Намууд Байнгын хороодыг хувааж эхэлжээ

байнгын хороН.Алтанхуягийн Засгийн газар огцорсноор улс төрд дахин хуваарилалт болж байна. МАН шинэ засагт орж, Шадар сайдаас гадна таван яамны сайдыг нэр дэвшүүлэн томилууллаа. Харин өмнөх засагт 2012 оны сонгуулиас хойш хамтарч байсан ИЗНН-ын хувьд Ч.Сайханбилэгийн танхимд ганц ч сайдын суудалгүй хоцров. Гэхдээ улс төрийн намуудын тохиролцоо ёсоор сайд нарын томилгооноос бусад хуваарилалт дээр ИЗНН-ынхан оролцоод явахаар болжээ. Тухайлбал, шинээр томилогдох дэд сайд нар дээр ИЗНН хоёр, төрийн нарийн бичгийн даргын хувьд нэг хүн нэр дэвшүүлэхээр болсон байна. Мөн УИХ-ын найман Байнгын хорооны даргын томилгоон дээр ИЗНН-ынхан оролцоод явах болжээ. Хэдийгээр ИЗНН УИХ-д хоёрхон суудалтай ч парламентад суудалтай намын хувьд АН-тай ойлголцож нэг Байнгын хорооны даргыг нэр дэвшүүлэхээр болсон байна. Энэ тохиолдолд С.Оюун, С.Дэмбэрэл хоёрын нэг нь Байнгын хорооны дарга болно гэсэн үг. Харин үлдэж буй долоон Байнгын хороог, мөн УИХ-ын дэд хороодын удирдпагыг АН, МАН, “Шударга ёс” эвсэл хувааж авахаар болжээ.

Одоогийн хуваарилалтаар Аюулгүй байдал, гадаад бодлого, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороог даргалж буй “Шударга ёс” эвслийнхэн шинэ хуваарилалтаар ганц л Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх эрхтэй болж байгаа аж. Харин таван Байнгын хороотой байгаа АН-ынхан шинэ хуваарилалтаар гурван Байнгын хороог л авахаар болжээ.

Өөрөөр хэлбэл, АН гурав, ИЗНН, “Шударга ёс” эвсэл тус бүр нэг гээд нийтдээ таван Байнгын хорооны удирдлагад нэр дэвшүүлэх юм байна. Харин МАН-ынхан үлдсэн гурван Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх бололтой. Гэхдээ ИЗНН-ынханд өгсөн нэг Байнгын хороог АН-ын квот гэж үзэхгүй бол МАН хоёр, АН дөрөв гэсэн байдлаар хуваарилалт явах ажээ. УИХ-д гурвуулаа хэрнээ албан бус зөвлөл байгуулж, бүр Төсвийн байнгын хороог даргалж байсан бие даагчдын хувьд бүх хуваарилалтын гадна үлдэх нь. , Өөрөөр хэлбэл, сөрөг хүчин болно гэдгээ мэдэгдчихсэн бие даагчид Байнгын хорооны даргагүй болж, тэр дагуу УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд суудалгүй болох юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “Бие даагчдын зөвлөл” нэрээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд орж байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг ч “байранд” нь тавихаар ярьж байгаа ажээ.

 

Ч.САНСАР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих