоод буцлаа
Хүй долоон худагт азарганы уралдаан эхлэхэд бэлэн боллоо.
Энэ уралдаанд МУ-ын тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулууны алдарт шар азарга уралдах болсон нь Монгол хүн бүрийн бахадлыг төрүүлж буй. Тоосонд дарагдаж үзээгүй энэ хурдан хүлэг 2000 онд шүдлэн насандаа төрийн наадмынхаа түрүү магнай болж байсан.
Улсынхаа наадамд зургаан удаа торгон жолоогоо өргүүлсэн энэ цагийн хурдан ажнайг 2009 онд барианы зурхайд орж ирэхэд морио дээдэлдэг Монгол хүн бүрийн сэтгэл эрхгүй хөдөлж, нүдэнд нь баярын нулимс хурж байсныг та бүхэн санаж буй биз ээ. Өнгөрсөн жилийн наадмыг өнжсөн хурдан буяныг энэ жил уралдана гэхэд ч мөн хэн хүнгүй баярласан.
Тэгвэл дөнгөж сая алдарт шарга азарга наадамчин олноо хүндэтгэн ёслоод буцлаа. Хүй долоон худагт цугласан олны баярын уухайгаар үдүүлсэн буяныг Э.Эрдэнэчулуун уяач хөтөлсөөр буцжээ. Тэрээр өөрийнх нь мэдлээс хэдийнээ “хальсан” түмэн олны хурдан хүлгийг ийнхүү ёслуулсан нь энэ жилийн наадмын нэгэн сонин сайхан чимэг боллоо.
Харин бусад 379 азарга гарааны зурхайгаас эргэлээ.
М.Жаргал
URL: