Али Насух Макруки: Би Эверестэд авирсан анхны Турк уулчин
Монгол Улс Турк улстай дипломат харилцаа тогтоосны45 жилийн ойн хүрээнд тус улсын Элчин сайдын яамнаас олон арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Үүний нэг бол Туркийн алдарт уулчин, зохиолч, чөлөөт гэрэл зурагчин Али Насух Макрукийн үзэсгэлэн юм. Түүнийг үзэсгэлэнгээ гаргахаар Монголд ирэх үеэр цөөн хором ярилцлаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Али Насух Макруки гэдэг. Би 1968 оны тавдугаар сарын 21-нд Истанбул хотод төрсөн. Билкэнтийн их сургууль болон Үндэсний аюулгүй байдлын академийг төгссөн. Усанд шумбалт, уулын авиралт, моторт болон унадаг дугуйн спортын мэргэжлийн тамирчин. Туркийн“Эрэн хайх ажиллагаа” (AKUT Search and Rescue Association ) төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч. Анх1996 онд ууланд төөрөөд 14 хонож байсан хоёр залууг аварснаар өөрийн төрийн бус байгууллагаа үүсгэн байгуулж байлаа. Манай байгууллага 150 гишүүн, 1000 гаруй сайн дурынхныг эгнээндээ нэгтгэсэн.
-Та яагаад манай улсад аялахаар болов?
-Монгол Улсад аялах талаар олон жилийн өмнөөс мөрөөдөж, төлөвлөж байсан. Түрэгийн эзэнт гүрний соёлын дурсгалуудыг хадгалсан өв соёл ихтэй орон юм. Мөн Орхоны хөндийн бичээсийг Туркийн анхны руны бичгээр бичсэн байдаг.
-Нийт хэчнээн км замыг мотоциклиор туулсан бэ?
-Би говь талын нутаг болон Хөвсгөл аймгаар нийт 3000 км замыг мотоциклиор туулсан.
-Аяллын бүрэлдэхүүнд багтсан хүмүүсээ танилцуулбал?
-Миний ойр дотны 15 найз 12 мотоциклиор аялсан. Бидний дунд шинэхэн хос явсан. Бал сараараа мотоциклиор аялж танай нутгийн үзэсгэлэнт байгаль, сайхан агаараар амьсгаллаа. Энэ нь хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг боллоо. Мөн Монголын уулчдын холбооны нарийн бичгийн даргатай уулзсан. Хэрэв Монголын талаас надад санал тавивал хамтарсан авиралт хийхэд миний зүгээс маш баяртай байх болно. Би танай уулчдад Туркийн 5000 гаруй метр өндөр Агри ууланд хамт авирахыг урьсан.
-Ер нь олон орноор аялж байв уу?
-Мотоциклиор Турк, Иран, Пакистан, Энэтхэг, Балба, Түвд болон Европын орноор аялж байсан. Мөн1992-1994 онд ЗХУ-ын газар нутагт байрлах7000 метрийн өндөр таван ууланд амжилттай авирч“Уулын ирвэс” хэмээх цол авч байлаа. 1995 онд Эверестийн ууланд авирсан анхны Турк уулчин болсон. 1996 онд долоон тивийн хамгийн өндөр ууланд авирч“Долоон Өндөр” хэмээх төслийн хамгийн залуу 45 дахь тамирчнаар тодорсон.
-Үзэсгэлэнгийнхээ талаар тайлбарлавал?
-Бид өнгөрөгч наймдугаар сард өөрийн багийн хамт Монгол Улсад мотоцикльтой аялал хийж, аялах хугацаандаа сонирхлынхоо дагуу олон сайхан зураг авсан. Тиймээс Монгол орны тал нутаг, ард түмний аж байдлыг илтгэсэн гэрэл зургаас миний аялал ямар сонирхолтой, адал явдалтай болохыг та бүхэнд харуулах зорилгоор энэхүү үзэсгэлэнг нээлээ. Аяллын турш үзэж, харсан зүйлээ гэрэл зурагт буулгаснаа Монголын үзэгчдэд сонирхуулахаар энэ сарын 2-нд Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гэрэл зургийн үзэсгэлэнгээ нээсэн. Одоогоор үзэсгэлэн Урлагийн зөвлөлийн“Улаан гэр” галерейд тавигдсан байгаа. Энэ сарын 12-ыг дуустал байрлана.
Ц.Заяа
URL: