С.Баярцогт, М.Энхсайхан нарын хэн нь Тавантолгой тендерийг шийдэх вэ
Манайд төр, засгаас илүү дуншиж байгаа эдийн засгийн томоохон шийдэл хүлээсэн асуудлууд цөөнгүй байгаа. Түүний нэг нь Тавантолгойн коксжих нүүрсний ордыг менежментийн хувьчлалаар хэн нэгэнд өгөх тендер шалгаруулалт.
Энэ бол эдийн засгийн асуудлаа эн тэргүүнд тавих зорилготойгоор байгуулагдаж буй Ч.Сайханбилэгийн “Шийдлийн” Засгийн газрын хамгийн түрүүнд шийдвэрлэх ажлын нэг нь.
Тавантолгойн асуудлаар наймдугаар сарын 20-нд Н.Алтанхуягийн Засгийн газар 268 дугаар тогтоолыг гаргаж, хувьчлах сонгон шалгаруулалтыг эхлүүлсэн. Энэхүү сонгон шалгаруулалтыг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга асан Ч.Сайханбилэг ахалж байсан.
Тэрхүү тогтоол цуцлагдаагүй, өөр шийдвэр гараагүй байаа учраас шинээр ЗГХЭГ-ын даргаар томилогдсон хүн Тавантолгойн сонгон шалгаруулалтыг удирдаж хийнэ гэсэн үг мэт. Дөрвөн компани саналаа ирүүлчихсэн байгаа. Санал авах хугацаа нь энэ 12 сарын 1-нд дууссан.
Манай сонгон шалгаруулах ажлын хэсэг ялагчийг нь энэ сарын 15-нд зарлах учиртай. Тэгэхээр өнөөдөр ЗГХЭГ-ын даргаар томилогдох С.Баярцогт уг ажлыг хариуцаад зарлах юм болов уу. Засгийн газрын тогтоолын тухай бяцхан тайлбах хийе.
“Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” гэх тогтоолыг гаргах болсон нь БНХАУ-ын дарга Си Зиньпинь Монгол улсад айлчлахдаа Хятадын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн үнийг 40 хувь хөнгөлөхөөр болсонтой холбоотой гэх яриа тэр үеэс дуулдсан.
Тиймээс ч тэд Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигаар тавих шийдвэрийг 2010 онд УИХ-аас батлан гаргасан “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого” хэмээх тогтоолоо зөрчин гаргасан.
Мөн Тавантолгойг ашиглах тухай 2010 оны сонгон шалгаруулалтанд тавигдаж байсан шаардлагыг ч Засгийн газрын 268 дугаар тогтоолд үндсээр нь өөрчилсөн.
Засгийн газрын 268 дугаар тогтоолын 1-ийн “Ж”-д “…Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний хүрээнд ордыг ашиглаж үйл ажиллагаа явуулах хөрөнгө оуулагч компанийн 51 хувиас багагүй хувийг Монгол Улсад нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох, үйл ажиллагааг таваас доошгүй жил эрхэлсэн туршлагатай, хувьцааных нь хяналтын багцаас доошгүй хувь нь Монгол Улсын иргэний өмчлөлд сүүлийн таван жилийн хугацаанд байгаа хувийн хэвшлийн оператор компани болон компаниудын консорциум өмчилдөг байх…” гэж заасан.
Тэгвэл энэхүү заалтад тохирох аж ахуйн нэгж Монголд бий юу. Үүнд олон хүн MCS, “Шунхлай”, “Петровис”-ийн охин компани “Энержи ресурс”-ыг нэрлэдэг. Эндээс л Засгийн газрын 268 дугаар тогтоолын дагуу Тавантолгойн ордын стратегийн хөрөнгө оруулагч нь “Энержи ресурс” компани гэдэг нь ойлгомжтой хэмээх хардлага хүчтэй явж байгаа.
Тогтоолд мөн Тавантолгойд ажиллах компанийн баримтлах шаардлага, үүргүүдийг ч тусгасан. Тавантолгойн ордод менежмент хийх компани нь “Эрдэнэс Тавантолгой”-н мэдэлд байгаа тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авалгүйгээр “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд ашиглах юм.
Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ий Хятадын “Чалко” компанид төлөх өрийн үлдэгдлийг хариуцан төлж барагдуулах учиртай. “Чалко”-д төлөх өрийн үлдэгдэл 110-120 сая ам.доллар байгаа гэдэг. Нэгэнт нарийн царигаар төмөр зам тавих асуудал шийдэгдсэн учир 268 дугаар тогтоол ёсоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад орсноос хойш 30 жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх үүргийг тус ордыг ашиглах компани хүлээнэ.
Энэ бүхэн “Энержи ресурс”-ыг л хэлээд байгаа хэрэг гэсэн хардлага ч бий. Тэр ёсоор ч юмуу сонгон шалгаруулалтанд дөрвөн компани, консорциум оролцохоор болсоны дотор “Энержи ресурс” байгаа. Тиймээс ч тэдний ялалтыг зарлах л үлдсэн болов уу гэх яриа тархаад байгаа.
“Энержи ресурс” өмнө нь улстөр, бизнесийн 14 олигархийн хамтарсан компани байхдаа Тавантолгойг бүтнээр нь эзэмшиж байсан ч одоо ганц Ухаа худгийг л ашиглаж байгаа.
Тэгвэл одоо Тавантолгойн менежментийн хувьчлалын сонгон шалгаруулалтыг хийх үүрэг хүлээсэн ЗГХЭГ-ын дарга болж байгаа С.Баярцогт энэ компаний эцэг компани болох MCS-тэй холбоотой хэмээх ярианд үгүй гэсэн хариултыг өгсөөр ирсэн.
Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын шөнийн хуралдааны үеэр ч огт хамаагүй гэдгээ ярьж байсан. Түүнийг соц үед Москвад сурч байхаасаа л MCS-ийн удирдлагууд болох Ж.Оджаргал, Ж.Од нартай нөхөрлөсөн гэдэг. Тиймээс ч түүнийг тэдний компанид ил биш гэхэд далд хувьтай гэх нь бий. Түүнийг MCS-ийн төр дэх лоббичдын нэг хэмээх хүмүүс ч цөөнгүй.
Мөн тэрбээр “Энержи ресурс”-ын бас нэг эцэг болох “Шунхлай” компаний босс Г.Батхүүтэй олон жил нэг фракцид явж ирсэн найз нөхөд. Энэ бүхэн нэг дор давхцаж С.Баярцогт Тавантолгойн сонгон шалгаруулалтыг дүгнэх гэж байгаа нь сонирхол татах болж байна.
С.Баярцогтын хувьд өмнө нь Сангийн сайд байхдаа Оюутолгойн гэрээг байгуулсан. Тэр гэрээний хэл ам хэзээ ч татрахгүй л болов уу. Тэгвэл одоо тэрбээр дахиад Тавантолгойн гэрээтэй холбогдож мэдэхээр болоод байна.
Эсвэл Засгийн газар асуудлыг шийдэх эрхийг шинээр Монгол улсын сайд болж байгаа М.Энхсайханд өгөх юм болов уу. Юу ч болтугай харж л байя. Түүнийг ч бас “Энержи ресурс”-д багтаж байсан хүмүүсийн нэг хэмээж байсан нь 5-6 жилийн өмнөх явдал билээ. Мөн тэрбээр нарийн цариг бүхий төмөр замын талд зогсож, “Энержи ресурс”-т туслагсдын нэг.
Тэгэхээр асуудал ихээхэн будлиантай хүмүүсийн гараар л шийдэгдэхээр болчихоод байна даа.
URL: