Б.Цогтгэрэл: Macmahon Leighton “нэгдэл” ялвал Хятад, Австралийн “зэвсэгт хүчин” Монголд орж ирнэ
Коксжих нүүрснийхээ чанараар дэлхийд тэргүүлж буй Тавантолгойн орд 6.4 тэрбум тонн нөөцтэй. Үүнийг Монгол Улсын ирээдүйн хөгжилтэй салшгүй холбоо гэж олон улсын эдийн засагч, эрдэмтэд үзсэн. Гэтэл сүүлийн үед энэхүү ордод үйл ажиллагаа явуулах оператор компанийн сонгон шалгаруулалт олны хэл ам татаж буй. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч хангалттай мэдээлж байгаа бөгөөд иргэн Б.Цогтгэрэл хэвлэл мэдээллийн ажилтнуудыг өрөөндөө урьж дараах ярилцлагыг өгсөн юм.
-Тавантолгойн ордод ажиллах компанийг шалгаруулах ажил будлиантай байна гэж үзэж байгаа гэлээ. Ямар учраас ийм дүгнэлтэд хүрэв?
-Шалгаруулалтад Германы “BBM”, “Macmahon”, Австралийн “Leighton Holdings” гэсэн гурван компани үлдсэн. Гэтэл гурвуулаа өрсөлдөөд буй мэт харагдаж байгаа ч, үнэн хэрэгтээ шалгаруулалтад хоёр л компани үлдсэн. Үүнийг бодит жишээгээр тайлбаръя. Одоогоос жил гаруй хугацааны өмнө буюу 2009 оны дөрөвдүгээр сарын 9-нд “Macmahon” болон “Leighton Holdings” хамтран “Macmahon Leighton Joint Venture” хэмээх “нэгдэл” байгуулсанаа Сиднейн хөрөнгийн биржид албан ёсоор зарласан юм.
Эдгээр компани анх Австралид төмөр зам хийхийн тулд хамтарч цаашлаад үнэт цаасны зах зээлд гарсан байж. Үүнээс харахад манай улсын ирээдүйн чиг хандлагын гол тулгуур гэгдээд буй Тавантолгойн ордод ажиллах хөрөнгө оруулагч шалгаруулахад гурван компани үлдсэн мэт байв ч, хоёр нь аль хэдийн хамтарсан компани байгуулаад, олон улсд хувьцаагаа гаргаад амжчихжээ. Гэтэл манай Монголд ирхээрээ хоёр салж тохуурхаад л аль ч өнцгөөс нь харахад “баг” зүүсэн луйварчдын шударга бус үйл ажиллагаа гэдэг нь илэрхий байна.
-Үүнийг баримттай тайлбарлаж чадах уу?
-“Leighton Holdings” ХК “Macmahon”ХК-ийн 19 хувийг эзэмшдэг. Хэдийгээр энэ нь бага хувь мэт байгаа ч, үүний дараагийн эзэмшигчийн мэдэлд ердөө л дөрвөн хувь нь байдаг. Эдгээрийг нийтэд тооцохоор хяналтын багцыг “Leighton Holdings” эзэмшээд байгаа юм. Би бүр тодорхой жишээ дурдая, үүнийг www.mljv.com сайтаас харж болно. Энд бичсэнээр, “Macmahon Leighton Joint Venture” компани Австралийн баруун хэсэгт 220 км төмөр зам тавьж байна гэжээ. Үүнд хамтарсан хөрөнгөөр байгуулж байгаа гэдгийг их тодорхой бичсэн байна. Мөн гэрээ, баримт бичиг, зураг хөрөг бүгд бий.
-Хэрвээ энэ хоёрын аль нэг нь ялвал яах вэ?
-Улс орон хөгжиж дэвшихийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь зүйн хэрэг. Гэхдээ үүнийг зөв зүйтэй, үндэснийхээ аюулгүй байдал тусгаар тогтнолыг сайн тооцож байж хийх ёстой. Одоогийн байдлаар “Leighton Holdings” ХК-ийн үйл ажиллагаа Монгол улсд байх ёстой хэр хэмжээнээсээ хэтэрсэн гэхэд болно.
Хамгийн энгийн жишээ нь, тэд “Энержи Ресурс”-д хөрөнгө оруулалт хийгээд, дэд бүтцийн зохион байгуулалтын асуудлыг гардан гүйцэтгэхийн хажуугаар уурхайн стандарт зэрэг бүхий л ажлыг нь хийж байна. Хөшөөтийн уурхайд ч мөн ялгаагүй “Leighton Holdings” ХК хамаг ажлыг нь амжуулж байгаа. Эдгээр хөрөнгө оруулалтыг нэгтгэхээр Монгол Улсын ДНБ- ний талтай тэнцэх хэмжээтэй болсон. Өнөөгийн байдлаар манай орны ДНБ-ий хэмжээ хоёр тэрбум орчим ам.доллар гэж ойлгоод л яваа, гэтэл тус компани өдгөө манай уул уурхайд нэг тэрбум долларт дөхсөн хэмжээний хөрөнгө оруулалт хийчихээд байгаа юм. Хэрвээ Тавантолгойн операторыг сонгох шалгаруулалтад “Macmahon”, “Leighton Holdings”-ын аль нэг нь ялалт байгуулвал, хөрөнгө оруулалтын хэмжээ ДНБ-тэй тэнцэн улмаар 30 жил тасралтгүй ажиллахад даваад явна гэсэн үг.
Тэгэхээр Монгол Улсын валютын эргэлт, хөрөнгө оруулалтын урсгалыг Монголчууд хянах боломжгүй болно. Энэ нь эдийн засгийн хувьд төдийгүй Үндэсний аюулгүй байдалд хор хохирол үзүүлэхүйц нөлөөтэй. Учир нь гаднын аль нэг компаниас ДНБ-ээс давсан их хөрөнгө оруулалт авбал ашиг сонирхолын асар том зөрчил үүсдэг жамтай. Уул уурхайн томоохон компаниудын хийж заншсан гэж болохоор нэг үйл ажиллагаа бий. Энэ нь одоо Ирак, Афганистан, Дундад Азийн орнууд, Африкийн орнуудад түгээмэл бөгөөд “Хөрөнгө оруулалт, хамгаалалтын гэрээ” юм.
Тиймээс энэ хоёрын аль нэг нь ялвал, Хятадын хамгаалалтын алба, эсвэл Австралийн зэвсэгт хүчин манайх руу орж ирнэ гэсэн үг. “Leighton Holdings”-ын үйл ажиллагааны цар хүрээ асар өргөн. Тус компанийн Азид ажилладаг салбарыг “Leighton Asia” хэмээх тас Хятад нөхдүүд хариуцаад сууж байгаа. ТУЗ-д нь Хятадууд томоохон байр суурь эзэлдэг. Нэрсийн жагсаалтыг нь www.leightonasia.com хаягаар ороод үзээрэй.
-Энэ нь ямар учиртай юм бол?
-Элдвийн халдлага, бослого, үймээн, төрийн эргэлт, хуулийн ямар нэгэн өөрчлөлт зэргээс хөрөнгө оруулагч өөрийгөө хамгаалахын тулд ийм алхам хийдэг. Нэг үгээр, эзэмшлийн газарт нь хэн нэгэн нэвтрэх, ойртохыг хориглож, бүр болохгүй бол буудах ч юм уу, нэг үгээр тэнд тэдний хууль үйлчилнэ. Ийм аргаар хамгаалалт тавьдаг. Гэтэл энэ нь их аюултай асуудал. Энэ компанийн Ази дахь үйл ажиллагааг хятадууд явуулдаг. Гэтэл Хятад улс хөрш орнуудын уул уурхайг гартаа барих бодлого баримталж байгаа. Тавантолгойд оператор компани орно гэдэг нь нийт Таван Толгойн лицензтэй талбайн хоёрны нэгийг хяналтандаа байлгана гэсэн үг. Гэтэл энэ бүхэн “Leighton Holdings”-ын “хуулиар” хийгдэнэ. Тэгээд энэ үйл ажиллагаа 30-40 жил Монголын өмнөд хэсгийн хамгийн том нүүрсний уурхайнуудаар нэг л хэмээр явна.
-Эдгээр компани зарим нэг ажилд хамтардаг байж болно. Энэ нь яг бүрэн нэгдэж, нэг тамгатай болсон гэсэн үг мөн гэж үү?
-Ингэж хэлж болно. Учир нь “Leighton Holdings” ХК “Macmahon” ХК-ийн хяналтын багцыг эзэмшдэг гэж дээр хэлсэн. Тэгэхээр нэг нь нөгөөгөө удирддаг гэсэн үг.
-Ямар шалгуураар үлдээсэн гэж бодож байна?
-Мэдээж энэхүү шалгаруулалтыг хэдэн тооны хүнээс бүрдсэн баг шалгаруулж байгаа. Тэднийг мэдээж Эрдэнэс МГЛ компаний захирал Б.Энэбиш гэгч нөхөр удирдаад сууж байгаа. Гэхдээ ямар ч шалгаруулалт байлаа гэсэн, эцсийн шатанд тунаж үлдсэн гурван компанийн хоёр нь хамтарсан гэдгийг хамаараагүй нь хачирхалтай. “Leighton Holdings” ХК бол манайд аль хэдийн хөрөнгө оруулаад эхэлчихсэн. “Энержи ресурс”, Хөшөөтөд үйл ажиллагаа явуулсаар байтал үлдээсэн.
Тиймээс би Эрдэнэс МГЛ ийн захирал Б.Энэбишийг авлига авсан байж болзошгүй гэж хардаж байна. Энэ хүн шалгаруулалтад тунаж үлдсэн гурвын хоёр нь “нэгдсэн” гэдгийг мэдэх л учиртай. Учир нь хувьцаат компаниудын үйл ажиллагааний бүхий л нарийн зүйлс, гишүүд, ТУЗ, санхүүгийн асуудал бүрэн нээлттэй байдаг. Тэгэхээр шалгаруулалт хийж буй эрхмүүд компаниудын түүх, ядаж сүүлийн 5 жилийн гэрээ, тайлан тооцоотой танилцсан байх ёстой.
-Танд баярлалаа
Г.Амартүвшин /Өдрийн шуудан сонин/
URL: