Нар хаасан “Астра интернэшнл”-ийн барилгыг нураатал тэмцэнэ гэв
Б.ЭНХЗАЯА
Мэргэжлийн хяналтынхан стандарт зөрчсөнийг нь тогтоочихоод байхад барилгын ажлаа үргэлжлүүлээд байгаа нэгэн компанийн тухай, тэдний хууль зөрчсөн үйл ажиллагаа бусдын эрх чөлөөнд халдсаар байгаа тухай энэ удаагийн дугаартаа сурвалжиллаа.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТААС “АСТРА ИНТЕРНЭШНЛ”-Д ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, бидний хэлж заншсанаар “Ардын эрх”-ийн буудлын урд “Өдрийн сонин”-ы байрны хойд талд иргэн Л.Зундуй болон “Астра интернэшнл” компанийн захиалгаар “Тэлмэн констракшн” компанийнхан өнгөрсөн наймдугаар сараас нэгэн барилгын суурийг тавьж эхэлжээ. Барилга нь зоорийн давхартайгаа нийлээд 13 давхар оффис үйлчилгээний болон орон сууцны зориулалттай. Дөрвөн сар гаруйн хугацаанд барилгын их биеийг бүхэлд нь босгожээ. Одоогоор дотор засал, чимэглэлийн ажил үргэлжилж байгаа тус барилгын зай талбайгаас болж “Өдрийн сонин”-ы 100 гаруй ажилтан нар үзэх эрхгүй болжээ. “Астра интернэшнл”-ийн 13 давхар барилга “Өдрийн сонин”-ы байрнаас 8.4 метрийн зайтай босч эхэлжээ. Стандартаар бол барилгын өндрийн хэмжээнээс хамаарч 20 метрээс багагүй байх ёстой аж. Байгалийн гэрэл үзэх боломжгүй болсон сонины ажилтнууд өнгөрсөн наймдугаар сараас барилгын үйл ажиллагааг зогсоохыг шаардаж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ханджээ. Тус газраас шалгалт хийж “Астра интернэшнл” компанийнхан барилгын норм дүрмийг зөрчсөнийг тогтоожээ. Улсын байцаагчдын дүгнэлтэд “Өдрийн сонин”-ы байрнаас 8.4 метрийн зайтай байгаа нь “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм”-ийн 2.11-д заасан заалтыг зөрчсөн гэж үзжээ. Тус заалтад “2-3 давхар орон сууцны барилгын тууш талуудын хоорондох зай 15 метрээс багагүй, дөрвөн давхар бол 20 метрээс багагүй. Харин ийм барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай сууцны өрөөний цонхнуудын хоорондох зай 10 метрээс багагүй байх ёстой. Хэрэв зэрэгцээ хоёр барилгын сууцны ба гал тогооны өрөө хооронд цонхоор нэвт харагдахгүй байвал хангагдсан нөхцөлд нарны гэрэлтүүлгийн номын шаардлагад зохицуулан хоёр барилгыг хооронд нь ойртуулан байрлуулж болно” гэжээ. Мэргэжлийн хяналтынхан зураг төслийг дахин хянаж зөрчлөө арилгаж өнгөрсөн сарын 31-нд хариу мэдэгдэхийг “Астра интернэшнл”-д даалгасан байна. Гэвч өчигдрийн байдлаар барилгынхан зөрчлөө арилгах битгий хэл үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байв. Энэ тухай “Өдрийн сонин”-ы албаны дарга Н.Гантулгаас зарим зүйлийг тодруулсан юм.
Н.Гантулга: БАРИЛГЫГ НУРААХ ХҮРТЭЛ ТЭМЦЭНЭ
-Мэргэжлийн хяналтынхан “Астра интернэшнл” компанийн хууль зөрчсөнийг тогтоожээ. Гэвч зөрчлөө арилгаж эхлээгүй бололтой?
