Булайгаа дэлгэсэн рок попынхон дунд “Сүүн цагаан хурим” дуу асуудал үүсгэх вий
Хайрын дуугаар хоршин хамтдаа рок попын ертөнцөд хөл тавьсан дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх нар нэлээд хэдэн жилийн өмнө ёстой л бужигнуулж явлаа. Охид хөвгүүдийн дунд ид нэрд гарч явсан хайрын дуучид маань хоёр жил гаруй хугацаанд уран бүтээлээ туурвиж, бие даасан цомог болоод тоглолтоороо багагүй ашиг олсон. Гэвч уран бүтээлээрээ төдийгүй сэтгэл зүрхээрээ холбогдож явсан гэгддэг эл дуучин хос нэг л өдөр тус тусынхаа зам мөрийг хөөж билээ.
Хип хопчидтой цуг цөөнгүй дууг амилуулсан М.Үүрцайхын хувьд, хайрын дууны хамтрагчаа “Баян айлын эрх бацаан” хэмээгээд айлын эхнэр болж одсон. Харин дуучин Ц.Мөнхбат нь түүнийг “Танхай зантай, шоучин хүүхэн” гэж цоллоод бие даасан уран бүтээлээ хийсэн ч дорвитой амжилтанд хүргээгүй. Арга буюу амьдрал зохиож, өдгөө хоёр ч хүүгийн аав болоод байгаа тэрбээр саяхнаас хуучин хамтрагчтайгаа эргэн нийлжээ. Цаадахь нь ч багагүй томоожиж, хоёр хүүхдийн эх болсон төдийгүй цаашид дуу хуургүйгээр амьдарч чадахгүй гэдгээ “мэдэрсэн” юм байх.
Ийнхүү таван жилийн дараа уран бүтээлээ үргэлжлүүлж эхэлсэн хайрын дуучид саяхан “Сүүн цагаан хурим” дууг хамтран дуулж, клипжүүлсэн байна. Гэвч энэхүү дууг нь дуучин О.Анхбаяр, Б.Халиунаа нар өмнө нь дуулсан төдийгүй бүр зохиогчийн эрх хүртэл авсан гэх маргаан тэдний дунд одоо хэр нь байсаар байгаа сурагтай. Магадгүй, сүүлийн хэдэн өдрийн турш хэвлэлийнхэний “бай” болоод байгаа рок попын зарим дуучид шиг булайгаа дэлгэх “дайн” бас дэгдэж мэднэ шүү.
photonews.mn
URL: