Нам дамнасан “хотын хуйвалдаан” Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах гээд чадсангүй

f70e05cf6cfd6ba3originalЕрөнхий сайд асан Н.Алтанхуягийн тодорхойлсон “ордны хуйвалдаан” хүрээгээ тэлж “хотын хуйвалдаан” болж өргөжлөө. Учир нь саяхан НИТХ-ынхан хотын засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах гэж үзсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол НИТХ-ынхан 2014 оны нийслэлийн нийгэм, эдийн засгийн төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцжээ. Ингээд хангалтгүй гэж дүн гарвал шууд Э.Бат-Үүлийг огцруулах нууц төлөвлөгөө боловсруулжээ. Мөн түүнийг дуулиант ногоон уутаар шалтаглан огцруулах хангалттай үндэслэл бий гэж үзэцгээжээ. Сонирхолтой нь санал хураалт бараг 1-2 хүний зөрүүгээр Э.Бат-Үүлийн талд гарсан байна. Олон түмнийхээ дунд ихээхэн өндөр эрэмбэтэй гэж үнэлэгддэг Э.Бат-Үүлийг сүүлийн үед сайн ажиллаж байгаа гэж үзэх иргэд олон. Харамсалтай нь тэрээр НИТХ-ын төлөөлөгчид дундаа ингэтлээ нэр хүндээ алдсаныг гэнэтхэн ухаарч авсан байна. МАН-ын нэг төлөөлөгч Э.Бат-Үүлийг магтаж, түүний талд ороогүй бол бараг л огцорчих байлаа гэсэн мэдээллийг нийслэлийнхэн саарал ордон руу зөөж байна.

Уг нь НИТХ-д АН харьцангуй олонхи л доо. Гэвч АН-ын НИТХ-ын төлөөлөгчид дотроо хоёр хуваагджээ. Нэг хэсэг нь Э.Бат-Үүлээ дэмжиж байгаа бол нөгөө хэсэг нь эсэргүүцэх болж. Тэдний хоорондын энэ үл ойлголцол нийслэлд юу ч хийхгүй нам жимхэн суугаа МАН-ынханд том боломжийг нээж өгчээ. Тэд Э.Бат-Үүлийг эсэргүүцэгчидтэй нийлээд бараг л олонхи болчих гээд үзэж эхэлжээ. Ингээд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг бажигдуулах болсон байна. Хэрэв Э.Бат-Үүл нийслэлдээ сөрөг хүчин болсон өөрийнхөө намынхантай ойлголцохгүй бол ирэх жил гэхэд дахиад л дэнжигнэх нь гарцаагүй гэж хотын эх сурвалж тайлбарлав. Уг нь Нийслэлийн АН-ынхан Э.Бат-Үүлийн нэр хүндээр л УБ-т олонхи болж гарч ирсэн шүү дээ. Тэд Э.Бат-Үүлгүй бол хэн ч биш байх байсныг Улаанбаатарчууд мэднэ. Э.Бат-Үүл л 2012 онд МАН-ыг нийслэлд үсгүй шахуу хусах ажиллагаа хийсэн. Гэвч одоо Э.Бат-Үүлийнхээ хүчинд гарч ирсэн хүмүүс одоо Э.Бат-Үүлийнхээ эсрэг хөдлөх болжээ. Энэ үйл явдлыг Монголчуудын хэлдэг “ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэсэн хэлц үгтэй адилтгаж болно. Э.Бат-Үүлийг эсэргүүцэгчидийн үгэнд ч бас авах юм байгаа гэж хотынхон ярилцах болж. Тэр нь Э.Бат-Үүл 2012 онд Улаанбаатарчуудад дэндүү том амлалтууд өгсөн. Гэр хорооллыг хаус хороолол болгож цэвэр бохир усны шугамаар хангана, газраа байраар солино, Улаанбаатар хотын захиргааг нүүлгэнэ, метротой болгоно гээд биелэхэд хэцүү олон зүйл бий. Энэ бүхнийг биелүүлэхгүй бол 2016 онд АН нийслэлд ялахгүй гэж Э.Бат-Үүлийг эсэргүүцэгчид ярих болжээ. Үнэхээр ч амласнаа биелүүлэхгүй бол ирэх сонгуульд Э.Бат-Үүл ялна гэхэд эргэлзээтэй л дээ. Дээр нь ногоон уут гэж хэцүүхэн асуудалтай тулгарсан. Энэ асуудлаас болж нэр хүнд нь унаж байгааг Э.Бат-Үүл сайтар ойлгосон гэж ойр дотныхон нь ярих болсон. Тиймээс ногоон уутыг өмөөрч Баабараар ч нийтлэл бичүүлэв. Өөрийгөө өмөөрөх олон арга замыг ч боловсоруулж эхэлсэн байна. Харин үр дүн нь яаж гарахыг хэлэхэд эрт юм.

Ийнхүү Э.Бат-Үүлийг огцруулах гэсэн ажиллагаа хоёр дахь удаагаа амжилт олсонгүй. Өмнө Н.Алтанхуягийн санаачилгаар Э.Бат-Үүлийг Нийслэлийн АН-ын даргаас нь огцруулахаар гишүүдээр нь гарын үсэг зуруулж байгаад чимээ алдарсан. Хэрэв Э.Бат-Үүлийг Нийслэлийн АН-ын даргаас нь огцруулсан бол автоматаар Хотын засаг даргаас буух байсан юм. Сая хотын даргаас нь огцруулах оролдлого хийгээд бүтсэнгүй. Гэвч олон удаагийн оролдлого үр дүнгээ өгдөг гэдгийг Н.Алтанхуягийг огцруулсан үйл явц харуулсан. Тэгэхээр ирэх жил ч гэсэн Э.Бат-Үүлийг хусах гэсэн ажиллагаа хүрээгээ тэлнэ үү гэхээс хумигдахгүй нь тодорхой болов.

АН-ын хот дахь ийм таатай нөхцөл байдлыг Нийслэлийн МАН-ынхан хангалттай сайн ашиглаж чадахгүй байна. Нийслэлийн МАН-ынхан УИХ дахь намынхаа бүлэг шигээ зохион байгуулалт сайтай ажиллаж ирсэн бол Э.Бат-Үүлийг огцруулчих байсан гэж гаслах хүмүүсийн тоо нэмэгдэв. Учир нь Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч нь АНУ-д сурахаар яваад жил болж байна. Бүлэг нь эзэнгүйджээ. Тэгсэн мөртлөө Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нь НИТХ-д байдаггүй гэнэ. Өөрөөр хэлбэл хотын намын хорооны дарга нь нийслэлийн ИТХ-ын хурлын гаднаас төлөөлөгчидөө удирддаг гэсэн үг л дээ. Ингээд Нийслэлийн ИТХ-д МАН-ыг төлөөлдөг нөхдүүд азрагагүй адуу шиг дураараа алхцгаадаг аж. Хэрэв олигтойхон шиг удирдлагатай байсан бол нийслэлд ажиллах боломж, орон зай өөрөө нээгдчихлээ гэж улс төр судлаачид МАН-ынханд сануулга өгч байна. Улаанбаатар хот дахь МАН нь нийслэл хариуцсан Нарийн бичгийн дарга Д.Сумьяабазар, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн ИТХ дахь МАН¬-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан гэсэн гурван толгойтой болчихоод байна. Хэрэв тэд бодлогоо нэгтгэж, үйл ажиллагаагаа эрчимжүүлэн санаачилгатай ажиллаж чадвал Э.Бат-Үүлийг огцруулах боломж нээгджээ.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих