ТҮЦ эрхлэгчдээс хоолыг нь булаах төрийн марафон

527-141862455410850196_566505720150629_1837017501097808274_n

Түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ ажиллуулдаг цөөхөн боловч ардаа олон хүний амьдрал чирдэг иргэд байдаг. Ерээд оноос эхэлсэн бизнес л дээ. Тэдэнд үе үеийн хотын удирдлагууд яагаад ч юм их дургүй. 2000-гаад оны эхээр хамгийн оргил цэгтээ хүрч нийслэлд бараг 3000 ТҮЦ байсан гэдэг статистик бий.

Хүмүүсийн амьдрал ахуй сайжрахын хэрээр хумигдсаар автобусны буудал бараадсан хэд нь л үлджээ. Энэ нь хүмүүст хэрэгтэй болоод л байж байгаа цөөхөн хэд нь гэсэн үг. Цаг нь ирэхээр ад үзэгдсэн, үзэгдээгүй алга болчих зүйл.

Өнөөдөр бол зам зуураа үзэг, бал, ундаа усханаас эхлээд хэрэгцээтэй зүйлээ авах боломж олгодог учраас автобусны буудал бараадсан ТҮЦ-үүд түмэнд хэрэгтэй. Хэрэгтэй учраас өдий хүртэл оршин тогтноод байгаа юм. “Нийтийн эзэмшлийн талбайг муухай харагдуулж байгаа болохоор алга болгох ёстой.

Оронд нь автобусны буудал дээр нь тохилог том саравч барина” хэмээн хөөж туусаар хэдэн ч жил болов. Хөөгөөд явуулсан ТҮЦ-ийнхээ оронд өөр нэгийг тавьчихсан байна гэсэн хэл ам ч гарч байдаг. Төрийн албыг мөнгө унагах боломж гэж харсан хүмүүсийн л хийж байгаа ажил гэдгийг баримтаар нотлоод гаргаад тавьчихсан тохиолдол зөндөө.

Иргэдийнхээ амь зуудаг өчүүхэн боломжийг ч төр мөнгө болгож хардаг нь нууц биш гэдгийг ТҮЦ-ийн жишээнээс харчихаж болно.ТҮЦ-ийг нь нураачихаад оронд нь танилынхаа ТҮЦ-ийг тавиулчихдаг жишиг тогтчихоод байгаа нь нууц биш.

Одоо нэгэнт ТҮЦ эрхлэгчдэд тохируулсан журам гаргасан хойно ийм төрлийн зөвшөөрлийг нь хэл амгүй өгдөг болмоор байгаа юм. ТҮЦ-ийнхээ өнгө үзэмжийг сайжруул гээд бүр зургийг нь хүртэл гаргаад өгчихсөн. Нийслэлээс батлагдсан зургийн дагуу хувийн компани хүч хөдөлмөрөө гаргаад дажгүй ТҮЦ хийчихсэн. “КИГ” компани гэхэд л ТҮЦ-ийн шинэчлэл ярьж эхлэх үеэс л энэ чиглэлд ажилласан.

Олон ч загвар санал болгож, нийслэлийн тодорхой байршлуудад дэлгэж үзүүлж нийслэлээс батлагдсан зургийн дагуу ТҮЦ үйлдвэрлээд эхэлсэн. Гэтэл нэр бүхий дүүргийн нэг албан тушаалтан “Энэ компанис ТҮЦ авбал хохь чинь шүү. Эсвэл миний зааж өгсөн компаниас ав” гэж хэлснийг ТҮЦ эрхлэгчид хэлж байна.

Хэдэн жил хөөгдөж туугдаад арай алга болчихоогүй хэдэн ТҮЦ өнөөдөр шинэчлэгдээд эхнээсээ шаардлага хангаад явж байна. Гэтэл төрийн албан дээр сууж байгаа эрх мэдэлтэн анхнаас нь ажилласаар ирсэн хувийн компанитай өрсөлдөн ТҮЦ хийдэг компани байгуулчихсан юм шиг дүр зураг ажиглагдах боллоо.

Энэ тэгээд бизнесээ дэмжиж байгаа төрийн хийдэг ажил уу. “Хэрвээ энэ компаниас ТҮЦ авбал автобусны буудал дээр чинь ажиллуулж болно, үгүй гэвэл наанаасаа явсан нь дээр дээ” гэж аяглаж буй албан тушаалтан төрд ажиллаж байгаа нь харамсалтай.

За яахав өөрөө компани байгуулж ч юм уу, эсвэл аль нэг компанийн лоббигоор ТҮЦ-ийнхэнд хямд өртгөөр бүтсэн ТҮЦ шахаж болно л доо. Бизнесийн бас л нэг хэлбэр. Гэхдээ төрийн албан тушаалтанд таалагддаг компаниас ТҮЦ аваагүй хүмүүсийг автобусны буудлаас холд гэж хөөх нь зүйд нийцэмгүй үйлдэл. ТҮЦ хийгээд байгаа компаниудыг зүгээр л чанар, стандартаараа өрсөлд гээд орхиж болмоор доо.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас гаргасан ТҮЦ-ийн зургийг хэн нь хангасан байна, хотоос баталсан ТҮЦ-ийн стандартыг хэн нь яг таг барьж байна гэдгийг ТҮЦ эрхлэгчид өөрсдөө төрийн албан тушаалтнуудаар заалгахгүй хяначихаж чадна.

Нийслэлийн газрын албанаас стандартын дагуу ТҮЦ-ээ шинэчилье гэсэн хүсэлтэй иргэдэд “Та нар автобусын буудлаасаа холдоорой. Авто-бусны буудлаас хол баривал барь. Эсвэл байшингийн буланд ажиллуул. Үгүй гэвэл уучлаарай, ТҮЦ ажиллуулна гэж мөрөөдөөд ч хэрэггүй” гэсэн утгатай шаардлага тавьж байна.

Автобусны буудлаас 500 метр ажиллуулбал тэр ТҮЦ-ээр хэн ч үйлчлүүлэхгүй. Байшингийн өнцөгт аваачаад барьчихвал бүр ч хүн орохгүй. Төдийгөөс өдий хүртэл амьжиргаагаа залгуулж ирсэн ажлыг нь иргэдээсээ булааж авч байгаа төрийн аяг ааш гэж харахаас өөр арга алга.

МҮХАҮТ-ийн ерөнхийлөгчөөр саяхан сонгогдсон Б.Лхагважав хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид хүний эрхийн үндэсний комисстой хамтарч ажиллана. ХЭҮК эрүүгийн шинжтэй асуудалд л иргэдийнхээ төлөө дуугардаг. Эдийн засгийн эрх чөлөөгөө зөрчүүлж байгаа иргэд дээр очдоггүй. ТҮЦ-ээ нураалгаж байгаа, гутал тослох газраа булаалгаж байгаа иргэд рүү очдог болгохын төлөө ажиллана” гэж хэлсэн байна лээ.

Дэмжихээс аргагүй санаа гэж бодож байна. Амьжиргаанаасаа салахгүй гэж зүтгэсэн ядарсан эмэгтэй “ТҮЦ-ийг минь буулгавал би ч гэсэн үхнэ” гээд савтай бензин цагдаа нарын өмнө ууж байсан жишээ ердөө саяхных.

Зүгээр л түүгээр өнгөрч явсан манай сурвалжлагч байгаагүй бол үүнийг хэн ч мэдэхгүй өнгөрөх байлаа. Түүнийг нь сурвалжилж баиж нэхэл дагал болж ТҮЦ-ийг нь түр үлдээсэн боловч өнөөдөр Чингэлтэй дүүргийн тэр байршилд ТҮЦ алга л байна. АТГ-аас шалгачихад болохгүй юмгүй ийм хэргүүд ТҮЦ тойроод яривал өчнөөн бий.

Монгол Улсын Ерөнхий-лөгч байсан Н.Энхбаяр “Монгол тулгатны 100 эрхэм”-д оролцох үеэрээ “Төр гэдэг ямар ч тохиолдолд шаазан ваарийн дэлгүүрт байгаа заан. Түүнийг хөдлөх тоолонд гишгэгдэж хагарч байгаа шаазангууд тус бүртээ хүний хувь тавилан юм.

Тийм болохоор аль болох үүнийг л бодож ажиллахыг хичээдэг байлаа” гэж хэлсэн. Тэгэхээр төрөөс мөнгө гуйхгүйгээр амьдралаа болгоод ирсэн ТҮЦ эрхлэгчдээ, мөн төрөөс мөнгө гуйлгүйгээр ТҮЦ шинэчилэх гээд ажиллаж байгаа компаниа төрийн нэр барьж шахахаа болимоор байна.

Өнөөдөр эдийн засаг хямралтай, дээр дооргүй л хэцүүхэн байна. Ийм хямралтай үед иргэдийнхээ хоолыг булаах нь төрийн гаргах авир байж таарахгүй. Ямар мөнгө өгөөч гэж байгаа биш, төдийгөөс өдий хүртэл ажилласаар ирсэн автобусных нь буудлаас хөөхгүй байхад л төр иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлчихэж байгаа юм.

Ер нь хөгжсөн орнууд ч тийм л байдаг. Солонгос, Японы эдийн засгийн хөгжил нь дан ганц гадаадаас нэг хүн валютаа шуудайлж ирээд бэлэглэчихсэн зүйл биш шүү дээ. Иргэд нь үүргийн, гудамжны худалдаанаас өөрийн бизнесийг эхлүүлж, өргөжүүлж өдий зэрэгт хүргэсэн байдаг юм. Алдар нэртэй Ази бизнесмэнүүдийн дуртгалын номын дурын хуудсыг сөхөхөд л энэталаар биччихсэн байгаа. Ухаантай төр засаг иргэдээ хөдөлмөр, бизнес эрхлэх эрх чөлөөг нь хангадаг гэдгийн тод жишээ энэ.

Тэгэхэд манайд нийслэлийн өнгө үзэмжийг гутаасан гэх шалтгаанаар ТҮЦ-үүдээ хөөж байсан. Өнгө зүсээ сайжруулаад ирэнгүүт байршлаар нь шахах гээд уналаа. Үнэхээр өнгө үзэмж, байршил нь буруудаад байна уу, эсвэл энэ зайнд өөрт нь ашиг амласан бизнесийг оруулж мөнгө хийх ашиг сонирхол нуугдаад байна уу.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны дөрөвдүгээр сарын 21-ний 56 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам” гарсан байгаа. Уг журамд ТҮЦ нь автобусны буудлаас 500 метр зайтай байна гэсэн өгүүлбэр хаана нь ч байхгүй. Гэтэл дур нь хүрэхээр хөөж туудаг байдал өнөөдөр ажиглагдсаар байна. Үүнийг ч ТҮЦ эрхлэгч олон хүн нотолно.

Угаасаа ч тус журмын 2.1.1-т “Түргэн үйлчилгээний цэгийн байгууламж нь тухайн дүүргээс зөвшөөрөгдсөн түр байршилд байрлана”, 4.3-т “Дүүргээс зөвшөөрөгдөөгүй байршилд үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэжээ.

Ийм эрхтэй болохоор өнөөдөр дүүрэг тус бүр дээр тус бүрийн тоглолт хийгдээд байх шиг. Баян-гол, Сүхбаатар дүүрэгт ийм компанийн тийм ТҮЦ-ийг л хүлээн зөвшөөрнө гэсэн гэх барим тавим яриа гараад байгаа. Гэхдээ энэ сураг төдий яриа ч биш. ТҮЦ эрхлэгчдийн хэлж байгаа гомдол. Тэгэхээр хэн нэгний эрх ашиг орж байна л гэсэн үг.

Түүний дээр энэ жижигхэн цэгүүдийгдарамталдаг, хянаж шалгадаг газар маш их. Дээр дурдсан журмын хэрэгжилтэд нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар болон дүүргийн “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зевлөл” хяналт тавина гэжээ. Тэгээд том супермаркетад ч байхад хэцүү шаардлага тавьчихсан. Үүнийг бариад дурын ТҮЦ дээр очоод дурын шалтгаанаар торгож болохоор.

Бүр хөөчихөж ч болмоор юм билээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглал гэж бий. НҮБ-ийн Ерөнхий ассемблейн тогтоолоор 1946 оны арванхоёрдугаар сарын 10-нд Парис хотод батлагдаж байсан. Энэ бол хүн бүрийн заяагдмал эрхийг тунхаг бичиг юм. Өнөөдөр хүнлэг энэрэнгүй нийгэмтэй улсууд үүнийг дагаж мөрддөг. Манай орон ч энэ эрхүүдийг тунхагласнаа зарласаар 20 гаруй жилийг үдлээ.

Тиймээс ч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй” гэсэн байдаг.

Гэвч бидэнд хүн бүр бизнес эрхлэх эрх, хувийн өмч-тэй байх, өргөдөл гомдлоо шийдүүлэх эрх, хувийн аж ахуй эрхлэх эрхээ эдэлж чадаж байна уу. Эрхээ эдлэх боломжийг хангах талаар зөвхөн ярьж байгаагаас биш хэрэгжүүлэх тал дээр төрийн ямар албан хаагч сэтгэл тавьж байна вэ. ТҮЦ-үүдийг төрийн газар байлгахгүй гэсэн шалтгаанаар шахдаг. Үнэндээ бол нийтийн эзэмшлийн газар гэдэг нэршилтэй шүү дээ.

Нийтийн эзэмшлийн газар гэхээр нийтийнх л гэж ойлгогдож байгаа тул иргэн нь юу ч хийж болмоор санагдана. Тийм болохоор худалдаа хийж яагаад болохгүй гэж. Нэгэнт л нийтийн эзэмшлийн газар юм чинь газрын албатай зууралдалгүй дүүргийнхээ Хүнс худалдааны хэлтсээс зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа явуулмаар байгаа юм.

Хүнс худалдааны хэлтсийнхэн ч нэг талыг л барьсан маягаар ажиллаж өөрсдөдөө унацтай болгох гээд байдгаа больчихвол өчнөөн гэр бүл амьжиргаатайгаа үлдэх гээд байна. Шинээр томилогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Бид төрийг шантаажгүй ажиллуулна” гэж мэдэгдээд байгаа. Үүнд зөвхөн томоохон татвар төлөгчдөөс гадна ТҮЦ-үүд ч багтана гэж ойлгож байна.

Өнөөдөр бүх дүүргийн хэмжээнд 150 орчим ТҮЦ байна. Өмнө нь хөөгдсөн, хураалгасан хүмүүсийн ТҮЦ-ийг хасаад энэ шүү дээ. Зөвхөн автобусны урд ч биш хотын төвд, МУИС, Эдийн засгийн дээд сургуулийн дэргэд байсан ТҮЦ-үүд өнөөдөр алга. Тэдний хувьд алга дарам газар амьдрал нь байсан. Түүнийг нь төрийн өмч гээд харамлаад байж болохгүй.

Ялангуяа эдийн засгийн хямралтай үед хэдэн иргэн нь ч гэсэн мөр бүтэн явах эрхтэй үүнийг нь олон улсын тунхаг болоод Монгол Улсын Үндсэн хуульд ч зөвшөөрсөн байгаа. Автобусны буудлаас 500 метрийн зайтай байна гээд шантааж хийгээд байгаагаа ч болимоор байна. Одоо 1990 он биш байрны булан бүр дэлгүүртэй болчихсон. Буланд ТҮЦ-ээ ажиллуул гэдэг нь энэ бизнесээр амиа зогоож байгаа улсыг амиа хорло гэж байгаатай ялгаагүй.

Автобусны буудлаас өөр хаана очих вэ. Автобусны буудал дээр байгаа ТҮЦ-ээр жирийн иргэд нь ч үйлчлүүлэх эрхтэй юм шүү. ТҮЦ эрхлэгчдээс хоолыг нь булаах төрийн марафоноо зогсоовол яасан юм бэ.

НИЙСЛЭЛ ТАЙМС       Ж.Энх


URL:

Сэтгэгдэл бичих