Тогтвортой байх гэрээг тооцоогүй хийснээс иргэд хохиров
АНУ-ын хөрөнгө оруулалтын “Morgan Stanley” банкны шинжээчид газрын тосны үнийн судалгаа хийхдээ дэлхийд гаргууд гэдэг. Энэ нь ч хэд хоногийн өмнө нотлогдлоо. “Morgan Stanley”-гийн шинжээчид энэ сарын 5-нд “хар алт” ойрын үед улам бүр үнэгүйднэ гэсэн судалгааныхаа дүнг ил болгосны дараахан дэлхийд үнэ тогтоогч “WTI”, “Brent” маркийн нефтийн үнэ зэрэг шахам огцом буурчээ.
Нэг баррель нефтийн дундаж үнэ одоогийн байдлаар 60 ам.доллар орчимд хэлбэлзэж байна. Хүн төрөлхтний хамгийн чухал түүхий эд гэгддэг нефтийн үнэ ийнхүү хэдхэн хоногийн дотор даруй тав гаруй хувиар, сүүлийн гурван сарын дотор 30 орчим хувиар үнэгүйдсэн байна.
“Morgan Stanley”-гийн шинжээчдийн тооцоолсноор, ирэх жил газрын тосны нийлүүлэлт ихсэх тул уг түүхий эдийн нэг баррелийн үнэ 43 ам.доллар хүртэл буурах ажээ. Хэт нийлүүлэлтийн ид үе ирэх жилийн хоёрдугаар улиралд тохиох бөгөөд үүнээс хойш тус түүхий эдийн үнэ аажмаар нэмэгдэн баррель нь 53 орчим ам.долларт хүрэх гэнэ.
Өнөөх л “Morgan Stanley”-гийн урьдчилсан таамаглалаар, 2016 онд тус түүхий эдийн үнэ баррель нь дунджаар 70 ам.доллар болж өсөх аж. Тэр ч бүү хэл 2017 онд дахин 100 ам.долларт хүрээд удаахь жилд нь 92 ам.доллар хүртэл унах юм байх. Харин 2019 онд “хар алт”-ны үнэ эргээд чангарч 120 ам.долларт хүрнэ гэжээ. Энэ бол зөвхөн өнөөдрөөс харсан урьдчилсан тооцоо. Цаашид юу болохыг “Morgan Stanley” байтугай хэн ч мэдэхгүй.
Юутай ч нэг юм тодорхой. Шатдаг занараас газрын тос гаргах технологи хөгжсөнөөр ялангуяа АНУ энэхүү үнэт түүхий эдийн импортоо хэдхэн жилийн дотор даруй 20 хувиар бууруулж чаджээ. Удахгүй бараг л экспортлогч болох гэж байх шиг.
Гэтэл манай улсын шатдаг занарын нөөц дор хаяж 700 тэрбум тонн гэдэг. Түүнийгээ ашиглалгүй өнөөх л хойд хөршөөсөө шатахуунаа гуйсаар л явна. АНУ бол том гүрэн, стратегийн бодлогодоо хөрөнгө гаргахтайгаа. Гэхдээ харин ч манайх шиг нэг улсаас шатахуунаа зөөдөг улс үүнд бүр ч илүү анхаармаар.
Гэтэл бид зах зээлийн үнэ ханшийн хэлбэлзэл хаашаа яаж эргэхийг мэдрэлгүй тогтвортой үнийн гэрээ байгуулчихсан. Нефть цаашид ч өснө гэж төсөөлөөд тэр. Иймээс ОХУ-д дэлхийн зах зээлийн бодит үнээс илүү мөнгө төлсөөр байна. АНУ-д сүүлийн таван жилд байгаагүйгээр шатахууны үнэ буурч иргэдийнх нь магнайг тэнийлгэж байхад манайд бахь байдгаараа.
Уг нь ОПЕК буюу нефть нийлүүлэгч орнуудын байгууллагын сүүлийн шийдвэрээр тус түүхий эдийн нийлүүлэлтийг хязгаарлахыг татгалзсан шийдвэр гаргасан шүү дээ. Үүний дараа “хар алт”-ны үнэ мөн л доошилсон.
Нефтийн үнэ огцом буурахад хамгийн их хохирох улс нь манай хойд хөрш ОХУ-ыг нэрлэж байгаа. Чухам энэ улсаас бид шатахууныхаа хэрэгцээгээ бараг тэр чигт нь хангадаг. Хурдхан гэрээнийхээ нөхцөлөө өөрчлөх юмсан. Гэвч тэгж чадах болов уу?
ОХУ, БНХАУ хоёртой ойрын үед дэндүү “найзархсан” Азийн зүрхэн дэх ардчиллын амин сүнс гэгдэж явсан манай оронд өрнөдийн ертөнц итгэл алдрах хандлагатай байгаа нь тодорхой. Хоёр хөршийнхөө геополитикийн эрх ашгийг хамгаалсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад манай улс золтой л элсчихээгүй.
Тэгээд ч ОХУ өрнөдийн ертөнцтэй бараг л шинэ хүйтэн дайн эхлүүлээд байхад хэзээний өөрийн нөлөөний гэж боддог Монголыг хямд шатахуунаар хангахгүй л болов уу.
Ингээд бодохоор өрнөдийн “Рио Тинто”-той “Оюутолгой”-н уурхайн талаар маргалдсаар байгаад бид нефтийн хямралын үед ч хойд хөршийн “ах” нараасаа үнэтэй шатахуун авсаар байх төлөвтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: