Шинэ дэд сайдуудыг залуус өнгөлж байна
Засгийн газар “элэг бүтэн” боллоо. Үүний дараа дэд сайдуудын “марафон” эхэлдэг. Бараг намуудын “дотоод асуудал” болтлоо гажиг тогтолцоо руу орчихоод байгаа эл байдлыг засахыг Засгийн газарт хамтарч ажиллаж буй намууд дор бүрнээ хичээж байгаа бололтой.
Дэд сайд гэдэг бол хэн нэгний гоочлоод байдаг “амьгүй албат”, амбицын хэмжүүр биш харин ажил хийх ачаалал үүрэлцэж хүчээ сорих боломж байдгийг харуулах нь гэж хаана, хаанаа найдаж байна. Өрөөний хаяг нь дэд сайд, үүдэндээ “цай зөөж цаасан хувилдаг царайлаг хүн” суулгахаас асуудал шийддэггүй, гарын үсэг зурж хариуцлага хүлээдэггүй хэмээн өмнө нь томилогддог байсан залхуу бөгөөд улстөрч дэдүүдийн ажил байдал алдаа дутагдлаас болж “дэд сайд” гэдэг албан тушаалыг “Delete” хийж болохгүй. Зарим нь энэ албан тушаалыг үгүй хийснээр хагас тэрбум төгрөг хэмнэх гэж байгаа юм хэмээж байна.
Гэвч хэмнэлт бүхэн зөв алхам байдаггүй. Төрийн ажилд хүч суларч, ачааллыг даах, даван туулахад амаргүй болж удааширч, иргэдийг чирэгдүүлж эхэлбэл яах вэ. Хагас тэрбум төгрөгийн төлөө гадны ижил төстэй яамдын удирдлагуудтай уулзахдаа “орлогчгүй ээ” хэмээн өчих нь тийм ч зөв гарц биш байх. Ялангуяа төсвийг хэмнэх, бүтцийг цомхон болгох үүднээс үүрэг функц нь нэмэгдсэн “нийлмэл” яамдын хувьд бүр ч бэрх болно. Тиймээс “нүдээ олсон” сайддаа түшиг болохуйц дэд сайдуудад итгэл хүлээлгэн ажиллах нь зүйтэй болов уу.
Одоогийн байдлаар АН-аас найман дэд сайдыг томилохоос тав нь хуучин “дэд”-үүдийг үлдээх нь гэсэн таамаглалтай байна. Тухайлбал Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, Сангийн дэд сайд С.Пүрэв, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Зам, тээврийн дэд сайд Х.Ержан, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр нарыг хэвээр үлдээх магадлалтай байгаа юм. Үүнийг дэд сайд бол тоглоом, улстөрчдийн уралдаан биш, Засгийн газар шинэ бүтэц, бүрэлдэхүүнээр ажиллаж буй нь орвонгоор нь эргүүлж уйдаагаа гарга гэсэн үг бүр ч биш. Тогтвортой байлгах, зорьсноо гүйцээх, халаа сэлгээгээр доргилт үүсгэхгүй байх нь чухал гэсэн байр суурийг АН-ын удирдлагууд баримталж байгаа гэлцэж байна.
Харин шинээр томилогдох гурван сайдад АН-ын генсек Ц.Оюундарь,ШӨХТГ-ын дарга О.Магнай, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх М.Хүдэрбаатар, Жижиг, дунд үйлдвэрийн сангийн дарга АЗХ-ны ерөнхийлөгч Б.Баттүвшин, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж нарын нэр дурьдагдаж байсан ч одоогоор Ц.Оюундарь, О.Магнай нар “Дэд сайдын албан тушаалд томилогдоно гэсэн мэдээлэл худлаа” хэмээн “бултсан”.
Тэгвэл МАН-ынхан дэд сайдаар залуусаа, тэр тусмаа тухайн салбараа мэддэг кандидатуудыг илгээх бодлого баримталж буй аж. Одоогоор МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ны дэд тэргүүн Г.Тэмүүлэн нар дэд сайдад “баараггүй томилогдоно” гэцгээж байна. Мөн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшиний хүү Э.Золбоот, “Монполимет” группийн зөвлөх Ц.Гарамжав нарын нэр дэд сайдад дуулдаж байсан ч хэн, хэн нь өнөөдрийн хэвлэлүүдээр “Дэд сайд болох бодолгүй байна” гэдгээ мэдэгджээ. Ц.Гарамжав урьд нь Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан учраас түүний нэр дуулдсан нь туршлагыг харгалзсан байх. Харин тус намын залуусаас Г.Тэмүүлэнг “Эрдэнэс МГЛ” ТӨК-ийн дэд захирал асан, “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй мөн л чамлахааргүй туршлагатай гэж үзсэн учраас дэд сайдад томилохоос тэгтлээ татгалзахгүй бололтой.
Түүнчлэн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн тухайд МАХН-аас хоёр, МҮАН-аас нэг дэд сайд томилогдох магадлалтай байгаа юм. Өмнө нь таван дэд сайдтай байснаа одоо гурав болон буурсан нь МАН Засгийн газарт хамтрахаар орж ирсэнтэй холбоотой. Тус эвслийн хувьд мөн л тухайн салбараа мэдэх ажил хариуцах чадвартай хүмүүсээ дэд сайдад санал болгохоор шийдсэн аж.
Үүний дараа Төрийн нарийн бичгийн дарга гэж жинхэнэ “арын фронт”-ыг хариуцсан “чухал хүн” Засгийн газрын ажилд хувь нэмрээ оруулахаар тодрох учиртай. Энэ албан тушаал нь улс төрийн томилгооноос илүү шалгуур өндөртэй учир ТӨР гол сонголтоо хийдэг. Ингээд гурван том хэсэгт хуваасан “бялуу” багассаар байна. Төрийн албыг төрлийн албыг болгохгүй байх гол зарчмаасаа л хазайхгүй байваас Засгийн газрын үйл ажиллагаа зөв гольдролд орж хувь нэмрээ оруулъя, “зугтах биш зүтгэе” гэсэн залуусаас, салбарын мэргэжилтнүүдээс төрийн албыг харамлах юун.
Н.Батнягт
URL: