АНУ-г зорьсон Н.Төгсцогт Лас Вегаст үлдэх үү?
АНУ-ыг зориод сар гаруй болж буй гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогтыг сонирхогчийн боксоос мэргэжлийнх рүү урвасан, хараахан сонголтоо хийгээгүй байгаа гэхчлэн таамаг хөвөрч байна.
Тийм, үгүй гэсэн эрс хариултыг тэрээр одоогоор өгөөгүй. Тэгвэл Н.Төгсцогт ямар шийдвэр гаргах бол гэдгийн хариулт байж болох өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлуудыг эргэн сануулъя.
1.Мэргэжлийн бокс бол түүний мөрөөдөл. Энэ тухайгаа “Лас Вегасын “MGM Grand” ч юм уу, асар олон хүн цугласан тийм газарт “Дэлхийн шинэ аварга Төгсцогт” гэж зарлуулаад, “Монгол” гэж цоллуулан, мэргэжлийн боксоор авсан олон бүстэйгээ рингэн дээр гарч зогсоно гэдэг миний бокстой холбогдсон цагаас эхэлсэн мөрөөдөл” хэмээн хэвлэлд ярьж байв.
2. Өнгөрсөн хавар тэрээр АНУ-ыг зорьж, мэргэжлийн боксын рингэнд бэлтгэл хийж байгаад эх орондоо ирсэн. Үүний дараа “би мэргэжлийн бокст хүч үзэхийг мөрөөддөг ч наана нь Олимпийн аварга болох зорилтыг өөртөө тавьсан” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Хараахан гэрээ үзэглээгүй ч Н.Төгсцогтод АНУ-ын хоёр ч компани, мэргэжлийн боксын нэртэй менежерүүд санал тавиад байгаа юм.
3.Одоогоос сар гаруйн өмнө БНСУ-д болсон “Инчён-2014” Азийн наадамд тэрээр БНСУ-ын боксчин Хам Сангмюнгтай учраа таарсан ч ялалтаа шүүгчдэд луйвардуулж сэтгэл гонсгор ирсэн билээ.
Л.Хэрлэн
Эх сурвалж: Зууны мэдээ
URL: