Л.Гантөмөр сайд дэлхийд боловсролын чанараараа тэргүүлэгч Финлянд улсын эрдэмтдийг хүлээн авч уулзлаа
БСШУ-ны сайд Л.Гантөмөр Финляндын Оулин их сургуулийн Боловсролын сургуулийн захирал профессор Марко Кейлинэн, тус их сургуулийн багш доктор Туомо Вилполла, Лапландын их сургуулийн харъяа дунд сургуулийн захирал доктор Эйяа Валэн нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Л.Гантөмөр сайд тэднээс сүүлийн хоёр жил хийгдсэн багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд хийсэн ажилд мэргэжлийн дүгнэлт хийлгэх, мөн хөгжмийн боловсрол, номын сан, кино сургалтад хэрхэн ашиглах талаар туршлага судлахыг хүслээ.
Харин Финляндын төлөөлөгчид Монголын боловсролын бодлого хүүхэд бүрийг хөгжүүлэхэд чиглэж байгаа нь дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлсэн зөв алхам гэдгийг онцлов. Мөн боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг хангахын тулд сайн багш, сайн туршлага судлан нэвтрүүлэх нь чухал гэлээ.
Уулзалтын үр дүнд тус сургуультай хамтран Монголын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг боловсруулах, багш солилцоо, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан судалгааны ажлууд эхлүүлэхээр тохиролцлоо.
URL: