Үнэтэй эд зүйл хэрэглүүлсэнээс болж хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болж байна
Сүүлийн үед хүүхдүүд гэмт хэрэг үйлдэх, хохирогч болох нь ихэссэн байна. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүл хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Ариунзаяагаас тодрууллаа.
-Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь ихэсч байгаа гэсэн. Энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар хэчнээн хүүхэд гэмт хэрэгт холбогдсон талаар тоон мэдээ гарсан уу?
-Нийслэлд 2014 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар бүртгэгдсэн 550 гэмт хэрэгт 570 хүүхэд холбогдож, гэмт хэргийн улмаас 867 хүүхэд хохирсон байна. Энэхүү тоог мөн үеийнхтэй харьцуулахад насанд хүрээгүй хүүхдүүдийн үйлдсэн гэмт хэрэг 9.8, холбогдогч 5.4, хохирогч нь 5.9 хувиар өссөн байгаа юм.
-Хүүхдүүд гэмт хэрэгт ихээр холбогдох болж байгаа гол шалтгаан нь юу байна?
-Хүүхдүүд гэмт хэрэг үйлдэх, хохирох гол шалтгаан нь өндөр үнэтэй эд зүйл, гар утас хэрэглэж байгаатай холбоотой. Учир нь үүнтэй холбоотогойгоор хулгай болон дээрмийн гэмт хэргийн тоо өсч байгаа. Тиймээс эцэг, эхчүүдийг хүүхэддээ хэрэглүүлсэн үнэтэй зүйлс нь хүүхдийг гэмт хэргийн хохирогч болгож байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй байна.
Хэрэв хүүхдүүддээ үнэтэй гар утас бариулж байгаа бол орцонд, цахилгаан шатанд, нийтийн тээвэр гэх зэрэг хүн олонтой газарт гар утсаа гаргаж ирэхгүй байх, тоглоом тоглохгүй байхыг сайтар ойлгуулах шаардлагатай. Хүүхдүүдийг үнэтэй гар утас хэрэглэж байгааг нь харсан этгээд дээрэмдэх, хэрэв гар утсаа өгөхгүй бол тухайн хүүхдийн бие махбодид гэмтэл учруулах гэмт хэргүүд гараад байна.
-PC тоглоомын газарт хэдэн наснаас дээш хүүхдийг тоглуулах ёстой байдаг юм бэ?
-Өвлийн улиралд ханиад томуу ихээр тархаж, бага насны хүүхдүүд өвчилж, хичээл завсардахад хүрдэг. Тиймээс бага ангийн сурагчдын өвлийн амралтыг сунгасан. Энэ жилийн хувьд, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын II улирлын амралт энэ сарын 20-оос нэгдүгээр сарын 26-нд буюу нэг сар тав хоног амрахаар болсон.
Харин нийслэийн ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид ирэх сарын 03-26-ныг хүртэл амарна. Тиймээс ийнхүү урт хугацаагаар амрах гэж байгаатай холбоотойгоор цахим тоглоомын газрууд хууль, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай байна. Тухайлбал, есөн нас хүрээгүй хүүхдийг PC тоглоомын газарт тоглуулахгүй байх, хүүхдүүдийг хоёроос дээш цагаар тоглуулахгүй байх журмыг сахин цагийн хуваарийн дагуу ажиллах хэрэгтэй.
-Шинэ жил болох гэж байгаатай холбоотойгоор архи согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилдэг газруудыг насанд хүрээгүй хүүхдүүдэд үйлчилж байгаа эсэхэд хэрхэн хяналт тавьж байгаа вэ?
-Шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор хүүхдүүд гадуур зугаалах, шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулах зэргээр баярладаг. Тиймээс шинэ жилийн баяраа зохистой тэмдэглэх шаардлагатай байна. Түүнчлэн эцэг, эхчүүд бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай.
Нийслэлийн хэмжээнд 2014 оны арваннэгдүгээр сарын байдлаар согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагуудад давхардсан тоогоор 3174 удаа хяналт шалгалт явуулж нийт 1532 иргэн, аж ахуйн нэгжийг Монгол Улсын “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу торгуулийн болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авч ажилласан.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд, Согтууруулах ундаа үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, борлуулах, худалдах, түүгээр үйлчлэх ажилд 18 нас хүрээгүй хүн авч ажиллуулах, 21 нас хүрээгүй, эсвэл согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно гэсэн заалттай. Хэрэв хуулийн заалтыг зөрчвөл тухайн газрын тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллах болно.
Ж.Отгон
URL: