Экс өөрийн гараар багаа “баллав уу”

Эксийн эцсийн санаархал 2013 оны сонгууль байсан гэж үү. МАХН хэмээх нэрээ албан ёсоор баталгаажуулсныхаа дараахан эксийн багийнхан цуглаж, “баяраа” тэмдэглэжээ. Энэ үеэр ирэх сонгуулиар хэрхэн оролцох болон цаашид ямар бодлого баримтлах талаар намын сэтэртэнгүүд ярилцжээ. Гэтэл энэ үеэр Н.Энхбаяр 2013 оны сонгуулиар л сайн ажиллах юм шүү хэмээн чухалчлан захисан гэнэ.

Энэ нь журмын нөхдөд нь таалагдсангүй. Дарин дээр давс гэгчээр МАХН-ын генсек ирэх сонгуулиар олон хүн өрсөлдөж, байдгаа шавхаад яах вэ. Харин намын дарга болон дэд дарга, нарийн бичгийн дарга нараас зарим хүнийг нэр дэвшүүлж, гаргаж ирэхийн төлөө ажиллах тухай яриа өрнүүлсэн аж. Бүр нарийндаа Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр, Н.Удвал нар л их сунгаанд орно.

Харин бусад нь тойргийн гаднаас тэднийг дэмжих аж. Үүнээс улбаалан дэд дарга болоод нарийн бичгийн дарга нарын итгэл, урам зориг нь навс унаж, эргэлт буцалтгүйгээр багаасаа гарах санаа өвөрлөх болсон гэнэ. Мөн найрны дундуур хөндөгдсөн нэг сэдэв нь МАН болоод АН-тай түншлэх байжээ. Болзол нь мөн л 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байсан тухай эксийн багийнхнаас шивэр авир хийх болов.

Төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа “Онц байдал зарласан нь миний алдаа байж” хэмээх үгийг давтах болсон тэрбээр дахин энэ суудалд санаархах болсон нь юуны учир байв. Эс бөгөөс ардчилсан Еренхийлөгчид араараа тавиулсан тэрхүү гомдол нь өнөө хэр түүний цээжний гүнд хадгалаастай байдаг юм биш биз. Улс төрд улайртлаа зүтгэн байж орж ирсэн шалтгаан нь ердөө л дахин Төрийн тэргүүнээр сонгогдох байсан юм гэж хэн санах билээ. Ийнхүү түүний хэтийн зорилго хийгээд улс төрд эргэн ирсэн үндэслэл нь багаа тараах хагарлын үүдийг нээв.

Түүний энэхүү хэтийн санаархал баруун гар нь болж, түүний өмнөөс бүгдийг хийж байсан Ц.Шинэбаярт таалагдсангүй. Иймдээ ч тэрбээр хамтдаа энэ хүртэл зүтгэчихээд хаяад гаралтай биш гэж бодсон уу намын дэд даргын суудлаасаа татгалзаж, жирийн гишүүн байх аа илэрхийлэв. Үнэхээр ч МАХН-аас гарлаа гээд МАН-д эсвэл АН-д очилтой биш. Эсвэл залуу насандаа улс төрийн карьераа үүгээр төгсгөлтэй биш гэсэн бодол түүний толгойд байсан л байлгүй.

Гэсэн ч Н.Энхбаяр түүнийг дэргэдээсээ холдуулахыг хүссэнгүй. МАХН-ын бага чуулганы үеэр намын дэд даргын суудал хөндөгдөв. Гэхдээ хурлын үеэр Ц.Шинэбаяр байсангүй. Түүний хоолой өвдсөн хэмээн эмнэлэгт хэвтсэн талаар эх сурвалж өгүүлж байв. Гэхдээ үйл явдал хэрхэн өрнөхииг эрхэм түшээ холоос ажиглаж суугаа. Өөрийн биеэр оролцох нь зохисгүй. Тэгээд ч олны өмнө хэлэх үг олдохгүй болсонтой холбоотой хэмээн зарим хүн тайлбарлаж байгаа юм.

Дэд даргын суудлаа өгч байгаа нь бусдад үлгэр дууриалал болох гэсэн түүний бусдад наалдахгүй энэ үгийг намынхаа гишүүдэд хэрхэн ойлгуулах учраа олоогүйтэй холбоотой гэх таамаг байгаа юм. Харин залуухан нарийн бичгүүдийн хувьд шууд намаасаа гарахаар шийдвэрлэсэн аж. Учир нь эксийн багт шургалах болсон нь ирэх сонгуульд хүч үзэж, улс төрийн карьер хийх байв.

Харамсалтай нь Намбарын хүү өөрийнхөө эцсийн хүслийг бодсоноос бус бусдын дотор руу өнгийсөнгүй. Н.Удвал ч “Манай нам ганц, хоёр хүнээр дутахгүй. Тэд урам зориггүй, зорилгогүй нь эндээс харагдаж байгаа юм” гэх үгийг тэдэн руу чулуудав. Өөрөөр хэлбэл, бидний санаа нийлээгүй нь үнэн гэх таамгийг бататгасан юм.

Улмаар намаасаа татгалзсан нарийн бичгийн дарга нарын зарим нь МАН-хантай уулзаж, намдаа эргэж орох талаар ч ярилцсан гэх нь бий. Ийнхүү эксийн харалган бодол багаа тарааж эхэлсэн талаар бор шувуу нисээд эхэлсэн. МАХН сэтгэл нь тэнэж одсон дэд даргатай, Н.Удвалаас өөр нарийн бичиггүй, намын гишүүд, дэмжигчид гэх эмээ, өвөө нараар тойрон хүрээлүүлж хоцорлоо.

МАН хуучин нэрээ өмчлөх эрхтэй боллоо
МАН-ын хуучин нэр (МАХН), бэлгэдэл, далбааг хууль бусаар ашиглаж байгаа талаар гаргасан нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн түүх энэ сарын 9-ний өдөр хэлэлцжээ. Улмаар МАН-аас өөр этгээд Монгол Ардын Хувьсгалт нам (МАХН) хэмээх уг намын хуучин нэр болон бэлгэдэл, далбааг ашиглах эрхгүй гэсэн шийдвэр гаргасан байна.

Улс төрийн намын тухай хуулийн 15.6-д “нам нэрээ өөрчилсөн тохиолдолд түуний нэр бэлгэдэл, далбааг аливаа этгээд ашиглахыг хориглоно” гэж заасныг үндэслэн шүүх дээрх шийдвэрийг гаргасан байна. Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг илтэд зөрчиж гаргасан гэх Улсын Дээд шүүхийн шийдвэр ийнхүү анхан шатны шүүх дээр “бүдэрч” Н.Энхбаярын шинээр үүсгэсэн нам дахин эрх зүйн тодорхойгүй байдалд орлоо.

Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих