УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Би 30 хүртлээ дандаа секс боддог байсан шүү

527-1378178219untitledУИХ-ын гишүүн С.Ганбаатар “Playboy” сэтгүүлд илэн далангүй ярилцлага өгчээ. Тэрбээр олон сайхан хүүхнүүдийг удирддаг дарга хийж байлаа. Тэгэхээр сайхан хүүхнийг ширтээд хараад байх эрх байгаагүй. Секс гэдэг зүйлийг эрүүлээр зөвөөр хоорондоо ярилцаж ойлголцдог байх ёстой хэмээн ярьжээ.

PLAYBOY: Бидний хүсэлтийг хүлээн авсан танд баярлалаа. Playboy-д ярилцлага өгөхөөсөө эмээхгүй байна уу?

С.ГАНБААТАР: Playboy-д ярилцлага өгнө гэдэг нэр хүндийн асуудал гэж ойлгож байна. Энэ сэтгүүл дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 59 жилийн түүхтэй, хамгийн олон уншигчтай, том брэнд, оюуны томоохон бүтээл юм шүү дээ.

PLAYBOY: Таны үйл хэргийг хараад байхад удирдагч хүний шинж чанар харагддаг юм.

С.ГАНБААТАР: Олны дэмжлэг, олон мянган шударга ажилчин, үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн дунд удирдагч гэж хэлүүлж байгаадаа баярлаж байна. Удирдагч хүний хамгийн анхаарах зүйл бол 1-рт хариуцлага үүрэх чадварыг л хэлж байгаа гэж ойлгодог. Өөртөө хариуцлага үүрээд энэ олон хүний ажлын байр, эрүүл мэнд мөн цаашлаад Оюу Толгойгоос болж хохирч үлдэх гээд байна гэдэгт итгэж, үнэмшиж, мэдрээд үүний төлөө хариуцлага үүрч дуугарахыг хичээж байна.

PLAYBOY: Та үргэлж ямар нэгэн тэмцэл хийдэг. Үр дүнд ч хүрдэг. Нууц нь юу вэ? 

С.ГАНБААТАР: Тэмцэнэ гэдэг хэцүү, үр дүнд хүрнэ гэдэг бүүр ч хэцүү зүйл. Зөв чигтэй явахын тулд миний зорилго юу вэ гэдгээ байнга ойлгох, түмэн олны итгэл найдварын хариуд тэдний өмнө хариуцлагатай байхыг зорьж ирсэн. Германы Бундестагийн гишүүнээр 17 жил ажиллаж байгаа миний дотно танилын хэлсэн үгийг зээлээд хэлчихье. Надад санаагаа ойлгуулахын тулд тэр нь амар байна. Удирдагч хүний амжилтанд хүрэх гол чанар бол нохой бөөс шиг байхыг хэлнэ.

Тэмцэгч байна гэдэг нь Сэлэм бариад л атгаалжин хар мангасыг дарах гэж байгаа баатар бишээ. Ард түмнийг нэг тийм том арслан байна гэж төсөөлье. Удирдагч хүн нохой бөөс шиг үс арьсанд нь шигдээд шийдвэр гаргагчид руу ийм буруу юм хийгээд мөнгийг чинь хулгайлаад байна, Оюу толгой чинь баларлаа шүү дээ гэдгийг хатгаж ойлгуулах байнга чихэнд нь хонх уяж байх юм. Тэгэхээр тэр арслан уурлаж бухимдаад ирэхээр нөгөө шийдвэр гаргагч “хүүе нохой бөөсөө хүрээд ир хэлэлцээрт сууя ярилцъя” гэдэг байхгүй юу. Ингээд ард түмний төлөө сайн шийдвэр гаргуулна даа.

PLAYBOY: Тэмцэлд стратеги, тактик гэж байна байх даа?

С.ГАНБААТАР: Тактик стратеги гээд баруунд суралцсан ном яримааргүй байна. Бид чинь менежмент ухаантай ард түмэн юм шүү дээ уг нь. Монголын өвөг дээдэст энэ ухаан байсан. Бид гаднаас бүх юмыг импортолж болохгүй ээ. Түүхэн дэхь менежмент жишээг яръя. Тухайлбал Хөх сударт 2 чухал зүйл байгаагийн нэг нь стратеги гэж юу вэ гэвэл том зорилгоо зөв тодорхойлох ухааныг хэлнэ гэдэг. Чингис хааны үг байдаг. Тулалдаанд ялагдаж болно, дайнд ялагдаж болохгүй ээ гэж. Хүчний төвлөрөл гэж нэг юм гарна. Энэ бол хүчээ хаана төвлөрүүлэх тухай юм. Бүх талаараа хүчтэй байхыг оролдоно гэдэг бол бүх талаараа сулын шинж гэж монголчууд хэлдэг. Аманд ч үгүй хамарт ч үгүй, хоёрын хооронд гурвын дунд гэсэн үг.

Тактик гэдэг дээр бас л Хөх судраас жишээ авъя л даа. Тэмүүжин баатар хөдөө явж байгаад нэг хот айлд очжээ. “Алдар нэр хэн бэ” гэж. “Тэмүүжин байна аа гэтэл“ Таныг чинь тал нутаг даяараа дэлхийг эзлэх том хүн гэж ярьж байна шүү дээ, тийм ухаан байна уу, дэлхийг эзэлнэ гэсэн чинь юу гэсэн үг вэ? гэж асуужээ. Тэмүүжин “Наад үхрийн мах эвдэхтэй чинь л адил шүү дээ” гээд “Дэлхийг эзлэх аргатай хүн бол нэг хурц хутгаар 10 үхрийн мах эвддэг юмаа, харин тийм ухаан байхгүй бол 10 хурц хутгаар нэг үхрийн мах эвддэг юм даа” гэсэн байна. Энэ бол арга зам, зааг ялгааг хэлж байгаа юм. Тактик гэдэг бол тэр мах эвдэх арга барилыг хэлээд байгаа хэрэг. Харин аль үхрийг эвдэх тухай нь стратеги болж байгаа юм.

PLAYBOY: Өнөөдөр Монгол улсын бодлого тодорхойлогчдод энэ ухаан байдаг болов уу?

С.ГАНБААТАР: Сайд хүнд тулга тойрсон асуудлыг битгий орооцолдуул, түшмэд хүнийг алсыг харсан асуудалд битгий хутгалдуул гэсэн үг байдаг. Манайд сайд нь сайдаа хийхгүй, түшмэд нь түшмэдээ хийхгүй байна. Стратеги тактик 2 холилдчихсон байгаа нь удирдагч ховордсоны шинж гэж хэлмээр байна.

PLAYBOY: Амжилтанд хүрэхэд тань нөлөөлдөг, зоригжуулж дэмждэг хүн бий л байх даа?

С.ГАНБААТАР: Эрсдэлтэй бас дандаа л гүтгүүлж доромжлуулж муулуулах магадлал өндөртэй, олон хүчтэй дайсантай. Дандаа л шийдвэр гаргагчидтай тэмцдэг, эрсдэлтэй ажил хийж байгаа хүний арыг сайн хань хариуцаж даахгүй л бол ийм ажлыг хийхэд маш хэцүү. Сайн ханийнхаа буянаар энэ бүхнийг гүйцэлдүүлж явна. Миний хань бол сайхан сэтгэлтэй хүн. Талархаж явдаг даа.

PLAYBOY: Таны хийх дуртай зүйл юу вэ, арай тэмцэл биш биз дээ?

С.ГАНБААТАР: Тийм ээ тэмцэл. инээв Энэ бол миний хобби. Хоббигоороо ажлаа хийж байгаа. Яагаад гэвэл олон хүнд тус болж тэдний сайхан сэтгэлийн урам дэм, хайр хүндэтгэл, харцыг мэдэрнэ гэдэг бол миний хувьд аз жаргал. Дараагийн тэмцэл юу байж болох вэ, ойрд юу хийхэв гээд л бодно шүү дээ. /инээв/

PLAYBOY: Таныг социалист хүн гээд л шоолдог шүү дээ зарим хүн?

С.ГАНБААТАР: Социализм гэдэг чинь зүүнтэн гэсэн үг шүү дээ. Капитализм бол баруунтан. Миний зүрх зүүн талдаа цохилдог./инээв/ Обама чинь социалист хүн,Тони Блэйр гээд барууны хамгийн том улс төрч гэж магтаад яриад байгаа хүн чинь Ажилчны намын дарга, Францын намуудын ихэнх нь социалист, Италийг удирдаж байгаа нам бол бас социалист. Германд гэхэд л социал демократ нам удирдаж байна.

Социалист гэдэг үгнээс битгий болгоомжил,энэ үг бол нийгмээрээ сайхан байя гэсэн утгатай юм шүү дээ. Ганбаатар бол социалист гэж хоорондоо ярьдаг хүмүүст Плэйбойгоор дамжуулаад хэдэн үг хэлчихье. Капиталист оронд ажиллаж амьдарч номын дуу сонссон хүн бол социалист хүмүүжилтэй байдаг. Хүүхдээ социалист болгоё гэвэл Лондон руу явуул гэсэн шог яриа хүртэл байдаг. Капиталист оронд жирийн хүмүүсийг яаж нухчин дарж, дээрэлхэж, мөлжиж байгааг хардаг. Тэгэхээр хүн гэдэг амьтан чинь өрөвдөх сэтгэлтэй амьтан учраас социалист болж байгаа юм.

Харин капиталист хүмүүжилтэй болгоё гэвэл хүүхдээ Москва руу сургуульд явуулаарай гэсэн шог яриа байдаг. Ходорковскийг шоронд хийгээд л капиталистуудыг шахаад л. Үүгээрээ би капиталист социалист хоёрыг энэ нь буруу зөв гэх гээгүй байна. Капиталист ч юм шиг, социалист ч юм шиг хүн байж болохгүй ээ гэж л хэлэх гэсэн юм. Орост сургуульд төгссөн ихэнх хүмүүс капиталист сэтгэлгээтэй байдаг. Капиталистуудыг алмайрч шүтдэг. Зах зээл бол байгаль хүн 2-т хамгийн халгаатай нийгэм. Үйлдвэрчний эвлэл бол капитализмын бүтээгдэхүүн. Социализмын үед үүнийг хуулбарлаж л авсан зүйл.Үүнийг улстөрчид ойлгоосой доо.

PLAYBOY: Сайхан хүүхнийг эргэж харна биз?

С.ГАНБААТАР: Хүн л юм чинь харна ш дээ. Оюутан байхад арваад жилийн өмнө гэхэд л яаж нүдээ татаж авъя даа л гэж боддог байлаа.Өөрийн эрхгүй гилжийдэг үе ч байнаа эр хүнд. Хажуугаар сайхан хүүхэн өнгөрөхөд харахгүйгээр өнгөрч байвал тэр эр хүн эрүүл биш гэсэн шог яриа байдаг. Энэ бол хүүхэмсэг гэсэн утгаар биш. Сүүлийн 10-аад жил дандаа л хариуцлагатай ажил хийж байна, олон сайхан хүүхнүүдийг удирддаг дарга хийж байлаа. Тэгэхээр сайхан хүүхнийг ширтээд хараад байх эрх байсангүй дээ. Удирдагч хүн бусдын өмнөөс хариуцлага үүрч байгаа учраас зарим нэг эрх чөлөөгөө хасах ёстой гэж үздэг дээ.

PLAYBOY: Олонд танигдсан эрчүүдээс таныг эхнэртээ хамгийн үнэнч нь гээд биччихсэн байсан нь санаанд орлоо.

С.ГАНБААТАР: Үүнд баярласан, харин тайлбарт нь бухимдаж байлаа.

PLAYBOY: Ямар тайлбар?

С.ГАНБААТАР: Яахав дээ, хүн болгонд яриад баймааргүй зүйл л дээ. Эхнэрээс нь өөр хүн тоохгүй учраас гэсэн байсан. Сэтгүүлч нь сонирхолтой болгох үүднээс тэгж бичсэн байлгүй дээ. инээв

PLAYBOY: Манай сэтгүүл олон эмэгтэй уншигчтай. Тэд таны сексийн тухай бодлыг мэдээж сонирхож байгаа.

С.ГАНБААТАР: Эрэгтэй хүн өдөрт сексийн тухай төчнөөн удаа боддог гэсэн судалгаа хүртэл байдаг биз дээ. Энэ яг үнэн шүү. Эргээд бодоход би 30 хүртлээ дандаа секс боддог байсан шүү. Нуугаад яахав. За тэгээд гэр бүлтэй болж дээрээс нь эрх чөлөөгөө сайн дураараа боомилсон ажил сонгосон доо. Секс гэдэг зүйлийг эрүүлээр зөвөөр хоорондоо ярилцаж ойлголцдог байх ёстой. Энэ нь эхнэр нөхөр 2 бие биендээ үнэнч байхыг хэлэх болов уу гэж ойлгож байна.

PLAYBOY: 20 настай байхдаа ямархуу хөвгүүн байсан бол?

С.ГАНБААТАР: Нүүрэн дээр нь шилжилтийн насанд нь тогтчихсон маш их юм гарсан, түүндээ шаналж эмзэглэдэг ичимхий залуу байсан. Эмэгтэй хүний ертөнц гэдэг бол миний хувьд боломжгүй саран дээр байгаа юм шиг л байлаа. Харин олон найз нөхөдтэй, ном их уншдаг байсан.

PLAYBOY: Охидууд тоодоггүй байжээ дээ?

С.ГАНБААТАР: Ямар ч “вариантгүй”. Харин ийм бэрхшээлтэй байгаа залууст хэлэхэд өөртөө итгэлтэй байгаарай, хорвоог тэвчээр хатуужилтай байж туулдаг юм аа гэж хэлмээр байна.

PLAYBOY: Гэхдээ муу юм болоход сайн үр дүн гарч ирнэ гэдгээр ном их уншиж өөрийгөө хөгжүүлж удирдагч болох чадварыг өөртөө суулгажээ. Харин 30 нас хүрэх үедээ ямар залуу байв?

С.ГАНБААТАР: Би айлын том хүүхэд, 6 дүүтэй. Ээж маань наснаасаа эрт ертөнцийн мөнх бусыг үзсэн. Тиймээс дүү нарынхаа өмнө том хариуцлага хүлээж үлдсэн. Тэднийгээ сайхан боловсролтой болгож, тэднийхээ төлөө зүтгэсэн нас. Найз нартайгаа кино ч үзэж чаддаггүй байлаа. Дүүгийнхээ өрөөсөн гутлыг тайлаад авчихаж байгаа юм шиг л санагддаг байсан. 30 гараад ирэхээр өөртөө нилээн итгэлтэй болчихсон, сурч боловсрохыг эрмэлзсэн залуу байлаа. Хаана ч амьдарч чадахаар болсон үе. 20-30 насандаа яаж амьдралаа сайжруулах вэ гэж боддог байсан.

PLAYBOY: Одоо та 40 гарч байна уу?

С.ГАНБААТАР: 40 нас бол Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн үе. ОюуТолгойн гэрээг хаагаад зогсоож байсан үе. Эрүүл мэндийн даатгалаар тэмцэл хийгээд эхний амжилтанд хүрчихсэн, цалин тэтгэмжийн асуудлыг төр засгаар шийдүүлдэг болгочихсон. Миний амьдрал хүмүүсийн төлөө эргэлт буцалтгүй зүтгэх боллоо гэдгээ ойлгосон үе.

PLAYBOY: Та 2 дахь амьдралаа зохиосон байх аа?

С.ГАНБААТАР: Би өмнө нь амьдрал зохиож явсан. Бас л сайн эмэгтэй. Англид бид сайхан амьдарч байлаа. Би Монголдоо ирж бодож төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлмээр байдаг. Мөрөөдөлдөө шатаж байлаа. Охины маань ээж Англид амьдарна гэсэн байр суурьтай байдаг. Хүсэл мөрөөдлөө дарна гэдэг аквариумны алтан загас л болж байгаа хэрэг шүү дээ. Тэгээд л би хүрээд ирсэн дээ. Салсныхаа бурууг би өөртөө хүлээдэг.

Хань ижилтэй болвол нэг мөрөөдөлтэй байгаарай гэж залуустаа хэлмээр байна. Гадаадад амьдарч байгаа залуус Монголдоо ирж, эх орныхоо төлөө зүтгэж, өөрийн гараар амьдралаа босгох хэрэгтэй шүү. Өнөөдөр би өглөө бүр гэрээсээ гарахдаа хоббигоороо сагсны дугуйланд явж байгаа эрэгтэй хүүхэд шиг л байдаг. инээв Орой бүр охид руугаа яарна.

PLAYBOY: Та хартай юу?

С.ГАНБААТАР: Хүний хамгийн том алдаа бол эмэгтэйчүүдийн тухай муухайгаар хардаж боддог. Би ч бас тийм байсан. Энэ бол өөртөө итгэлгүй байгаагийн шинж. Амьдралдаа хийж байсан алдаануудаа эргээд бодоход эхний жилүүддээ дотоод сэтгэлдээ энэ яадаг бол гэж харддаг байсан. Хүн ерөөсөө итгэж сурах хэрэгтэй. Ялангуяа эмэгтэй хүн бол амьдралынхаа төлөө үр хүүхдийнхээ төлөө, хань ижлийнхээ төлөө гэсэн хүмүүс.

Эмэгтэй хүмүүсийн араар тавьсан шударга бусын тухай мэдээлэл, нийтлэл, зохиол, киног эрчүүд л бичсэн байдаг. Бараг 90 хувь нь. Нийгэмд эрэгтэй хүмүүсийн сэтгэл зүйд энэ талаар эрүүл зөв ойлголттой байх ёстой гэж боддог. Нийгэм, гэр бүлийн харилцаанд танай сэтгүүл өндөр оролцоотой байна гэдэгт итгэж байна. Өөрөө өөртөө үнэнч амьдрах шиг сайхан зүйл байхгүй ээ гэж хэлмээр байна.

PLAYBOY: Бусдын төлөө ингэж явахдаа шантрах үе гарах уу?

С.ГАНБААТАР: Удирдагч хүний хамгийн чухал чанар бол айдасгүй байх. Айхаа мэддэггүй хүн гэхээр өнгөц харахад тэнэг юм шиг. Галзуу улаан баатар гэж монголчууд ярьдаг байсан. Энэ бол гал зуурах хэмжээний юу ч хийхэд бэлэн гэсэн утгатай. Тэмцэл хийгээд явж байхад над руу довтлох, муулах зэрэг намайг айлгадаггүй. Энэ тэмцлийн үр дүнд би хожих гээд байгаа юм биш надад итгэж байгаа хүмүүс хожих юм.

Ард иргэдийн зовлонг өөрийн болгож чадах тухай асуудал. Үүнийг эхэндээ би ойлгоогүй. Сүүлийн 4 жилд ойлгож байна. Доромжлуулж муулуулах бүртээ дотроо шаналж, нойр хүрэхгүй шөнө зөндөө байсан. Ингэж ч явах гэж дээ, сайн эцгийнхээ нэрийг гутаалаа, өөрөөр амьдрах арга алга уу гэж бодох үе хүртэл байлаа. Сүүлийн 4 жилд юу бодож эхэлсэн бэ гэвэл надад олон мянган хүн итгэж байхад миний нэр хүнд хамаагүй ээ гэж боддог болсон. Тэр их итгэл надад урам хүч өгдөг.

PLAYBOY: Хамгийн хэцүү үе юу байдаг вэ?

С.ГАНБААТАР: Тэмцэл хийгээд л сайн муу зүйл сонсож явдаг миний хувьд тэр их ажлын дараа гэртээ орж ирэхэд хүүхэд маань халуурч бүлээрсэн байвал хамгийн хэцүү байдаг. Чаддагаараа давс ширгэнэ дээ. Санаа дагаж байгаа юм байлгүй зүгээр болчихдог. Үүний цаад утга бол чөтгөр гэдэг бол нүдгүй сохор, давс гэдэг чинь шороо. Давс чад пад дуугарахыг чөтгөр галт уул дэлбэрч байнаа гэж бодоод айж зугтдаг гэсэн дом юм шүү дээ. Ханийгаа санаа зовох үед би түмэн олон гэдэг нэг цул энерги, тэдний төлөө чин сэтгэлээсээ явжбайхад чөтгөрирж наалдахгүй ээ гэж хэлдэг. инээв

PLAYBOY: Монголын эмэгтэйчүүдийн тухайд таны бодол?

С.ГАНБААТАР: Эрчүүдийн хувьд эмэгтэй хүн хэзээч төгсөж чаддаггүй сургууль нь гэдэг. Нууцлаг ертөнц. Чин сэтгэлээсээ хэлэхэд энэ дэлхийн хамгийн агуу эмэгтэйчүүд бол монгол эмэгтэйчүүд. Яагаад гэвэл Монголын ээжүүд үнэхээр хариуцлагатай. Үр хүүхэд хань нөхрийнхөө төлөө юу ч хийхээс буцахгүй. Монголын хүчирхэг хаадын ард эмэгтэйчүүд байсан. Чингисийн стратегийн ард ээж нь байсан. Удирдлагын академид багшилж байхдаа УБ паласт лекц уншиж байлаа. Нэг удаагийн лекцийн дараа би “хэдүүлээ босоод ээжийн тухай дуу дуулъя” гэж хүмүүст хэлсэн.

Сүүний үнэр… гээд л танхим даяараа дууллаа. Танил гадаадын хүн дараа нь лекц сайхан боллоо. Нэг зүйлд гайхлаа. Танхимд байсан хүмүүс бүгд босоод ээжийн дууг дуулсан л сонин байлаа. Яг ингэж дуулдаг ард түмэн хэд байдаг бол гэж билээ. Аавыг хүндэлж ээжийг хайрла гэдэг. Дуу хайраас үүсдэг. Аав бол ноён нуруу, чигийг заагч, хариуцлага үүрэгч. Ээж бол хайрыг түгээгч. Эмэгтэйчүүддээ хэлэхэд эрчүүдээ хүндлээрэй. Монгол эрчүүд хүндлэлд дуртай хүмүүс. Биднийг хүндлэхгүй л бол амьдрал утгагүй болдог. Амьдралын туйлын зорилго нь хань ижилдээ магтуулах гэж л явдаг юм шүү. Эрэгтэй эмэгтэй хүмүүс зөв ойлголцолтой байх ёстой.

PLAYBOY: Танд Playboy Mongolia сэтгүүлийн хамт олон болон хувиасаа агуу их зорилго болон бид бүхний төлөөх тэмцэлд тань амжилт хүсье. Танд баярлалаа.

С.ГАНБААТАР: Та бүхэнд баярлалаа. Сайхан хайртай учраад гэр бүл зохионо гэдэг энэ хорвоогийн хамгийн том аз жаргал. Танай сэтгүүлийг заяаныхаа ханийг яаж олох вэ гэдгийг залууст хүргэж байгаасай гэж хүсч байна. Аз жаргалтай 2 биедээ хэрхэн үнэнч явах вэ гэдгээ байнга бодож үүний төлөө санаа зовниж байх нь нийгэмд өөрөө хэрэгтэй зүйл.

agshin.mn


URL:

Нэр: . Огноо: 13 December 2014

Playboy чинь хүүхнүүдийн нүцгэлж үнэ хүргэж зардаг янхандалтыг дэмждэг сэтгүүл шүү дээ Ганбаатараа, юун залуусын хайр майр яриад байнаа.

Сэтгэгдэл бичих