-Бид өнгөрсөн наймдугаар сараас барилгын үйл ажиллагааг эсэргүүцэж тэмцсэн. Ажлын хэсэг байгуулаад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандсан. Тэд барилга хооронд хэмжилт хийгээд “Астра интернэшнл”-ийн хууль зөрчсөн үйлдэлд нь албан шаардлага хүргүүлсэн. Мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг өгсөн юм билээ. Ерөнхий төлөвлөгөөнийхөн өнгөрсөн сарын 30-нд хэмжилт хийгээд дүүрэг хариуцсан архитектурт хандсан гэсэн. Одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна.
-Ажилтнуудын ажиллах нөхцөл хүнд байгаа гэсэн үү?
-Бид нар үзэх чадахгүй болчихсон. Барилгын суурийг анх тавьж байхад том том техникийн дунд ажлаа хийх ямар ч боломжгүй байсан. Одоо бид байнгын нэмэлт гэрэлтэй л ажлаа үргэлжлүүлж байна. Ямартаа ч холбогдох байгууллагууд норм, дүрэм зөрчиж баригдаж байгааг тогтоочихсон болохоор бид ч тэмцлээ зогсоохгүй. Барилгыг нураах хүртэл тэмцэх болно.
-Танайх “Цонхоо нээцгээе” ТББ байгуулсан байх аа. Нараа хаалгачихсан олон иргэн хандаж байна уу?
-Ийм хэлбэрээр эрх нь зөрчигдсөн олон айл өрх байдаг юм байна. ТББ байгуулснаас хойш 50 гаруй хүн хандсан. Бид өөрсдийнхөө эрхийг хамгаалахаас гадна тэдний тухай нийтлэл, сурвалжлага бэлтгэж байгаа. Барилгын салбарт хууль зөрчдөг үйлдлийг өөрсдийнхөө жишээн дээр таслан зогсоохыг эрмэлзэж байна.
-“Астра интернэшнл”-ийнхэнд хандаж үзсэн үү. Ямар хариулт өгч байна?
-Тэд холбогдох зөвшөөрлөө авчихсанаа л хэлдэг. Анх газар олгохдоо л хууль, дүрмээ барьсан бол олон хүний эрх зөрчигдөхгүй байсан гэв.
БАРИЛГА ХООРОНДЫН ЗАЙ ТАЛБАЙ АЛДАГДАХ НЬ ГАЗАР ОЛГОЛТТОЙ ХОЛБООТОЙ ГЭВ
Уг нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 418 дугаар тушаалаар “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт”, 2004 онд батлагдсан “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм” гэж бий. Гэвч энэхүү норм, стандарт алдагдаж хүмүүс нар харах эрхгүй болж байгаа нь газар олголтын асуудлаас үүдэлтэйг Мэргэжлийн хяналтынхан хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн өмчийн харилцааны газраас иргэд, аж ахуйн нэгжид хуулийн дагуу газар олгодог болчихвол бага ч болов цэгцрэх гэнэ. Түүнээс гадна барилгын архитекторууд ч хариуцлагатай ажиллах шаардлагатайг мэргэжлийн хяналтынхан учирлаж байлаа. Энэ удаагийн баримт ч төрийн байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагаатай холбоотой бололтой. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлснээр “Астра интернэшнл” компанийнхан холбогдох зөвшөөрлүүдээ авчихсан байдаг юм байна. Уг нь дээрх норм, стандартад тэдний 12 давхар барилга дэргэдэх барилгаасаа хэдэн метрийн зайд байх ёстойг тодорхой заачихсан байна. Дор хаяж 24 метрийн зайнд баригдах ёстой байжээ. /Орон сууц барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зайн хэмжээ хүснэгтэд үзүүлэв/
Ямартаа ч зөвшөөрөлтэй гээд бусдын эрхийг зөрчиж болохгүй. Сэтгүүлчдийн ажил бол цаг наргүй ажил байдаг. Байгалийн гэрэл харж чадахгүй ажиллана гэдэг хүний эрхийн том зөрчил. Нэгэнт хууль, дүрэм зөрчсөнийг мэргэжлийн байгууллага нь тогтоочихсон хойно хуулиа хэрэгжүүлэх ёстой. Үүнийг төрийн өндөр албан тушаалтнууд анхааралдаа авах ёстой. Эс тэгвэл та бүхний баталдаг хууль, дүрэм, норм, стандартыг хэн ч мөрддөггүй жишиг тогтоно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: