“Цагаан таягтнууд”-д зориулан тавьсан зам стандарт бус байна

Явган хүнд зориулан тавьсан замын нэг хэсэгт өөр өнгийн хавтангаар тусгайлан хийсэн зам бий. Түүн дээр нь хааяа хүүхэд тоглож байгаа харагддаг юм. Гэтэл үүнийг нь “Цагаан таягтнууд”-ад зориулан тавьсан зам гэдгийг тэр болгон мэддэггүй. Бүр тэдэнд зориулан зам барьж байгаа хүмүүс нь ч ямар зориулалтын зам тавиад байгаагүй мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй “гурилдаад” өнгөрдөг гэхэд болно. Гэтэл тэдний хариуцлагагүй үйлдлээс болж тэр замаар нь зорчих ёстой харааны бэрхшээлтэй иргэд бие даан явж чадахгүй байна.
Ажиглаад үзээрэй. Хараагүй хүмүүст зориулан тавьсан зам дээр гэрлийн шон, сандал, хогийн сав хүртэл байрлуулчихсан байгаа. Ингэж сэтгэлгүй хийсэн ажлаас болж хэчнээн хүн эрүүл мэндээрээ хохирч байгаа бол. Мөн тэр замын ажлын гүйцэтгэлийг шалгаж хүлээн авдаг нөхөд юу хардаг юм бол доо. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 137 мянган иргэн байдаг. Тэдний 15.4 хувийг харааны бэрхшээлтэй иргэд эзэлдэг гэсэн судалгаа бий. Нийгмийн нэг хэсэг болсон “Цагаан таягтнууд”-ад зориулан бүтээсэн барилга, байгууламж манай улсад хэр олон байдаг билээ. Гэтэл тэдэнд хаяглан хийж өгч байгаа цөөн ажлуудаа ч дорвитойхон гүйцэтгэж чадахгүй байна. Хүний эрхийг амны уншлагаа болгосон хүмүүс энэ мэт зүйлийг жижиг гэлтгүй анхааралдаа авах хэрэгтэй баймаар. Мөн эдгээр хүнд зориулан хийж байгаа ажлаа хийсэн шиг хийвэл дахиж үргүй зардал гаргахгүй шүү дээ.

 

 

Б.Сэлэнгэ


URL:

Сэтгэгдэл бичих