Монголын шилдэг боксчин Х.Энхдэлгэр хуурамч нэр хэрэглэж, насаа нууснаас болоод боксоос бүх насаараа хөөгдөв
Монголын Боксын холбооны Удирдах зөвлөл энэ сарын 2-нд хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцжээ. Уг хурлын шийдвэрээр эрэгтэйчүүдийн шигшээ багаас ОУХМ Х.Энхдэлгэрийн сонирхогчдын боксд тоглох эрхийг нь бүх насаар нь хасчээ. Учир нь Х.Энхдэлгэр өөрийн насаа гурван насаар хасаж дүүгийнхээ нэрээр тэмцээнд оролцож байсан юм байна. Энхдэлгэр гэдэг түүний дүү ба жинхэнэ нэр нь Хархүүгийн Энх Амар юм байна. Мөн түүний багш “Алдар” спорт хорооны дасгалжуулагч А.Гантулгын тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хоёр жилээр хассан байна. Х.Энх Амар нь Монголчуудын хувьд Казань хотноо болсон Оюутаны Универсад наадамд түрүүлж спорт сонирхогчдоо баярлуулж байсан билээ. Гэвч тэрээр насаа нууж тэмцээнд оролцож байсан нь Инчёны Азийн наадамд оролцох гэж явж байхдаа Солонгосын хил гаалийнханд баригдсанаар дуусчээ. Удирдах зөвлөлийн хуралдаанаар түүнийг сонирхогчдын рингэнд хүч сорих боломжгүй болсон учраас мэргэжлийн бокст тоглох санал тавьж, тусалж дэмжихээ илэрхийлсэн байна.
uls.mn
URL: