Т.Ганболдын хамсаатан Ш.Батхүүд холбогдох хэргийг шалгаж дуусчээ

13996_648

“Жаст” группын захирал асан Ш.Батхүү батлан даалтад гараад удаж байгаа. Тэрбээр Цагдан хорих төвд хоригдож байгаад биеийн байдал нь муудаж, яаралтай хагалгаанд орох болсны улмаас ийнхүү прокуророос батлан даалтад гаргасан юм.

Өдгөө гэрээрээ ойр зуурын эмчилгээ хийлгэсэн шиг амарч байгаа түүнд холбогдох хавтаст хэргийг он дуусахаас өмнө прокурорын байгууллагад шилжүүлэхээр дутуу, хавтаст хэрэгт авагдаагүй зарим нотлох баримтыг цуглуулж дуусч байгаа гэдгийг эх сурвалж хэлэв. Мөн шаардлагатай гэж үзсэн зарим нэг хүмүүсээс байцаалт авсан гэнэ.

Ш.Батхүүгийн хувьд хуурамч гарын үсэг бүрдүүлэн “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлж хувьдаа завшсан болохыг хуулийн байгууллага тогтоогоод байгаа билээ. Мөн  тэрбээр Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан, өдгөө Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ний захирлаар ажиллаж байсан, одоо “Алтан Дорнод Монгол” компанийн захирлаар ажиллаж буй Т.Ганболд нартай хуйвилдан ихээхэн хэмжээний мөнгө идсэн хэрэг мандаасан нь илэрсэн билээ.

Тодруулбал “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас “Жаст” ХХК нь их хэмжээний цувимал бүтээгдэхүүн худалдан авах хуурамч гэрээ байгуулан, баталгаа гаргуулж уг гэрээгээрээ Америкийн “HSBC” банкнаас 10 сая долларын хөрөнгө босгож Төмөрлөгийн үйлдвэрийн дансаар дамжуулан авч залилсан, мөнгө угаасан хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас илрүүлэн шалгасан.

Уг хуурамч гэрээг Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар баталгаажуулан гарын үсэг зурж, Төмөрлөгийн үйлдвэрийн дэд захирал Р.Уламбадрах, “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү нар гэрээг байгуулсан байна.
Мэдээж Т.Ганболд дэд захирлынхаа гарын үсэг зураад явуулсан гэрээг огт мэдэхгүй өнгөрнө гэж байхгүй. Ярилцаж зөвшилцөөд зөвшөөрөл огосон учраас Р.Уламбадрах  гэгч нь гэрээнд гарын үсэг зурсан болов уу.

Ингэхдээ 40.000 /дөчин мянга/ тонн ган бөмбөлгийг 1 тонныг нь 795.000 төгрөгөөр нийт 31.800.000.000 /гучин нэгэн тэрбум найман зуун сая/ төгрөгөөр худалдан авах үнийн дүнтгэйгээр гэрээг байгуулсан байна. Гэвч гэрээнд заагдсан цувимал бүтээгдэхүүний хэмжээ нь Төмөрлөгийн үйлдвэрийн нэг жил ажиллаж байж хийх бүтээгдэхүүн бөгөөд 2009 онд хаягдал төмөр байхгүй байсан учир үйлдвэр ажиллагаагүй юм.

Тэгтэл 2009 оны 07 сарын 10-ны өдөр “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн ам.долларын дансанд Америкийн “HSBC” банкнаас 10 сая ам.доллар гэрээний урьдчилгаа төлбөр” гэсэн утгатайгаар мөнгө шилжиж орж ирсэн бөгөөд тухайн өдрөө уг мөнгийг “Жаст” групп ХХК-ний данс руу буцаан шилжүүлж гаргаж авсан байдаг байна.

Уг хэрэгт Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулахад дараах нөхцөл байдлууд тогтоогдож тэдний хуурамч луйврын ажил нь нотлогджээ. Тиймээс тэрбээр шүүхээс ял сонсох нөхцөл байдал үндсэндээ бүрдээд байгаа юм.

Эх сурвалж: http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=13996


URL:

Сэтгэгдэл бичих