Урлагийнхны тогтоосон үнийн “хөөс” хагарч эхэллээ

qwwqwqМонгол Улсад эдийн засаг элгээрээ мөлхөж, ард түмэн элэг дөрөвдөөд удаж байна. Томоохон компаниуд зах замбараагүй цацдаг байсан хандив, ивээн тэтгэлгээ хааж эхэллээ. Дунд зэргийн компаниуд ажилчдынхаа цалин мөнгийг арай ядан өгч байна. Жижиг компаниуд нь болохоор ажилчдаа бөөн бөөнөөр нь халж, ажилгүй хүмүүсийн тоо ганцхан жилийн дотор огцом нэмэгдлээ. Одоохондоо тоон судалгаа гаргадаг нөхдүүд тэдэн хүн ажилгүй болж, ажилгүйдэл тэдэн хувиар нэмэгдлээ гэж ярихгүй л байна. Бодвол тийм мэтийн тоо хэлж, хүмүүсийн тархинд цус харвуулаад яах вэ гэж бодож байгаа юм байлгүй дээ.

Эрхэм дарга дээгүүрээ сандал суудал, сайдын сэнтийгээ булаацалдаж байх зуур иргэд хоногийн хоолоо аргацаах гэж ядаж сууна. Монгол Улс нэг иймэрхүү болоод хувирчихлаа. Ард түмний хувьд ёстой нөгөө их санасан газар есөн шөнө хоосон хононо гэдэг шиг л юм боллоо. Гэхдээ эдийн засаг хямарч, мөнгө төгрөггүй болохын давуу тал гэж байна аа бас. Юу вэ гэвэл, бүхий л салбарт үүсээд байсан үнийн хөөс хагарч эхэллээ. Хамгийн том жишээ нь гэвэл манай урлагийнхан. Цагийн сайхан, цай будааны элбэгт, эдийн засаг сэргэн мандаж, энд тэндгүй уурхай ажиллаж байх үед дуучид нэг дуугаа сая төгрөгөөр үнэлдэг байлаа. Зарим нь бүр 1.5-2 сая төгрөгөөр ч үнэлж байсан байх шүү.

Мэдээж компаниуд нэртэй бол нэртэй, мөнгөтэй бол мөнгөтэй байсан болохоор хамгийн нэртэй, чадалтай дуучинг авчирч, хоёр дуу дуулуулаад л 2-3 сая төгрөг өгчихдөг байсан. Дээрээс нь бэлэг сэлт өгч, хоол ундаар дайлаад гаргана гэж байгаа. Нүнжигтэй загнадаг байсан хэрэг. Тиймдээ ч, ганцхан дуутай нөхөр хүртэл шинэ жилээр 20,30 сая төгрөг олоод, амтанд нь ороод байх вэ дээ. Харин энэ жил эдийн засаг хямраад, элэг дөрвөөрөө мөлхөж байгаа болохоор шинэ жилээ тансаг хийж, давилуун загнах байгууллага ч тун цөөн байгаа сурагтай. Мөн үнэ хөөсрүүлээд, оргилуун дарс шиг буудуулаад байсан эрхэм дуучид одоо л нэг газар дээр бууж ирж байна.

Нэг дуу 500 мянгаар дуулна гэж үнэ тогтоож байгаа ямар ч дуучнаар шинэ жилээ чимэх байгууллага олдохоо больжээ, хөөрхий. Үнэтэй байна гээд хавьтуулахгүй байгаа гэнэ билээ. Тиймээс дуучид үнийхээ “хөөс”-ийг хагалж, нэг дуугаа 200-300 мянгаар л дуулж байгаа юм байх аа. Зарим нэг нь бүр таван дуугаа саяар дуулна гээд багцийн үнэ гаргасан юмдаг уу даа. Ямар ч байсан ганц хоёрхон дуу дуулчихаад, сая саяар нь мөнгө халааслаад гардаг байсан дуучид үзээгүй юмаа үзэж, үстэй толгойгоо зулгааж эхэлж. Энэ бол эдийн засгийн хямралын нэг сайн тал нь.

Монголчууд бид шинэ жил гээд давилуун загнаж, баахан мөнгө цацахгүйгээр амьдарч болдог юм байна гэдгийг мэдэрч байна. Хэдэн дуу бичүүлж, түүнийгээ хаа сайгүй явуулчихаад, өөрсдөө микрофон бариад зогсч байдаг дуучдын үнэ ханш нь хаана хавьд байхыг ч мэдрүүллээ.

Ер нь эдийн засагт үүсээд байсан бүх “хөөс” хагарч байх шиг байна. Бүх салбарынхан хэтэрхий их үнэ тогтоочихоод байсан нь үгүй болж эхэллээ. Хэрвээ энэ хэвээр нь барьж чадвал монгол төгрөгийн ханш жаахан чангарч, хөөсөрсөн бараа, бүтээгдэхүүнүүдийн үнэ “хагарч” эхлэх биз ээ. Ямар ч байсан дараа жил, тэрний дараа жил ч гэсэн байгууллагууд нэг дууг сая төгрөгөөр дуулуулах хэрэггүй гэдгийг мэдсэн байх. Энэ чинь л хямралын ач тус. Хямрахаа больсон ч гэсэн урлагынхныг давраахгүй байх хэрэгтэй. Дуучдын үнийн “хөөс” хагарвла дагаад дуу бичлэгийн студи, клип хийж байгаа нөхдүүд, тоглож байгаа жүжигчдийнх нь тогтоосон үнэ ч гэсэн дагаад буурах байх. Энэ мэтээр бүх салбарт тогтсон “хөөс”-ийг хагалчихвал үнийг буулгаж болох нь.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

URL:

Нэр: Hovdog Огноо: 10 December 2014

Zov zov,odoo bid jinhene horson deeree buuh tsag irsen.

Сэтгэгдэл бичих