С.Б.Бат-Эрдэнэ: ЕС ХОНОГ /Баримтат тууж 3/
-Хөгшөөн, энд ингээд зогсчих!
-Үгүй, хөгшөөн! Дөнгөж уулзвар гараад зогсъё хө. Чамайг энд буулгаад би 600 төгрөг авчихаад, харин одоо чамайг буулгах газарт бас дахин зогсоод энэ нөхөрт (Замын голд хянамгай гэгч нь ширтэн зогсоо замын цагдааруу эрүүгээрээ сэм дохин заав) 2000 төгрөг өгөх хэрэг гарна, аравхан алхам газар л байна шүү дээ! хэмээн Бальдагийг учирлахад дөч эргэм насны нөгөө дэгжин эр их л ихэрхүү байдлаар:
-Би уг нь зорчигч, чамд хөлсөө төлөөд л буух ёстой газартаа буух ёстой биз дээ хэмээн хямсаганахад Бальдаг ч мөчөөгөө өгсөнгүй:
-Би жолооч хүн, замын хөдөлгөөний дүрэмд зааснаар зөвшөөрөгдсөн газарт л зогсох нь миний үүрэг шүү дээ, 2км, 600 төгрөг! гэсээр зогслоо. Зорчигч эр түнтийтэл 500, 1000-т чихсэн түрийвч гаргаж ирсэнээ, зуутын ягаан дэвсгэрт нүдэнд ил харагдсаар атал 500 төгрөг сугалан “зуун төгрөг алгаа” гэхэд, хэдий завандаа бэлдээд барьчихсан байсан юм, өөдөөс нь 400 төгрөг бэлэн сарвайн “Мянгыг өгчих өө хө, миний хөгшин задгайтай явж бай!” хэмээн ёжлонгуй хэлэхэд нөгөө эр мянгатын дэвсгэрт сугалж өгөөд хариултаа авангаа амандаа ямар нэгэн юм бувтанасаар буутал зөрөөд настайвтар эр хаалгаар тонгойн шагайж: -Явах уу, төрөхөөс хүн гаргах гэсэн юм гэхэд нь Бальдаг:
-Суучихаа хө, хоёр дугаар төрөхөөс үү? Энэ дараагын гарцан дээр л эргэж таарах нь дээ, болно биз дээ? За нойлолчихлоо шүү! гэсээр дохиогоо өгөөд хөдлөн эгнээ байран эзлэн жаал яваад орон сууцнаас гарч ирсэн гарцан дээр буцаж эргэн нөгөө цагдаагын хажуугаар гаран, түрүүчийн өнгөрч зогссон уулзвараараа зүүн эргэн хоёр дугаар амаржих газрыг зүглэхдээ өөрийн эрхгүй 45-р сургуулийн хашаанд бужигнах хүүхдүүдрүү хараан билчээн цагруугаа хяламхийн “Ихрүүд маань ирээгүй байх шиг вэ” гэж хальт бодсоноо, “Аав энд явахад ч өдийд яаж ирэх вэ дээ, арай хожигдчихгүй байгаа, утсаа дэмий ч орхив уу даа, ээ дээ миний энэ түргэн уур уу” гэж бодсоор төрөхийн хашаа руу орон зогсоод, өөрөө буун байшингын булангаас дахиад л сургуулийн үүдэнд бужигнах хүүхдүүдрүү хараа билчээн зогссон оо, “Өө, миний хоёр зулзага ирчихсэн байх чинь, үгүй тэр хөдөлгөөнийг нь ээ, өрөмний өт шиг” хэмээн аман дотроо шивнэсэнээ, нэг их санаа алдахуйд араас нь “Явах уу, жолоочоо, бид бэлэн болчихлоо” хэмээн нөгөө хүний дуу гарлаа.ОГОТНЫ НҮХНЭЭС ОЛДСОН СУВД
Найман сарын хорьдоор барилгын цэргүүд халагдаж, Бальдаг онжавуудтайгаа хоёр хоног хотоор манаргаад, сая нэг юм тал тал тийшээ салж, өөр өөрийн мөрөө хөөцгөөхөд хамгийн түрүүнд авга эгчтэйгээ золгохоор Их тойрууг зорилоо. Зуун долоод зургаан сар курст сурч төгсөөд, Гүнсэл хэдийгээр мань хүнийг ангидаа бага даргаар үлдэхийг ятгасан боловч, нэгэн тасагт хамт сурч байсан барилгын цэргийн ангиас жолооч болохоор ирсэн Гонгор гээд нэгэн асман цэрэгтэй их л ходий байсных, өөрийнх нь одоо үзэж яваа энэ “сургууль рот”- ын амьдрал бол энгийн шугамын ангиуд, тэр дундаа барилгын цэргийн амьдралаас эрс, тэрс ялгаатай, ёстой л өдөр шөнө шиг өөр, яс нарийн дүрэм журмаараа, хатуу чанд сахилга баттай, бараг л шоронгоос ч долоон дор гэх бөгөөд энд байвал дахиад хоёр жил хагас шинэ цэргээрээ, дээр нь баахан шинэ, хуучин цэргүүдтэй өдөр болгон залхталаа жагсаалын бэлтгэл балбаж, өдөржин хичээл сургууль заах, цээжлүүлэх гэж байдаг нервээрээ наадаж, наад халзан толгойд чинь эргээд үс ургахдаа цагаан үс ургах бий вий, тэгээд ч чи барилгын цэрэгт ч, энгийн шугамын ангид хувиарлагдлаа ч одоо бол жолооч цэрэг, яалт ч үгүй л жолоо мушгиж таарна шүү дээ хэмээн нилээн сайн ятгуулсаных ангидаа нөлөөтэй, газар авсан хуучны архаг цэрэг Гүнсэлийг өөрийг нь ятгасаар ямар боловч барилгын цэрэгт хувиарлагдсан ч, хотод үлдэж чадсангүй, “Барилгын тав, Дарханы 017” гэдэг алдартай хороонд хувиарлагдан очиж билээ.
Яг л бүх юм “сценарын дагуу явж байна” гэдэг шиг, бүгд Ганбаагын хэлсэн дагуу болж “сайндаа л сар гүрийж чадвал” нь ердөө л долоохон хоног гүрийх хэрэг гарч шинэхэн ангидаа хөлөө олж билээ. Үнэхээр өөрөө хөдөлгөөнтэй, сэргэлэн байж чадвал барилгын цэрэг жаргалын орон бөгөөд, унж дорой явбал тамын орон, жинхэнэ ажлын мал болгодог аймаар ч гэмээр газар байлаа. Эрх биш цэргийн дүрэмт хувцас өмссөнөөс л биш юун тэр цэргүүд, залуусын мөрөөдлийн “зуун долоо, сургууль рот”-той зүйрлэх вэ, зүгээр л ардууд л гэсэн үг. Ингээд мань Бальдаг хуучин муу боловч “Баасны бар сүүлт” хочтой, муу ус соруулагч Газ-53 маркын машины жолооч болон халагдан халагдатлаа Дарханд албаа хаасан бөгөөд ганц хоёрхон л удаа хотруу орж ирсэн билээ. Халагдах хавраа тэргээ хүлээлгэн өгөөд, наряданд гарсаных* 5785 төгрөгтэй халагдсан нь Планеть-4- ийн үнэнд хүрэхгүй боловч, хүрсэн ч Бальдагын зорилго арай өөр, арай том юманд санаатай байлаа.
-Чи анх надруу биш Сараа луу л гүйдэг байсан биз дээ? гэж тунимар аядахад Бальдаг дайн дуусч буйг гадарлан өөдөөс нь тордог ч үгүй:
-Хайрын бурхан намайг оготны нүхэнд ойчсоныг нь аваарай гэснийг нь, ойчуулсаныг нь аваарай гээд л буруу ойлгочихгүй юу, очиж очиж хагархай Сараа шүү тэр нь… гэснээ араас нь албаар ч юм уу, аль эсвэл үнэн сэтгэлээсээ ч хэлээд байгаа юм уу “Манай хагархай Сараа ч дүүхэлзсэн, сайхан амьтан даа, нэг ирэхгүй юм болов уу” гэнэ. Харин яг үүнийг нь мэдсэн юм шиг тэр өдөр нь ч юм уу, сайндаа л маргааш нь Сараа:
-Яадаг амьтад вэ? Хэрүүлийн бурхан хэнийг чинь хатгачихаа вэ? гэсээр инээд алдан дуу, шуу болсоор ороод ирдэг нь гайхмаар ч юм шиг.*Шугамын ангийн цэргүүд зургаан сард халагдаж, барилгын ажил ид явуулдаг урин дулаан цагийн учир барилгын цэрэгт алба хаасан залуусыг алба хаах хугацааг нь хоёр сараар сунган, ингэхдээ халагдахаас хоёр сарын өмнөөс эхлэн наряд бичүүлж, барилга дээр цалинтай ажиллуулдаг байлаа. Тухайн үед буюу 1985- 1987 онд миний мэдэхээр миний алба хаасан ангиас дээд тал нь 7700 төгрөгтэй халагдаж байсан тохиолдол ч байдаг ажгууҮргэлжлэл бий.
URL: