Монголын Залуучуудын Холбооны төлөөлөгчид Дэлхийн Залуучуудын Ассемблейн ХVI чуулганд оролцож байна
Албани Улсын Тирана хотноо Дэлхийн Залуучуудын Ассемблейн чуулга уулзалт “Залуучуудын Манлайлал- Өнгөрсөн ба Ирээдүй” сэдвийн дор энэ 12-р сарын 7-11-ний өдрүүдэд болж байна. Чуулганыг нээж Албанийн ерөнхий сайд Эди Рама, Албанийн Нийгмийн Хамгаалал, Залуучуудын сайд Эрлон Вэлиаж, Дэлхийн Залуучуудын Ассемблейн ерөнхийлөгч Датук Сэри Идрис Харон, Дэлхийн Залуучуудын Ассамблейн (ДЗА) ЕНБД Эдиола Пашолиари, ДЗА-н сайн үйлсийн элч Масиэли Луша нар чуулганы нийт оролцогчдод амжилт хүсч үг хэллээ.
Дэлхийн Залуучуудын Ассемблей нь 1949 онд байгуулагдсан бөгөөд НҮБ-ын агентлагуудад залуучуудын асуудлаар зөвлөгөө өгч, НҮБ ба дэлхийн нийт залуучуудын байгууллагуудыг холбодог гүүр болон ажилладаг байгууллага юм.
Дэлхийн Залуучуудын Ассемблей чуулган нь 4 жил тутамд 1 удаа болдог ба XV чуулган 2010 онд Английн Лондон хотноо хуралдаж байсан. Энэ удаагийн чуулганд Монгол Улсыг төлөөлөн Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Монголын Залуучуудын Холбоо нь Дэлхийн Залуучуудын Ассемблейн бүрэн эрхт гишүүнээр 1993 онд элссэн бөгөөд залуучуудын төлөө оруулсан хувь нэмрийнхээ төлөө Дэлхийн Залуучуудын Ассемблейн 1995 оны “Залуучуудын шилдэг байгууллага” шагналыг хүртэж байсан түүхтэй.
Монголын Залуучуудын Холбоо нь Дэлхийн Залуучуудын Ассемблейтай идэвхтэй хамтран ажилладаг бөгөөд 2014 оны 4-р сард Малайзын Мелака хотноо ДЗА-н төв байранд МЗХ-ны төлөөлөгчид айлчилж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ихээхэн үр дүнтэй уулзалтыг хийгээд ирсэн билээ.
Чуулган ирэх Баасан гараг хүртэл үргэлжлэх бөгөөд МЗХ-ны хувьд дэлхийн бусад орны залуучуудын байгууллагын төлөөлөгчидтэй уулзах, шууд харилцаа холбоо тогтоох, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сайхан боломжийг олгож байна.
URL: