“Х.Тэмүүжин хувьсал”

тэмүүжин“Х.Тэмүүжин үнэлэмжтэй, үнэт зүйлтэй хүн”. Монгол Улсын Төрийн тэргүүн, Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж засаг, төрийн төлөөлөл хийгээд ард түмэнд түүнийг ойлгуулахыг хичээн дайсан, товч бөгөөд тодорхой үнэлгээ энэ. Ямар их итгэл, ямар их хүндлэл, бас хайр байгаа нь эндээс харагдаж байна. Яг үүнтэй адил Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинд анх шударга ёс, өөрчлөлт шинэчлэлтийн тэс өөр өнгө хүссэн илгээлтийг олон нийтээс дайсан юм. Хууль зүйн салбарт хийх “хувьсал” ямраар будагдаж, хэрхэн өөрчлөгдөхийг л бид хүлээсэн хэрэг. Ганц хүнд томдохоор ачаа, залуу хүнд ахдахаар үүрэг, хариуцлага ногдсон байж мэднэ. Тиймдээ ч алдаагаа засахыг нь, ахиад давтахгүй байхыг нь Ерөнхийлөгчөөс эхлээд “нэг ангийнхан” нь, жирийн залуус ахмадууд бүгдээрээ хүлцэн ойлгож суусан болов уу.

Гэвч “Тэмүүжин хувьсал” өнгөө олсонгүй. Түүний нэрээр хаягласан мэдээлэл, дуулианууд нүд бүлтийж, чих дэлдиймээр байсан нь үнэн. Дуулиан дагуулсан захидлуудыг нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шүүрэн авч шуугиж, тэгэхдээ ихэнх нь өмөөрч байлаа. Хамгийн гол нь цахим сүлжээгээр тараан байршуулдаг түүний дуулианууд, Төрийн сайдад арай л зохиогүй гэмээр үйлдэл, үгүүд нь ардаа дандаа асуултын тэмдэг, тааврын хүснэгттэй байдаг.

Түүний нисгэсэн цэнхэр шувуунаас үүдэлтэй тэрбум тэрбумаар хэмжигдэх хөрөнгийн асуудал, албан тушаал, хээл хахууль, дарамт шахалтын хэрэг чухам юу болж төгсөж байна вэ. Явсаар энэ нь сүүлдээ хууль зүйн салбарынхныг бараг бүхэлд нь үл иттэхүй рүү хандуулсан таагүй ойлголтод хүргэсэн нь үнэн. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингээр овоглосон төслүүд, батлагдсан хуулиуд, байгуулсан агентлаг, газрууд адлагдаж эхэллээ. Бүгдийг өөрийн эсрэг босгож, иймдээ тултлаа жижгэрэхийг тэр хүсээгүй нь лав. Магадгүй улс төрийн хатуу тоглоомын үндсэн зарчмыг мань хүн ухаж ойлгоогүй, шинэдсэн байж мэднэ.

Аливаа сенсаац, дуулиант мэдээллийн араас мөшгиж мөрдөх, хардаж сэрдэх асуудал аль ч орны хэвлэл мэдээллийн салбарт тогтсон, ногдсон, үйлтэй гэмээр ажил. Энэ ч утгаараа түүнийг чичлэн буруушаах хэсэг байсан, одоо ч бий. Өмөөрөн хамгаалсан нь ч тэднээс дутаагүй. Үнэн хэрэггээ мөнөөх “нялх амраг”, бас хүүгээ үрчлүүлсэн энэ тэр гэдэг шуугиан хувь хүний амьдралд хэтэрхий хошуу дүрсэн асуудал байж мэднэ. Хүүхдүүдтэйтээ, гэргийтэйгээ авахуулсан сайхан хөрөг зургийг нь зарим хэвлэл хуудас, дэлгэцээ харамлалгүй цацсан байдаг. Ингэж гэр бүлийн, тэр тусмаа өсөж яваа хүүхдүүдийнх нь эрхэнд халдаж болно гэж үү. Ингүүлснийх нь төлөө түүнээс уучлалт гуймаар байна. Нөгөө талд нь Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хэлмэгдүүлсэн, хохироосон, гүтгэсэн, дорд үзэн чимхсэн салбарынхаа хүмүүсээс уучлалт гуйж яагаад болохгүй гэж. Тэдний цаана ч бас гэр бүл нь бий.

“Шинэчлэл гэдэг ганц Тэмүүжин нэртэй Чингис баатар гарч ирээд хийдэг ажил биш. Энэ бол, цагдаа гэхэд 20-иод мянга, прокурор бас 1000 гаруй, шүүхийн 1000 гаруй хүн гээд олон байгууллага, хүмүүсийн дэмжлэгийг авч байж явах ёстой ажил. Тэмүүжин сайдын нэг зүйлтэй би огт санал нийлдэггүй. Одоо байгаа энэ гурван хуулийн байгууллагыг их муухайгаар хэлдэг. Болохоо байчихсан, авлига авдаг, муу цагдаа, муу прокурор гэх зэргээр. Тийм хэсэг хүн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бүгдээрээ тийм биш” хэмээн УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг бий. Энэ бол ямар ч хүн олон зүйлийг ойлгож болохоор дүгнэлт.

Түүнчлэн мэргэшсэн хуульч, туршлагатай улстөрч гэдгээрээ хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн Ц.Нямдорж, өөрийнх нь багш, алдар хүнд нь Монголд түгсэн С.Нарангэрэл, хууль зүйн салбар, цаашлаад өөр салбарт хүртэл нэр хүнд, байр суурийт олсон Д.Дорлигжав гээд хүндэлж эмээхээс аргагүй хүмүүсээ хүртэл чичлэн буруушааж, шүүхдэж, маргалдаж дэвхцсэнийг нь бодохоор “Тэмүүжин хувьсал”-ын өнгө анхнаасаа буруу эхэлчихжээ гэсэн дүгнэлт улам лавшрах гээд болдоггүй.

Өнгөө олоогүй “Тэмүүжин хувьсал” сүүлийн сенсаацаар өндөрлөх болгугай. Үнэн чухам хэний талд байгааг, Дорлигжав нь зөв яриад байна уу, Тэмүүжин нь бурууг хийчихэв үү гэдэг нь аяндаа тодорно.

Уг нь Х.Тэмүүжинд олон хүн итгэж байв. Ардчилсан Намын ирээдүйтэй залуучуудын нэг, шударга зарчимч залуу, шинийг түгээн дэлгэрүүлэх эрмэлзэлтэй, ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэгч, нийгэмд шударга ёс түгээхийг зорилгоо болгосон, шинэ улс төрийн тод дүр гэж олон түмэн итгэж байлаа. Одоо ч энэ итгэл хараахан бөхөөгүй байгаа байх гэдэгт итгэе. Гэхдээ хэрвээ тэр нэг намын, хүндэт ах Д.Дорлигжавыгаа гүтгэчихсэн бол, сандал суудалтайгаа зууралдаж, эрх мэдлээ ашиглан бусдыг золигт гаргахыг хүссэн бол, өөрөөс нь өөрийг бодсон хэн нэгэнд өс хонзон зангиддаг бол түүнд найдсан их итгэл эргэж буцахгүйгээр салан одно. Олны итгэлийг олж авах амархан, хадгалах хэцүү гэдэг билээ.

Дөрвөн сая долларын банкны баримт түүнийг урьдын идэрхэн, шударга, гялалзсан Тэмүүжин хэвээр үлдэх үү, эсвэл үнэт зүйлээ алдаад асгачихсан, арчаагүй өчүүхэн, урах ноцох араншинтай Тэмүүжин болж арчигдах уу гэдэг салаа замын эхэнд зогсоолоо. Хүн бүхэнд таалагдсан сайхан дүр хэнийч санаанд оромгүй муухай амьтан болж хувирах хувьсал Тэмүүжинг бүү дайраасай билээ.

 

 

Ц.Цэвээнхэрлэн /Засгийн газрын мэдээ/


URL:

Нэр: Anonymous Огноо: 13 December 2014

Олон хүн цагдаад дургүй л дээ. Энэ хүн бусдад таалагдахын тулд тэр сэтгэхүй дээр их тоглолт хийсэн дээ. Бүгд муу биш, аз болж сайн нь муугаасаа арай олуулаа болохоор энэ байгууллага цаашдаа ард түмнийхээ энхийн манаанд зогссоор бх болно. Харин энэ их самралт хэзээ зөв гольдролдоо орохыг бүү мэд. Байрнаасаа хөдөлсөн чулуу 3 жил зовдог гэсэн. Баг зүүсэн улс төрчид бол үүлэн чөлөөний нар шиг тодроод өнгөрнө ард нь бүхэл бүтэн систем замбараагүй байдалд орж нөгөө зөв харуулсан пирамид биш МӨӨГӨН хэлбэртэй систем буюу толгойгоо даахааргүй болсон аркедитай хүүхэд шиг бусдын дэмжлэг асаргаа зайлшгүй хэрэгтэй тийм байгууллага болгочихлоо доо. Хатуу ч гэсэн үнэн үг эм болно шүү.

Нэр: Бэбэ Огноо: 15 December 2014

тэнэгүүд дуугай байцгаа та нар нэг их цэцэрхэсэн хар малууд тийм л овоо юм бол ядахнаа Уянга шиг нэг жаахан иргэний зориг гаргаач тэр нэг хачин нийтлэл бичсэн бас коммент үлдээсэн хэдэн малуудад хэлж байна!!!

Сэтгэгдэл бичих